С.Ганбаатар: “Эзний засаглал” тогтвол илүү аюултай

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: “Эзний засаглал” тогтвол илүү аюултай

“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга олны анхаарлыг татаж байна. Хөдөлмөр эрхлэх нөхцөл, хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын байдал ч урьд өмнөхөөс ихээхэн өөрчлөгдсөн. Тиймээс энэхүү хуулийн шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулга авлаа.

-Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх болсон шалтгаан юу вэ. Одоо мөрдөж буй хууль шаардлага хангахгүй болсон гэж ойлгож болох уу?

– Манай улсын одоогийн мөрдаж байгаа “Хөдөлмөрийн тухай хууль” бол муу хууль биш. Үүнийг олон улсын шинжээч мэргэжилтнүүд ч хэлдэг. Гэтэл энэ хуулийн зөрчил их,  хуулийг үл хүндэтгэх даган биелүүлэхгүй байх, үл ойшоох явдал их байна. Энэ нь хууль зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага, биелэлтэнд тавих хяналтын тогтолцоо сул байгаатай холбоотой. Иймээс шинээр боловсруулсан хуулинд хуулиар ногдуулсан үүргийг биелүүлээгүй тохиолдолд ногдуулах хариуцлагыг нэг бүрчлэн зохицуулах шаардлагатай.

-Хөдөлмөрийн харилцаа урьд өмнөхөөс огт өөр болсон гэлээ. Энэ талаар хуулинд хэрхэн тусгаж байгаа бол?

-Хуулийн шинэчлэлийн хүрээнд хамрах хүрээг өргөжүүлж, хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа олон хүнийг хамгаалах нөхцөл бүрдүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн үр өгөөж ач холбогдлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны маргааныг шуурхай шийдвэрлэх бүтцийг бий болгох, хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтэнд тавих хяналт, хууль зөрчмөн хүмүүст хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах асуудлыг илүүтэй анхаарч байна. Өнөөдөр хөдөлмөрийн тухай хуулинд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогчтой гэрээ байгуулан байнгын ажлын байранд ажиллаж байгаа хүнийг “ажилтан” хэмээн тодорхойлу байгаа. Энэ нь хэт явцуу хүрээтэй заалт юм.  Үүнд нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн ердөө 40 орчим хувийг л хамаарч байна. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй оруудад ажил олгогчоос бий болгосон ажлын байранд тодорхой хөлс тохироод ажиллаж байгаа бүх хүнд хөдөлмөрийн тухай хууль хамаарч байхаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн харилцааны илрэх хэлбэрийг бус хөдөлмөрийн харилцаанд оролцож буй  хүн бүрийг  хамгаалсан хуультай  байдаг. Иймээс манай улс хуулиа өөрчлөх суурь шалтгаан байгаа нь эндээс харагдаж байна.

-Амьдрал дээр гэрээ хэлэлцээрээс илүү аман тохиролцоогоор ажиллах нь элыэг тохиолддог. Гэтэл ажил олгогч ажлаа хийлгэснийхээ дараа цалин, хөлсөө өгөхгүй хүмүүсийг хохироосон тохиолдол цөөнгүй. Үүнийг шинэ хуулиар хэрхэн зохиужжлах вэ?

-Хөдөлмөрийн харилцаа гэдэг албан ёсоор гэрээ хэлэлцээр хийсэн тохиолдолд үүсдэг. Аман тохиролцоо гэдэг бол баталгаагүй зүйл. Тиймээс иргэд өөрсдөө энэ тал дээр хариуцлагатай хандах ёстой. Өнөөдөр дэлхий дээр хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг үндсэн гурван хэлбэр байдаг.  Хуулиар зохицуулах, хамтын гэрээ, хэлэлцээрээр буюу талуудын зөвшилцлийн үндсэн дээр асуудлыг зохицуулах, эцэст нь эзний засаглал тогтоох гэсэн гжрван хэлбэр байна. Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед эхний хэлбэр болох хуулиар зохицуулж  байсан. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш 1991, 1999 оны хуулиуудад хамтын гэрээ, хэлэлцээрийг хуульчилж өгсөн. Хуулийн шинэчлэлд үүнийг улам гүнзгийрүүлж хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Хэрэв хамтын гэрээ, хэлэлцээрийг үгүйсгэвэл эзний засаглал тогтож бүхий л асуудлыг хөдөлмөрийн харилцааны зөвхөн нэг тал нь болох эзний санал, шаардлагаар зохицуулна гэсэн үг. Энэ бол их аюултай. Хөдөлмөрийн харилцаа улам харгис хэрцгий болно гэсэн үг. Гэтэл Монгол Улс төдийгүй дэлхий даяараа “Зохистой хөдөлмөрийн үзэл санаа”-г төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ  нь аль ч шатанд баялгийн эзэн буюу ажил олгогч баялгийг бүтээгч ажилчдын түншлэл зөвшилцөл, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрх баталгаажсан байх асуудал юм.

-Дээр хэлсэнчлэн ажлын хөлсөө авч чадахгүй байгаа болон ажлаасаа шалтгаангүйгээр халагдсан хүмүүсийн эрхийг хамгаалахад илүү анхаарах хэрэгтэй юм биш үү?

-Өнөөдөр манай ҮЭ-ийн гишүүд, ажилчдын амьдралд тохиолдож буй хамгийн хүнд асуудал бол ажлын байраа алдах, ажлаасаа халагдах юм. Мөн ажлаас халагдахаас өөр байдлаар ч хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байна. Энэ тохиолдолд ажил олгогчийнхоо эсрэг гаргаж байгаа гомдлыг түргэн шуурхай үр дүнтэй шийдвэрлэх тогтолцоо ус агаар шиг хэрэгтэй байна. Энэ нь нийгмийн тогтвортой байдал, хөдөлмөрийн шударга ёсны үндэс суурь болдог. Манай улсын хувьд Азид жишээ болохуйц тогтолцоог МҮЭ-ийн санаачилгаар 2008 оноос улс орондоо хэрэгжүүлж байгаа. Энэ бол хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах дэд болон салбар хороод юм. Үүнийг хуульчлан баталгаажуулахын төлөө ҮЭ-үүд ажиллана гэлээ.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж