“Сочи”-гийн олимп эхлэхэд нэг жил үлдлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

“Сочи”-гийн олимп эхлэхэд нэг жил үлдлээ

Өвлийн олимпийн түүхэн мөч эхлэхэд нэг жилийн хугацаа үлдээд байна. Өөрөөр хэлбэл, “Сочи-2014” өвлийн наадам 2014 оны хоёрдугаар сарын 7-23-нд болох билээ. Тиймээс Оросын Элчин сайдын яам, Монголын үндэсний олимпийн хороо, ССАЖЯ хамтран өнөөдөр “Сочи-2014” арга хэмжээг зохион байгуулав.

Оросын элчин сайдын яаманд болсон энэхүү ёслолд Сочид эх орноо төлөөлөн өрсөлдөх бололцоотой Монголын цана, тэшүүрийн шилдэг тамирчид хүндэт зочноор оролцлоо. Ирэх жил ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн спортын XXII олимпод 80 гаруй орны 5500 орчим тамирчин цас, мөсөн замд уралдана гэсэн төлөвлөгөөг зохион байгуулагчид гаргажээ. Мөн 13 мянган спортын сэтгүүлч энэ удаагийн наадмыг сурвалжлах хүсэлтээ ирүүлсэн байна.

1980 оны зуны спортын XXII наадмыг хүлээн авсан манай хойд хөршид үүнээс хойш 34 жилийн дараа ийнхүү дахин олимп хүлээн авч байгааг ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленко онцлоод “Оросын төрийн тэргүүн Путин болон Засгийн газрын дарга Медведев нар Сочигийн олимпод маш их анхаарал хандуулж байгаа. Бас олимпийг дагаад их хэмжээний бүтээн байгуулалт өрнөсөн” гэдгийг дуулгасан юм. Өвлийн спортын XXII наадмын сүлд дуу хэдийнэ бэлэн болсон бөгөөд монгол сурагчид дуулж сонирхуулсан. Манай улсын хувьд 1964 оны Инсбрукийн өвлийн олимпод анх удаа оролцож байсан түүхтэй. Сонирхуулахад, “Сочи-2014” наадам эхлэх хүртэл Монголын үндэсний олимпийн хороо, Оросын элчин сайдын яам, Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөлтэй хамтран олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж