Элчин сайдын байрыг зарах тухай хөндсөн үү?

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Элчин сайдын байрыг зарах тухай хөндсөн үү?

Л.Хангай: Элчин сайдын яамны II байрыг зарах асуудлыг одоо хөндөж байгаа юм биш үү

Москва дахь манай улсын Элчин сайдын яамны II байр зарагдсан тухай яригдаж эхэлсэн. Энэ асуудалд 2005-2009 онд Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайг холбоотой талаар эх сурвалж хэлсэн юм. Олныг анхаарлыг татаж байгаа энэ байрны суурийг 1964 онд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тавьжээ. Ингэснээр 1965 оны есдүгээр сарын 1-ний өдөр барьж дуусган хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үедээ 974200 рублийн өртгөөр баригдсан байна. Ашиглалтад өгснөөс хойш их засвар нэг ч удаа хийгдэж байгаагүй бөгөөд С.Баяр Элчин сайд болсноосоо хойш Монгол Улсын Засгийн газарт түүнийг засуулах талаар удаа дараа санал тавьсан байдаг. Энэ асуудлыг дараагийн Элчин сайд ч мөн тавьж байжээ. Засгийн газар энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцээд,  түрээсийн мөнгөөр засвар хийхээр шийдвэр гаргасан байна. Ингээд 2007 онд ОХУ-ын “Центр-Регион-Эстейт” компанийг шалгаруулж, есөн жил хагасын хугацаатай  гэрээ байгуулжээ. Энэ гэрээ 2017 онд дуусгавар болох юм. Уг гэрээг байгуулагдах үед Москвад Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайтай ярилцлаа.

-Таныг  Элчин сайдаар ажиллаж байх үед Москва дахь манай улсын Элчин сайдын яамны II байрыг зарсан тухай яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Гадаадад байгаа манай улсын дипломат төлөөлөгчийн газрын байрыг хэн нэгэн, тэр тусмаа тухайн оронд суугаа Элчин сайд нь толгой мэдэж шийдээд зарах ямар ч боломжгүй. Үүнийг би хуульч мэргэжилтэй хүний хувьд хариуцлагатайгаар хэлнэ. Би Шүүх яам, Улсын Бага, Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд төрийн байгууллагуудад хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажил хийж, Үндсэн хуулийн төсөл боловсруулахад оролцож байсны хувьд үүнийг эрхбиш ойлгохтойгоо байна. Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газрын байр нь Монгол Улсын төрийн өмч байдаг. Хэрэв түүнийг зарах бол заавал Засгийн газрын шийдвэр гарах ёстой. Засгийн газар саяхан тийм шийдвэр гаргаад зарсан байж болох юм. Гэхдээ үгүй байлгүй дээ.

Москва дахь Элчин сайдын яамны II байрны газрын болоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2003 онд тухайн үед Элчин сайдаар ажиллаж байсан С.Баяр хөөцөлдөж байж авсан юм билээ. Энэ байрын тухай ярихад орон сууц-офисын зориулалттай найман давхар барилга, соёл-үйлчилгээний зориулалт бүхий хоёр давхар барилгаас бүрдсэн цогцолбор юм. Ашиглалтад орсноос хойш их засвар огт хийгээгүй олон жил болж гадна тал, дээвэр болон дулаан, сантехник, цахилгаан, инженерийн бусад шугам сүлжээ зэрэг нь маш их  муудсан байсан. Энэ талаар Москвагийн захиргаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд манай талд удаа дараа сануулж, акт хүртэл тавьж байсан. Энэ ч үүднээс Элчин сайдын яам төвд засварын асуудлыг байнга тавьж ирсэн юм. Ингээд би 2005 онд Элчин сайдаар томилогдон ирээд мөн л засварын асуудалтай тулгарч Гадаад хэргийн яаманд удаа дараа асуудал тавьсан ч хөрөнгийн эх үүсвэр байхгүй гэдэг хариу өгч байсан.

Засгийн газар уг байрны засварын асуудлыг 2003 онд хоёр удаа, 2007 онд мөн дахин хэлэлцээд түрээслэгчийн хөрөнгөөр засварлаж, түүний тодорхой хэсгийг түрээслүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Ингээд өмчлөгчийг төлөөлж Төрийн өмчийн хороо, эзэмшигчийг төлөөлж Гадаад хэргийн яамны Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газар тус байрыг засварлан түрээслэх хүсэлт ирүүлсэн компаниудтай уулзаж хамгийн ашигтай санал өгсөн “Центр-Регион-Эстейт” гэдэг компанийг шалгаруулан Улаанбаатар хотноо дуудан ирүүлж, гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Тус компани нь II байрны гадна талыг дулаалгатай шилэн фасадтай болгон өөрчилж, дулаан, сантехник, цахилгаан, инженерийн бусад шугам сүлжээ, узель зэргийг бүрэн шинэчилж, цахилгаан шатыг нь сольсноос гадна өндөр хурдны интернет шугам, агааржуулагч зэргийг шинээр тавьж орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан байшин болгосон.

Засварын ажлын явцтай Шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Н.Энхболд болон Гадаад хэргийн яамны сайд, төрийн нарийн бичгийн дарга нар газар дээр нь очиж танилцаж байсны дээр УИХ-ын З.Энхболд даргатай Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Б.Батбаяр даргатай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хүртэл хэлэлцсэн. Одоо тус байрны нэгдүгээр давхарт МИАТ-ын төлөөлөгчийн газар, хоёрдугаар давхарт Элчин сайдын яамны консулын хэлтэс байрлаж, бусад давхрыг нь дээрх компани түрээсэлдэг. Түрээсийн төлбөрийг Элчин сайдын яаманд тушаадаг гэсэн. Саяхан засвар хийж дууссан соёл-үйлчилгээний зориулалттай хэсгийг түрээслүүлбэл авч байгаа түрээс нь хоёр дахин нэмэгдэх байх. Түрээсэлж байгаа компани түрээсийн төлбөрөө сар бүр ямар ч хэл амгүй төлдөг, гэрээ ёсоор түрээсийн хэмжээ нь энэ оноос нэмэгдэнэ гэж Элчин сайдын яамныхан ярьж байсан.

-Түрээсээр авч байгаа мөнгийг юунд зарцуулдаг юм бол?

-Түрээсийн мөнгө улсын орлого болж тушаагдаад эр­гээд Элчин сайдын яам­ны үйл ажил­лагааг санхүү­жүү­лэхэд зар­цуу­лагддаг. Ер нь ийм орлого­той дипломат төлөө­лөг­чийн газар Москвагаас өөр хаана ч байхгүй. Энэ утгаараа бол Монголын талд маш ашигтай гэрээ болсон гэж боддог. Гурав дөрвөн жилийн дараа гэрээ дуусахаар засварын ажилд санаа зовох шаардлагагүй болсон уг байрыг манай тал мэдэлдээ бүрэн авч, хэрхэхээ тухайн үед нь шийдэх байлгүй дээ. Ер нь  гадаад оронд Элчид сайдаар ажиллаж байсны хувьд гадаадад байгаа дипломат төлөөлөгчдийнхөө газрын байруудад тухай бүрт нь засвар хийж байхгүй бол хожмоо маш их зардал, чирэгдэл гарах юм билээ. Мөн Москва мэтийн хуучны болоод томоохон хотуудад барилгын гадна талыг өөрчлөх, цонх солих болбол заавал хотын захиргаатай зөвшилцөх, дулаан, цахилгааны шугам сүлжээг засварлахад холбогдох байгууллагуудтай тохиролцох, барилгын материал зөөж авчрах, хог хаягдал зөөж гаргахад зөвхөн шөнийн цагаар зөвшөөрөгдсөн замаар явах гэх мэт үй олон бэрхшээлтэй тулгардаг тул Монголоос засварчид явуулж засвар хийлгэе гэхэд туйлын бэрх.

-Уг нь тухайн байрны засварыг хийхэд улс мөнгийг нь гаргах ёстой байдаг. Түүнчлэн Элчин сайдын яам ямар нэгэн байдлаар мөнгө олох үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байдаг биз дээ?

-Засвар хийхэд гурван сая орчим ам.доллар хэрэгтэй байгаа талаар нэг бус удаа Гадаад хэргийн яам болон Сангийн яаманд асуудал тавьж байсан ч боломжгүй гэсэн. Ингээд Засгийн газар шийдвэрээ гаргаж түрээсийн мөнгөөр засвараа хийхийг зөвшөөрсөн дөө. Ер нь гадаад дахь дипломат төлөөлөгчдийн газрын байрыг түрээслүүлнэ гэдэг олон улсын конвенцийг зөрчиж байгаа явдал. Эдгээр конвенцид дипломат төлөөлөгчийн газар аж ахуй үйл ажиллагаа явуулж болохгүй гээд заачихсан байдаг юм. Тийм ч учраас бүх татвараас чөлөөлдөг. Гэхдээ манай улс засварын мөнгийг гаргаж чадахгүйгээгээс болж түрээсээр засварын зардлыг тооцож бас жаахан ашиг гаргах гэсэн хэрэг энэ. Цаашдаа энэ асуудалд олон талаас нь бодож хандах хэрэгтэй. Тухайлбал, дипломат төлөөлөгчийн газрын байрыг түрээслүүлж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх эсэхийг ч бодох хэрэгтэй. Учир нь суугаа орны холбогдох байгууллагууд манай талд татварын асуудал тавихаас гадна уг объектын дипломат статусын асуудлыг ч хөндөж болох талтай.

-Энэ байрыг түрээслүүлс­нээс болж Элчин сайдын яамны ажилтнууд байргүй болсноос хотын гаднаас ажилдаа ирдэг гэсэн. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-1980-аад оны сүүлээр манай улс Москвагийн Беляево гэдэг дүүрэгт Элчин сайдын яамны ажилтнуудын орон сууцны цог­цолбор барьж эхэлсэн боловч харамсалтай нь сан­хүү­гийн хүндрэлээс болж 1990-ээд оноос барилгын ажил бү­рэн зогссон. Тиймээс Оросын нэг компанид байшингийнхаа талыг өгч барилгын ажлыг дуус­гуулахаар тохирсон юм билээ. Тэр үед үүнээс өөр арга байгаагүй ч байх. Ингэж дуусгаж авахгүй бол тоногдоод улмаар нураалгаж газраа хураалгах, эсхүл оросын “буруу гарынхан”-д булаалгах аюултай байсан. Би оросуудтай бас нилээд “тэмцэлдэн” байж уг барилгын манайд оногдох хэсгийг дуусгаад Элчин сайдын яамны II байранд байсан айлууд болон УБТЗ, “Эрдэнэт”, “Монросцветмет” зэрэг байгууллагын төлөөлөгчдийн газруудын байр хөлслөн суудаг айлуудыг нүүлгэж оруулсан.

Цэвэр агаартай, дуу чимээ багатай, айл бүр 3-4 өрөөтэй гээд сайн тал ихтэй. Харин Элчин сайдын яамны төв байр руу машинаар явахад нэг цаг орчим хугацаа зарцуулна. Гэхдээ метрогоор явах юм бол үүнээс ч хурдан очдог. Бас манай Элчин сайдын яам дөрвөн га газар бүхий зуслангийн газартай. Өөр гадаадын ямар ч улсад байгаа манай улсын Элчин сайдын яам зуслангийн газар байхгүй. Гэхдээ цагийн эрхээр хашаа, байшин нь муудаж намайг очиход бас л “шинэ оросуудын”  сонирхлыг татсан объект болсон байсан. Тэгээд Элчин сайдын яамны ажилтнуудтай хамтран зуслангийнхаа хуучирсан хоёр байшинг нурааж шинээр барьж, үлдсэн гурвыг нь  засварлаж, эвдрэн цоорч нөхөөс болсон модон хашааг хоёр метр өндөр төмөр хашаагаар сольж, төмөр хаалга, хаяг, тэмдэгтэй болгож байсан. Энэ газар  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй манай улсын өмч. Гэрчилгээ нь Элчин сайдын яаман дээр байгаа гэдэгт найдаж байна.  Одоо ингээд Москвад ажилласан он жилүүдээ эргээд харахад Элчин сайдын яамныхаа өмч хөрөнгийг хамгаалах, сайж­руулах, ажилтнуудынхаа ажил­лах, амрах ая тухтай нөхцөлийг хангах талаар их л ажил хийж дээ гэж бодогдож байна. Гэтэл зарим нэг “эх сурвалж”- ууд сонин хэвлэлээр итгэхийн аргагүй зүйл бичих юм. Тэд эдгээр байр, объектыг цаанаа өөр хүнд түрээслэх, магадгүй худалдах талаар хэлэлцээ, тохиролцоо  хийчихсэн байхыг үгүйсгэхгүй. Харж л байя.

 Т.ТОГОС
Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж