“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар талууд ямар байр суурь барьсан, хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” компани мөн ямар асуудлыг эргэж тавьсан талаарх мэдээллийг дөнгөж сая Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан нар сэтгүүлчдэд өглөө. Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагч талд дараах зургаан асуудлыг тавьжээ.
Үүнд
Үүнд
- Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил
- Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт
- Төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт
- “Антру гоулд”-ын эзэмшилд буй тусгай зөвшөөрөл
- Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
- Менежментийн үйлчилгээний төлбөр зэргийг тодорхой болгохыг хүссэн байна. Харин хөрөнгө оруулагч тал Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд урьдчилгаа болгон Монгол Улсын Засгийн газарт өгсөн 250 сая ам.доллараа буцаан авах шаардлагатай байгаа тухайгаа хэлжээ. Сангийн сайд Ч.Улаан энэ асуудалд “Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг УИХ баталчихсан нөхцөлд, төсөвт суулган өгөх бололцоогүй. Тиймээс энэ асуудлыг 2014 оны улсын нэгдсэн төсөвт суулгах замаар шат дараатай өгөх бололцоог нээх ёстой. Засгийн газрын хувьд УИХ-аас зөвшөөрөл авч 250 сая ам.долларыг хүүтэй нь хамт буцаан төлөх шаардлагатай байгаа” гэсэн байр суурь илэрхийлжээ.
“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал өчигдөр эхлүүлсэн хурал одоо бол түр завсарласан. Хоёр талын зөвшилцлөөр тус хурал цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын сүүлээр дахин зарлаж өчигдөр эхлүүлсэн асуудлаа үргэлжлүүлж хэлэлцэхээр болжээ. Гэхдээ талууд тавьсан асуудлаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, нарийвчлан тодруулах шийдэлд хүрсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Г.ДАРЬ