Туршилтын арилжаа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Туршилтын арилжаа эхэлнэ

Монгол Улс  жилдээ 1,1 тэрбум  орчим ам.долларын түүхий эд бэлтгэдэг байна. Гэтэл хөдөө ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ ханш “дийлдэхгүй” хэвээр байгааг мэргэжилтнүүд арилжааны тогтолцоотой холбон тайлбарладаг. Тиймээс “Хөдөө аж ахуйн гаралтай бараа,түүхий эдийн биржийн тухай” хуулийг өнгөрсөн 2011 онд баталж, түүхий эдийн бирж байгуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн билээ.

Тэгвэл анхны алхам болох туршилтийн арилжааг эхлүүлэх гэж буйгаа  Биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын хэсгийнхэн өнөөдөр мэдэгдлээ. Хөдөө аж ахуйн бирж буюу “ХААН” хэмээх арилжааг ирэх гуравдугаар сараас хэрэгжүүлж эхлэх бөгөөд зүүн бүсийн гурван аймагт туршилтын арилжааг явуулах гэж байна.

“Түүхий эдийн зах зээлийн бүтцийг ингэж зохицуулснаар шат дамжлагыг багасгаж, үнийн зөрүү дор хаяж  2 дахин багасна. Үнийн хөөрөгдлийг зохицуулах механизм бий болж, далд эдийн засгийг хянах, орон нутагт тээвэрлэлтийн  сүлжээ бий болж, малчдын өрхийн орлого тогтмол болно” хэмээн  ажлын хэсгийнхэн онцоллоо. 100 гаруй сумдад холбоо сүлжээний шугам нэвтэрсэн, арилжааны банкуудын салбар, тооцооны төв бий учраас цахим биржийн харилцаа хэрэгжих боломжтой. Малчдын цахим хэрэглээний  мэдлэг чадвар дутмаг хэдий ч биржийн вэбхуудаснаа хандах сонирхол нэмэгдэж буй аж . Ченжүүд ч мөн адил  зохион байгуулалтад орж, брокерийн статусаар албан ёсны худалдаа эрхлэх юм.

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж