Төрийн зарим үүргийг гэрээлэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Төрийн зарим үүргийг гэрээлэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодод гэрээлэн шилжүүлэхэд төрийн байгууллагуудад тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, сайн туршлага, цаашид шилжүүлэх чиг үүргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Олон улс оронд төр бүхнийг хийхийг чармайж ирсэн. Ингэх явцдаа төр сайн аав болохыг чармайдаг. Сайн аав болох гэж чармайх хэрээр асар их эрх мэдэл, мөнгө төвлөрдөг. Энэ хэрээр авлига, хээл хахууль гардаг. Төр юунд оролцох вэ, юунд оролцохгүй вэ, сайн засаглал гэж юу вэ гэдгийг хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.

Төр залуурдаж, харин сэлүүрдэх үүргийг түншлэгч ТББ-дад шилжүүлье. Гэрээлэх, хувьчлах арга нь шинэтгэлийн гол арга юм. Илүү ойлголцлыг бий болгож, зөвшилцөл, ойлголцлыг бий болгох хэрэгтэй. Төр өөрөө ямар чиг үүрэг биелүүлэх вэ. Ямар чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх вэ. Гэрээлэх гэж юу вэ. Тэтгэлэг гэж юу вэ. Эрх мэдэл шилжүүлэх гэдгийг юу гэж үзэх вэ. Татвар төлөгчдийн өмнө ямар хариуцлага хүлээх вэ. Эдгээрийг тодорхой болгох хэрэгтэй.

Талуудын хүлээх хариуцлага, гэрээний менежментийн эцсийн хариуцлагыг төр өөрөө хүлээж байдаг. Эдгээрийн эцсийн хариуцлага төрд өөрт нь байдаг. Гэрээ бүр санхүүжилттэй байх ёстой” гэлээ.

Хэлэлцүүлэгт Европын ашгийн бус хуулийн төвийн захирал Катерина Эванс, тус төвийн мэргэжилтэн Е.Хартей нар оролцсон юм. Тэд “Төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодод гэрээлэн шилжүүлнэ гэдэг нь олон талыг хамарсан , маш бэрхшээлтэй ажил юм. Ирэх нэг сарын хугацаанд Монголын нөхцөл байдалд тохирсон ямар боломж байгааг судална. Төр нь ард түмнийхээ аюулгүй байдал, сайн сайхан орчныг хамгаалах үүрэгтэй. Төр зарим чиг үүргээ ТББ-д шилжүүлэхийн тулд аргачлал боловсруулах ёстой. Төрийн хариуцлага хэзээ ч өөр этгээдэд шилжихгүй. Төрдөө л үлдэнэ. Иргэдийн сайн сайхныг хангах үүрэг төрд байх болно. Төр оролцогч талуудтайгаа сууж байгаад юунд оролцох, оролцохгүйгээ шйидэх ёстой” гэж байв.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, ХАХНХЯ-ны газрын дарга Л.Мөнхзул, “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа нар илтгэл хэлэлцүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж