Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн XYII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзлыг хангасан уяачдад Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол хүртээсэн юм.
Монгол Улсын тод манлай уяач цолоор:
- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, улсын манлай уяач, даян аварга А.Сүхбатын ах, Агваансамдангийн Батсүх
- Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, улсын манлай уяач, "Алтай констракшн" компанийн захирал Хадбаасангийн Бат-Эрдэнэ
Улсын манлай уяач цолоор:
- Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, нийслэлийн алдарт уяач Цэрэндэжидийн Цэнд-Аюуш
- Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, улсын алдарт уяач Бат-Өлзийн Отгоннасан
Улсын алдарт уяач цолоор:
- Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Пүрэвийн Мэндбаяр
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаяр
- Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул,аймгийн алдарт уяач Туваанжавын Гантөмөр нар шагнагдлаа.
Уяачдад улсын цол гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товч үг хэллээ. Тэрээр “Эрдэнэт хүлгээ уяж, олон түмнээ баясган уралдуулж сар шинийн өмнө хийморьтой сайхан цол хүртэж байгаад та бүхэнд баяр хүргэе. Монгол хүний хувьд морио уяж уралдуулах нь монголчуудын гайхамшигтай ёс уламжлал юм. Мөн жилийн дөрвөн улирлын нөр их хөдөлмөр шаардсан, асар их ухаан шаардсан ийм гайхамшигтай ажил юм. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг. Уяач хүн бол нэмэх нь дахиад зөндөө олон нарийн мэргэжил эзэмшдэг байх. Намайг хөдөө орон нутагт явж байхад олон хүн хурдан удмын морь өгч, уяж баярлуулдаг. Тэр олон морь маань хурдалж байгаа байх гэж бодож байгаа. Морь уяна гэсэн бодол ч байгаа. Монголчууд бүгдээрээ морио уядаг, уяачдынхаа алдар, хөдөлмөрийг үнэлж хүндэтгэдэг, дэмждэг байх ёстой. Та бүхэнтэй цуг морь уяж нэг галд уралдуулдаг, нэг хамт олон болж яваа хүмүүст, гэр бүлийнхэн, ойр дотнынхон, унаач хүүхдүүдэд, бусад уяачдад цагаан сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Баярлалаа” гэв.