Би &#34хар амиа&#34 бодно

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Би &#34хар амиа&#34 бодно

Философийн ухааны доктор Б.Батчулуун

(Либертари, эгоист, индивидуаль үзлийг хамгаалах нь)

Эхлээд хэлэхэд

Өөрийгөө бодох үзэл, энэ зарчмыг (ө.х. эгоизмыг) либертари үзлийн хамгийн сул цэг, эмзэг газар гэж олон хүн үздэг. Либертари үзэлтнүүд чухамхүү энэ асуудлаар эсрэг үзэлтнүүдийнхээ зүгээс хамгийн их дайралтад өртдөг. Үнэндээ ч зарим либертариуд энэ сэдвээр өөрсдийн үзлийг хамгаалж чаддаггүй л дээ. Америкийн нэлээд нэртэй либертари авторууд хүртэл Айн Рэндийн эгоизмыг жинхэнэ утгаар нь эзэмшиж, ойлгоогүй явж ирсэнтэй тааралдаж л байлаа.

Амиа бодохуйн тухай асуудал нь тухайн хүн үнэхээр либертари хүн мөн үү, биш үү гэдгийг шалгадаг маш эгзэгтэй сэдэв юм.   

Амиа бодохуй (эгоизм) гэж юу юм бэ? Нэг муу новшийн зан чанартай этгээд өөрийн төлөө бусдыг ашиглах, монжих, тэднийг өөрийнхөө өөдлөн дэвжиж, дээшлэх шат, гишгүүрээ болгох явдал. Амиа бодогч нь өөрийн төлөө ямагт бусдыг золиосолно. Өөрөө л болж байвал боллоо, ямар ч бүтээлч оршихуй хэрэггүй. Амиа бодох нь үнэхээр ийм үзэгдэл юм бол заваан, жигшим зүйл мөн. Тийм ч учраас эгоизмыг хар амиа бодох, амин хувиа хичээх гээд аль муухай үгээр орчуулж, түүнийх нь дагуу ойлгоод дасчихжээ.

Тэгвэл либертари үзэлтнүүд эгоизм гэсэн нэр томьёогоор үүнээс тэс өөр үзэл санаа, аж төрөх ёсыг илэрхийлдэг. Эгоизм гэдэг үг латин гарвал Эго буюу “Би” гэсэн үг. Би-гээ бодох, өөрийгөө бодох гэж ойлгож болно. Энэ ойлголтыг либертари үзэл, тэр тусмаа Айн Рэнд хэрхэн ойлгож тайлбарлаж байсныг тайлбарлах гэж оролдъё.

Жинхэнэ эгоист хүн хэзээ ч бусдыг өөрийн өөдлөх замын шат гишгүүр болгодоггүй. Ийм зүйлийг “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” хэмээн хашхирагсад л хийдэг.

Би өөрийгөө боддог, өөрөөр хэлбэл, олны дунд тархсан хэллэгээр “хар амиа” боддог хүн. Ингэж хэлэхээр хүмүүс намайг 90-ээд оны хувьчлалаар баахан объект хувьдаа авчихсан, эсвэл заль мэх, худал хуурмагаар эд хөрөнгө цуглуулсан, улс төрчдийн хөлд сууж байгаад баахан хөрөнгөтэй болж авсан нэгэн гэж бодох байх. Тийм биш. Намайг мэдэх хүмүүс мэднэ дээ, өнөөгийн “шинэ монголчуудын” нүдээр харах юм бол үнэхээр ядуу нэгэн гэдгийг. Би улс төр, бизнэсээс хол хүн. Миний амьдралын зарчим, идеал, хүсэл бодол, сэтгэлгээ  улс төрчдийнхөөс шал өөр. Гэхдээ би эгоист, гэхдээ либертари  эгоист хүн.

Хөрөнгө чинээ, танил тал, албан тушаалтай нь л өөрийгөө бодож болдог,  бусад нь түүний төлөө гүйж байх ёстой юм биш. Бүх хүнд өөрийгөө бодох эрх бий.

Амиа бодоход учир бий

Амиа бодохуй нь улс-үндэстнүүдийн хувьд өөр өөр байх аж. Япон болон Өрнөдийн орны иргэдийн их “амиа бодсон” байдгийг бид мэднэ. Танихгүй хүмүүс байтугай аав ээж, үр хүүхдүүд хоорондоо нэгнээсээ мөнгө төгрөг, зээл авахгүй, бүгд л өөрөө өөрсдийгөө бодсон, тусдаа санхүү, эд хөрөнгөтэй, нэгнийхээ хэрэгт оролцоод байдаггүй. Бүгд л өөрсдийгөө бодож амьдардаг.

Жил гаруйн өмнө Японд аймшигтай цунами болж, хүмүүнлэгийн их сүйрэл тулгарсан. Тэнд очсон Америкийн нэгэн сурвалжлагчийн хийсэн нэвтрүүлэг телевизээр гарч байна аа. Цунамийн төвтэй ойролцоо байсан нэгэн хотод ундны цэвэр ус ихээр дутагдаж, өөр газраас савтай цэвэр ус зөөж байх юм. Цэвэр ус авах гэсэн иргэд уртаас урт цуваа болон дугаарлажээ. Ус тарааж буй хүмүүс авчирсан ус нь хангалттай биш болохыг тэр хүмүүст урьдчилан хэлэв. Тэгмэгц ундны усаар гачигдсан тэр олон хүн дээр доороо ороод эхлэх байх даа гэтэл тийм юм огт болсонгүй. “Надад ундны ус хамгаас их шаардлагатай байна, тийм өвчтэй эцэг эх, үр хүүхэд байна” гээд элдэв худал үнэн шалтаг тоочоод урдуур хойгуур нь дайрах байх гэтэл бас л тэгсэнгүй. Танил талаа урдуураа оруулах гэсэн ойлголт бүр ч байхгүй. Тэдний баттай мэдэж буй нэг зүйл бол хүн бүр өөрийгөө бодох эрхтэй, иймд хамгийн түрүүнд ирсэн хүн л хамгийн түрүүнд ус авах эрхтэй, би сүүлд ирсэн учраас надад ус хүрэлцэхгүй бол яах ч аргагүй гэж боддог. Амиа бодлоо гээд шударга бус зүйл хэзээ ч гаргадаггүй байна. Үүнийг л рациональ эгоизм гээд байгаа юм шүү дээ.

Манайд бол эхлээд, урдуур дайраад үзнэ, дараа нь очерт урдуур зогсож буй танилаа хараад “би энд байсан юм” гэж нэг худал хэлээд үзнэ, дараа нь ус түгээж буй хүний эцэг эх, танил талыг “судална”, бүр болохгүй бол шулуухан дайрна. Бидний монголчууд амиа бодох муухай гэж маш их ярьдаг атлаа хамгийн муухайгаар амиа боддог. Автобусанд түрүүлж орохын тулд хэнийг ч дайрч унагахаас сийхгүй, машинтай явж байгаад дүрэм зөрчин, бөөн түгжрэл үүсгэчхээдяваад өгнө. Зогсоол дээр дүрмээр тавьсан машины өмнө машинаа тавьж хүний цаг завыг үрнэ. Хэдэн хүнтэй нийлж, нам хөдөлгөөн байгуулаад, ард түмний төлөө амь насаа үл хайхран тэмцэнэ гэчхээд ямар нэг албан тушаал олдонгуут нам жим болоод алга болно. Энэ мэт жишээ даан ч олон, бичиж барагдахгүй. Монголчуудыг муухай харагдуулдаг хамгийн өөдгүй зан чанар бол яг энэ шүү дээ.

Хараад байхад хамгийн арчаагүй байдлаар хувиа боддог хүмүүс л бусдыг бодох хэрэгтэй, либертари эгоизм бол хамгийн муухай зүйл гэж ярих юм. Бусдын төлөө амьдрах тухай номлож, альтруизмын хичээл заадаг тэр хүмүүст “Чи тэгвэл ах дүү … түүндээ туслах цаг болжээ, тэр чинь их ядарч явна лээ”, “чиний багын найз, ангийн нөхөр … тэр чинь тэнд өвчтэй байна, эм тарианых нь мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү байна лээ”, чамайг туслах хүсэлтэй байна гэдгийг түүнд дуулгачих уу, хэдэн төгрөг өгвөл би аваачаад өгье гэнгүүт л нөгөөх альтруистын маань хулхи бууж, ээрч гацан, элдэв шалтаг хэлээд “унжганаад” унадаг. Нэгийг бодож, түүнээсээ өөрөөр ярьж, бүр эсрэгээр нь үйлддэг хүмүүс бол альтруистууд. Тэгвэл либертари эгоистуудын бодол, хэлсэн үг, үйл үйлдэл маш тодорхой. Тусалж чадах бол чадна, чадахгүй бол чадахгүй.

Тэгэхээр өөрийгөө бодсондоо бусдыг яахаас ч буцдаггүй, бусдыг ямагт гутлын алчуур болгодог, өөрөөсөө бусдыг хүн гэж боддоггүй, хамгийн арчаагүй, муухайгаар өөрийгөө боддог хүмүүс л “би амиа боддог” гэж хэлэхээс айдаг бололтой.

Улиг болсон нэгэн лоозунгийн тухайд

Бүгд мэднэ дээ, хар багаасаа сонсож, цээжилж ирсэн нэг лоозун: “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө”. Энд хоёр утга байна. Ямар ч байсан энэ лоозунгийн худал, тэнэг тал нь хүн бүрийн сэтгэлийн мухарт байдаг “өөрөө өөрийнхөө төлөө” гэсэн утгыг орхисонд байгаа юм.

Нэгдүгээр утга: “Нэг нь нийтийн төлөө”. Энэ уриаг хамгийн чанга хашхирах дуртай хүмүүс бол улс төрчид. Гэтэл тэд ямагт эсрэгээрээ үргэлж өөрсдийн төлөө явдаг. Улс төрчдийн хамаг муу, муухай чанар үүнд оршиж байгаа юм. Бусдын төлөө явна гэчхээд ямагт бусдад муу зүйл хийж явдаг. Өөрийн аж амьдралаа дээшлүүлэхийн тулд та нарын төлөө тэмцэнэ гэж ухамсартайгаар худал хэлдэгт тэдний олиггүй зан чанар оршино. Харин либертари үзэлтнүүд бол шулуухан “би өөрийнхөө төлөө явна шүү, та ч гэсэн өөрийнхөө төлөө яваарай, гэхдээ хэн хэндээ хор хөнөөл учруулахгүй, заль мэх, хууран мэхлэлт байхгүй шүү” гэж хэлдэг.

Хүмүүс ээ, сонс доо! Та нарт Ф.Бастиа гэж 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан нэгэн франц хүний үгийг сонордуулъя: “Нэг нь нийтийн төлөө” гэчхээд араас нь хурдхан шиг “Нийт нь нэгийн төлөө” гэхгүй бол хэн ч энэ уриа лоозунг сонсохыг хүсэхгүй. Үнэхээр таны болоод миний бодол мөн байгаа биз! (Энэ хүн чинь худлаа хэлж байна, би л лав одоо ч гэсэн бусдын төлөө үхэхэд бэлэн байна гэж бүү мэлзээрэй!)

“Нэг нь нийтийн төлөө” гэдэг энэ зарчим тийм олигтой утга агуулдаггүйг харуулахын тулд асуудлыг арай өөр талаас харж болно. Жишээ нь, би өөрөөсөө арай арчаа муутай хэдэн хүний төлөө нэлээд цаг, хүч зарлаа гэж бодъё. Нэг л өдөр надад “Би эднээс илүү юм байна, тийм учраас энэ хэд миний үгээр явах ёстой” гэсэн бодол төрж таарна. Ингэж бодох эрхийг тэд өөрсдөө өгсөн юм чинь. Тэгээд нөгөөдүүлдээ зааж зааварлан, тушаал өгч, загнаж эхэлнэ. Би ч ингэх эрхтэйгээ сайн мэднэ. Учир нь тэд надаар юмаа хийлгэдэг.

Үнэндээ, миний хувьд бусдын төлөө өөрийгөө огоорогчийг хараад яасан ухаантай, яасан сайхан, өгөөмөр юм гэж бодогддоггүй. Харин ч эсрэг ойлголт төрж, нэг л хачин мэдрэмж бий болдог.

Хоёрдугаар утга: “Нийт нь нэгийн төлөө”. Энэ лоозун хүмүүст яагаад сайхан сонсогддог вэ? Хариулт нь маш энгийн бөгөөд ойлгомжтой. Энэ лоозунг сонссон хэн ч гэсэн “бүх хүн миний төлөө” гэж байна хэмээн боддог. Өөрөөр хэлбэл, “нийт” гэдэгт бусад хүн, “нэг” гэдэг нь би хэмээн ойлгоно. Тэгэхэээр нийт хүмүүс миний төлөө явах юм байна, үүнийгээ зарлан тунхаглаж байна гэж бодоход сайхан байлгүй яах вэ. 

Эцсийн эцэст энэ хоёр утгын аль нь ч эгоизм биш гэж үү! Ийм моралийг эсэргүүцэх юм бол сүүлдээ яах юм, би хэнээс ч тус авч чадахгүй шүү дээ. Энэ лоозунгийн төлөө гараа өргөхөөс өөр аргагүй.

“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн уриа хүмүүсийг өөртөө биш бусдад найддаг, тэгснээрээ амьдралд арчаагүй хүн болгож, улмаар улс-орны хөгжилд муугаар нөлөөлдөг! Хэрэв энэ хүмүүс үнэхээр улс-орон, ард түмнээ хөгжүүлэхийг хүсээд байгаа юм бол юуны түрүүнд өөрийгөө болгох хэрэгтэй. Тэгж чадвал бусдад, эх орон, ард түмэндээ үнэхээр том тус болно.

Эгоизм гэдэг бол өөрийгөө боддог ямар ч эрүүл хүний бодол 

Айн Рэндийн зохиолуудаас хэдхэн үгийг ишлэе. Ойлгох нь ойлгог! Үл тоомсорлох нь үл тоог! Үзэн ядах нь үзэн ядаг!

Бичсэн хэлбэрийн хувьд өөр боловч агуулга, зорилгоороо яг адил А.Рэндийн гурван бүтээл байдаг юм: нэг нь роман (Эх сурвалж), нөгөө нь дис-утопи тууж (Магтуу), гурав дахь нь жүжгийн зохиол (Сайтар эргэцүүл!). Эдгээрээс оновчтой гэж санагдсан зарим ишлэлийг түүвэрлэв:

Эх сурвалж романаас:

“Бусадтай санал нэг байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй. Урсгал дагаж сэлэхийг буянт үйл гэж байна. Гэтэл бүтээгч хүн урсгал сөрж сэлдэг. Хамтдаа байхыг буянт үйл гэж байна. Гэтэл бүтээгч хүн ганцаар байдаг. …Нийтийн сайн сайхан, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ардыг дарлаж ирсэн бүх харгислалыг зөвтгөсөн нэр томьёо. Түүхэнд тохиолдсон хамгийн аймаар зүйл болгоныг нигүүлсэнгүй буян гэдэг нэрийн доор хийж байсан. Өөрийгөө огоорон бусдын төлөө гэдэг нэрийн доор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэх тухай асуудаггүй байсан. …Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн илэрхийлэл бол ‘Бусдын хэрэгт бүү оролц!’”

·Энэ романы нэгэн баатар өөрийгөө огоорогчийг хараад “хүний мөн чанарт харш л юм даа” хэмээн бодлогошронгуй хэлдэг. Өөрийгөө огоорогч нь хувь хүний үүдэлтэй юм бүхнийг нухчин дарахын тулд хамт олонч үзлийг баримтална. Романд гарах нэгэн альтруист болох Түүхэйг харсан хэнд ч гэсэн “өөрийгөө хайрладаггүй энэ хүн намайг хайрлана гэж үү дээ” гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрмөөр. Түүхэнд их хядлага үйлдсэн аливаа хувьсгалчид ийм фанатикууд байсан билээ.

·Романд гарах хамгийн эрэлхэг нэгэн эр “Өөрийнхөө хувь заяатай холбоотой асуудлыг хэзээ ч хүнээр бүү шийдүүлж бай!” гэдэг. Энэ бол хариуцлагаа бүрэн үүрч чаддаг хүний үг юм.

Магтуу- дис-утоти туужаас:

Номын ерөнхий агуулга: Би-гээ бодож болдоггүй нийгэмд зөвхөн “Ахан дүүсийн сүлд дуу”, “Хамтач ёсны сүлд дуу”, “Тэгш эрхийн сүлд дуу”-г дуулцгаана. Энэ нийгэмд “Би” гэсэн үгийг огт хэрэглэж болохгүй, ямагт “бид” гэж ярих ёстой  “Би” гэсэн үгийг хэрэглэж, энэ тухай ярьсан хүн хамгийн хүнд гэмт хэрэг хийсэнд тооцогдож маш хатуу шийтгэл авдаг. Харин “ахан дүүс”, “бид” гэх мэт бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг сайн үгс.

Зохиолын эцэст туужийн баатар маань дараах дүгнэлтэд хүрдэг:

·“… Би бол бусад хүний зорилгодоо хүрэхийн тулд ашигладаг хэрэгсэл биш. Би хэн нэгний багаж биш, тэдний хэрэгцээг хангаж байдаг зарц биш, тэдний шархаа боодог боолт нь биш. Би тэдний шүтээндээ өргөдөг тахилын ямаа биш. …”

“…Би бол хүн. Өөрийнхөө хүн гэсэн гайхамшгийг зөвхөн би өөрөө л харж, хамгаална, зөвхөн би ашиглана, зөвхөн би өмнө нь өвдөг сөгдөнө! Би өөрийн үнэт зүйлсээ бусдад өгөхгүй, хуваалцахгүй. Сэтгэл оюуны минь сайн сайхныг зоосон мөнгө болгож, ядмаг нэгэн сэтгэл-оюунд зориулсан өглөг болгож хийсгэхийг зөвшөөрөхгүй. Би өөрийн үнэт зүйлс болсон бодол санаа, хүсэл эрмэлзэл, эрх чөлөөгөө хамгаалж, асран тордоно. Эдгээрээс хамгийн аугаа нь миний эрх чөлөө.”

“… Би зэрэгцэн амьдарч буй хүмүүстээ ямар ч өргүй, мөн тэд ч надад өргүй. Би хэнийг ч миний төлөө амьдраач гэж гуйхгүй, мөн би өөрөө хэний ч төлөө амьдрахгүй. Хэний ч сэтгэл зүрхийг эзлэх гэж шунахгүй мөн бусдад ч эзлэгдэхгүй. Би тэдний дайсан ч биш анд нөхөр ч биш. Тэд ч гэсэн надтай адил байх эрхтэй. Миний хайр энэрлийг хүртэхийн тулд тэр хүмүүс энэ дэлхий дээр байгалийн жамаараа зүгээр нэг мэндэлсэн байх ёсгүй. Би хайр энэрлээ шалтгаангүйгээр хэнд ч өгөхгүй. Үүнийг зүгээр нэхсэн нэгэнд нь өгчихдөг юм биш. Би хайр энэрлээрээ хүмүүст хүндэтгэл үзүүлдэг. Тэгэхээр хүмүүс нэгнийхээ хүндэтгэлийг хүлээхийн тулд зохих ёсны юм хийсэн байх ёстой. …”

“… Би боол ч биш эзэн ч биш, найз нөхдөө хүмүүс дотроос сонгох болно. Би таалагдсанаа сонгож, тэднийг хайрлан хүндэтгэнэ, гэхдээ тэдэнд тушаахгүй, тэднээс тушаал заавар ч авахгүй. Хүссэн үедээ хамт байж, хүссэн үедээ тусдаа байцгаана. Сэтгэл зүрхнийхээ гүнд хүн бүр ганцаар байдаг юм. Хүн бүрд байдаг тэр гүнд хэн ч хүрч, бохирдуулж болохгүй. Хүн хүсвэл энэ ариун газраа өөр хүнд эзэмдүүлэлгүйгээр бусадтай нийлж болно. …”

“… Би ‘Бид’ гэдэг мангасаас залхаж байна. Хамжлагат ёс, тонуул дээрэм, зовлон зүдүүр, худал хуурмаг, ичгүүр сонжуурын бэлгэдэл болсон энэ үгнээс залхаж байна …”

“… ‘Бид’ гэдэг үг бол хүн дээр асгасан нойтон цемент гэсэн үг. Хатаад ирэхээрээ чулуу шиг хатуу болж, доороо байгаа бүхнийг няцалж, хар цагааны аль алин нь уусаж сааралтдаг. Ёс суртахуунгүйчүүд сайн сайхнаас буянт үйлийг нь, сул доройчууд хүчтэйгийнхээ хүч чадлыг нь, тэнэгүүд мэргэдийнхээ цэцэн билгийг нь хулгайлах үйлдлээ энэ үгээр халхавчилдаг. …”

“… ‘Бид’ гэдэг үгийг хүн өөрөө хүсээгүй, бас тэгээд хоёрдугаарт тавиагүй бол хэзээ ч битгий хэл. Энэ үгийг хүн сэтгэл оюундаа нэгдүгээрт тавих юм бол дэлхий дээрх бүх муу муухайгийн үндэс, хүн хүнээ зовоох суурь, үгээр илэрхийлшгүй худал хуурмагийн эх үндэс тавигдлаа гэсэн үг. …”

“Бүх хүний тэр ч бүү хэл, бүр бохир заваан нэгний гар хүртэл хүрч самардаад байх юм бол миний сэтгэлийн баяр хөөр юу болох юм бэ? Захын тэнэг нь хүртэл захирч тушаагаад байх юм бол ухаантай байхын хэрэг байна уу? Амьтай бүхэн тэр ч байтугай хамгийн адгийн тэнэг нь хүртэл намайг мэддүгэй!

Сайтар эргэцүүл!-жүжгээс:

Жүжгийн үндсэн санаа тодорхой л доо. Хамтач ёсны эсрэг зогсох хувь хүн, өөрийгөө огоорохуйн эсрэг өөрийгөө бодох үзэл (коллективизмыг сөргүүлж индивидуализм, альтруизмыг сөргүүлж эгоизмыг тавьсан гэсэн үг шүү дээ). Гэхдээ жүжгийн өрнөл үнэхээр сонирхолтой. “Өөрийгөө огоорогч” нэгэн бусдад өглөг тарааж байснаараа тэднийг эрхшээлдээ байлгах агаад улмаар энэ нь өөрийг нь алах төрөл бүрийн шалтгааныг тэнд байсан бараг бүх хүнд үүсгэж буй тухай өгүүлнэ. Бусдын төлөө өөрийгөө золигчийн харгис мөн чанарыг харуулахын тулд жүжигт гарах индивидуалистууд буюу эгоистуудын (амиа бодогчдын) өгүүлэмжээс товч өгүүлсү.

Бусдын төлөө өөрийгөө золиослогчийн хүчээр амьдардаг, саа өвчний улмаас суумгай болж, хүний асрамжинд орсон хүүгийн (Билли Брекенрижийн) үг: “Миний ам цангаад байна хэмээн хэнийг ч гуйхгүй, өөрөө гал тогооны өрөөнд орж, өөрөө цоргоо нээж, өөрөө аягандаа ус хийж уумаар байна. Хэнээс ч тусламж гуйхгүй, хэнд ч талархал илэрхийлэх шаардлагагүй. Хүн өөрийгөө болгодог, түүнд хэн ч хэрэггүй байна гэдэг маш чухал. Дандаа бусдаар туслуулдаг нэгэн байна гэдэг үнэхээр гутамшигтай” гээд цааш нь “Туслагчид тусламж авагч хэрэгтэй. Хүн бүр биеэ даасан, бусдаас хамааралгүй байвал хүн бүрд тусалж байдаг тэр хүн хэцүүднэ биз дээ” гэдэг.

Энэ хүүд “амиа бодогч” нэгэн (Стив Ингальс) чин сэтгэлийн зөвлөгөө өгөх бөгөөд тэрээр л хүүд байгаагаараа ханддаг, илүү дутуу зан гаргадаггүй. Энэ хүн бол индивидуалист (эгоист). Түүнээс хүүд өгсөн зөвлөгөө: “Чиний явж чаддаггүй, босож чаддаггүй, түрдэг тэргэн дээр байдаг чинь хамаагүй. Гол нь оюун ухаанаа эрх чөлөөтэй байлга, юу бодож сэтгэхээ хэнээр ч бүү заалга! Бие чинь түрдэг тэргэн дээр байж болно. Харин оюун ухаанаа хэзээ ч бүү түрдэг тэргэн дээр байлга!”.

Саатай, өргөмөл хүүгийн төрсөн эцэг, алуулдаг хүнээс байнга тусламж авч байсан хүний (Харвэй Флемингийн) үг: “Хэрэв хүнийг бүр мөсөн дуусгамаар байвал түүнээс бүх ачаа, зорилгыг нь булаагаад авчих!”.

Мөн алуулдаг хүнээс маш өндөр тэтгэлэг авч Анагаахын сургуульд мэс засалчийн мэргэжлээр суралцдаг нэгний (Тони Годдардын) үг: “Таны эсрэг дайсан чинь босоод ирвэл та тэмцэж чадна. Харин тус болсон найзынхаа эсрэг босвол өөрийгөө тус мэддэггүй, өөдгүй амьтан гэж бодох болно.”

Тэгэхээр амиа бодохуй гэж либертариудын хувьд юу юм бэ?

Хүн угаасаа амиа боддог мөн чанартай. Үүнийг эсэргүүцэж туршсан нийгэм болох коммунизм XIX зуунд Францад хоёр сар, XX зуунд Орос болон бусад (манайхан ч гэсэн туршаад үзсэн) оронд 70 орчим жил тогтноод нурсан.

Бид либертариуд амиа бодно, гэхдээ бусдын эрх ашгийг хөндөж, муу зүйл хийхээс ямагт зайлсхийнэ. Бид, бусад хүмүүс ч надтай адил эрх ашигтай гэдгийг мэддэг. Би өөрийгөө бодож байгаа юм чинь бусад хүн ч өөрийгөө бодох эрх бий. Би өөрийн эрх ашгийн хүрээ уруу хүнийг оруулах дургүй байдагчлан бусад хүн ч өөрийн эрх ашгийн хүрээ уруугаа бусдыг оруулах дургүй л байж таарна. Энэ бол эгоизмын үндсэн зарчим. Тэгэхээр жинхэнэ эгоист хүн бусдыг ч эгоист байхыг хүлээн зөвшөөрдөг.

Ямар ч хүн өглөг өгөгчөөс хараат болдог. Та А-гаас тусламж авсан бол А-гаас Хараат, Б-гээс авсан бол Б-гээс хараат, төрөөс тусламж авсан бол төрөөс хараат болдог. Иймд өглөгөөс хараат бус байхыг үүрэг-хариуцлагаа өөрөө үүрэх гэж хэлээд байгаа юм. Хэрэв чи өөрөө үүрэх ёстой үүрэг-хариуцлагаа төр юм уу өөр хүнд өгөх юм бол түүнээс хараат болж л таарна. Учир нь цаадах чинь чиний боол биш болохоор дандаа чиний өмнөөс хариуцлага хүлээгээд байхыг хүсэхгүй. Зохих эрхээ шаардана. Тэр эрх нь чамайг мэдэх эрх байх болно. Ингээд чи өөрөө өөрийгөө мэдэхээ болино. Чи өөрийнхөө эзэн биш, нөгөө өгөөмөр загнагч чиний эзэн болно.

Харин чи бүх юмаа өөрөө даах аваас хэнээс ч хараат бус байж чадна. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Шийдвэр гаргах болохоороо ганцаар гаргачхаад, сөрөг үр дагавар учирвал бусадтай хамт үүрэх, эерэг үр дагавар гарвал ганцаараа хүртэх гээд байж болохгүй. Амжилт таных байдагтай адил, алдаа ч мөн таных байх ёстой. Амжилтыг амтат жимс гээд алдааг аюумшигт хор лугаа үзэж болохгүй. Амжилт төдийгүй алдаа ч аугаа багш билээ.

Психологи талаас нь авч үзэх юм бол коллективизм нь ганцаар хариуцлага хүлээхээс эмээгсдээс үүдэлтэй феномен. Коллективистуудын үндсэн шинж бол олонход таалагдах явдал. Тэд сүрэглэсэн үедээ л зоригтой байдаг. Арван хүний зургаа нь өөрийнх нь эсрэг санал өгвөл тэдний хөмсөг бууна, долоо болбол урвайна, найм болчихвол сүр сүлд нь арилна, ес нь эсрэг саналтай байвал амьд сүг болно. Нам, эвсэл, фракц, бүлэг, түр хороо гэх мэт нь дандаа коллективист психологи дээр тулгуурласан феномен. “Буруу байсан ч хамаагүй гол нь бүлэглэх хэрэгтэй; зөв байх нь бага хэрэг, гол нь ганцаараа байж болохгүй”. Коллективистууд ингэж бусдаар амьдардаг бол харин индивидуалистууд өөрөөрөө амьдардаг.

Амиа бодохуйг тунхаглая!

Хүнд өөрийгөө бодож бай гэж оюун ухаан заяасан байдаг аж. Амиа бодох үзэл нь хувь хүнийг дээдлэх үзэл, харин бусдын төлөө өөрийгөө золих үзэл нь хамт олонч үзэлтэй холбогддог. Энэ илэрхийллийг философи-этикийн нэр томьёогоор илэрхийлэх юм бол эгоизм = индивидуализм, альтруизм = коллективизм (Уг нь задлаад яривал өөр өөр утга агуулсан нэр томьёонууд л даа).

Тодорхой утгаар нь соёлжиж иргэншсэн бүх үндэстний иргэд индивидуалистууд, бие даасан байдал нь соёлжиж иргэншсэн байдлын нэг шалгуур. Уг нь Адам Смит мөн сайн хэлсэн дээ. Хэрэв өөрийгөө бодож, өөртөө ашиг олох гэж байгаа л бол бусдын эрх ашгийг бодолцохоос өөр аргагүй гээд …

Эгоизмыг хамгийн ойлгомжтойгоор

Ном уншихаас тээршаадаг хүмүүс Монголд тавигдсан “Сайтар эргэцүүл!” жүжгийг ДиВиДи-гээр үзээсэй. Клинт Ийствудийн сүүлийн үед тоглосон кинонууд ч сайхан.

2008 оны “Гран Торино” киноны Уолт Ковалскийн дүр бол жинхэнэ либертари эгоистын дүр. Клинт Ийствуд найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон кино. Дашрамд өгүүлэхэд Ийствуд өөрийгөө либертари гэж зарласан кино од билээ. Ийм ч учраас тэр либертари хүний дүрд маш сайн тоглодог. Ийствуд өөр нэг либертари иргэний дүрийг 1995 оны “Мэдисон дүүргийн гүүр” кинонд гаргасан юм. Чөлөөт амьдралтай фото-сурвалжлагч Робэрт Кинкайд. Гэхдээ “Гран Торино”-д либертари эгоистын дүрийг илүү гаргасан юм шиг санагддаг. Бүгдийг өөрөө хийнэ, хүнд гай дарамт учруулахгүй. Либертариудын хувьд “би”, “миний юм” гэсэн ойлголтууд ямар утга агуулдаг, тэд хүссэн үедээ бусдад хэрхэн тус болж чаддагийг (бүр амь насаа ч өгч чаддагийг) энэ кинонуудад мөн ч сайн үзүүлсэн дээ.

“Хар амиа” бодогчийг сонсоцгоо!

Би яагаад бусдаас тус авах дургүй байдаг юм гэж үү! Хэн нэгний тусын хариуд эрх чөлөөгөө өгөх хэрэгтэй болдог. Иймээс би бусдаас тус авах дургүй. 

Би “хар” амиа бодно. Миний амь, амьдрал наддаа эрхэм. Миний амь, амьдрал “хар” ч биш, цагаан ч биш, байдаг л нэг жирийн амь амьдрал. Би өөрөөрөө амьдарснаараа хэнд ч гай болохгүй, түүнтэй адил бусад нь ч өөрөөрөө амьдрахад надад гай болдоггүй! Хүн бүр өөрийгөө бодох эрхтэй тул хэн ч өөрийгөө бодлоо гээд бусдыг золиослох эрхгүй.

Хэзээ, хэнд туслах хийгээд туслахгүйгээ би өөрөө мэднэ. Би, өөр шигээ хэнээс ч тусламж авах ёсгүй хэмээн бодож байдаг хүмүүст тусална. Либертари эгоистууд бид тусалъя гэсэн хүмүүстээ л тусална. Түүнээс бус алхайж хэвтэж байснаа хэрэг болохоор бусдаас тусламж авах гээд байдаг хүмүүст туслахгүй. “Надад тусалсангүй” гэсэн хүн бүрд туслахгүй. Бүхэл ертөнц өөрийнх нь төлөө үүсэж, оршиж буй мэт бодож явдаг хүмүүст туслахгүй. Орчин тойрныхоо бүх хүнийг “надад туслах ёстой” хэмээн бодож байдаг хүмүүст туслахгүй. Тусламжаар амьдрах нь гутамшигтай гэдгийг ойлгодоггүй хүмүүст бүр ч туслахгүй. Бид хэн нэгний тушааснаар, эсвэл хэн нэгнээс айж, бусдад муу хэлүүлэхээс эмээхдээ бусдад туслахгүй.

Ер нь бусдыг, төрийг өөртөө туслах ёстой хэмээн бодож, хашхирч явдаг хүмүүс өөрийнхөө төлөө төрийг бусдынхаа эсрэг турхирч байдаг. Тэд бусдад туслах нэрийн доор өөртөө унах ашгийг тооцоолж байдаг.

Төгсгөлд нь

Гуйгаагүй байхад минь надад “тусалж”, намайгаа хавханд хийж аваад, амьдралыг минь залуурдах гээд байдаг олон хүнийг би харсан. Миний амьдарч байсан коммунизмын үед бүгд л миний төлөө явдаг байсан. Тэгээд олигтой юм юу ч болоогүй. Намайг уруудуулаа ч үгүй, өөд нь ч татаагүй.

Хүн ер нь бусдын ялангуяа улс төрчдийн гаргасан буруу шийдвэрээс болж зовох нь үнэхээр гомдолтой. Тэгвэл өөрийн гаргасан буруу шийдвэрээс болж зовоход тийм биш, харин ч сургамжтай зүйл болдог.

Энэ бүхнээс харахад, хүмүүсийн нэгнийхээ төлөө хийж болох хамгийн сайн үйл бол бусдын хэрэгт оролцохгүй байх явдал юм.

Эгоист хүн амжилт бүтээлээ төдийгүй алдаа дутагдлынхаа хариуцлагыг өөрөө үүрдэг. Эрх чөлөөт нөхцөлд гаргасан шийдвэрийнхээ үр дүнг өөрөө бүрэн хариуцдаг хүн бол эгоист. Тэрээр амьдралдаа гаргасан амжилт ч минийх, алдаа ч бас минийх хэмээнэ. Эгоист хүн “өөрөө өөрийгөө даая, нэгэндээ тээр болохоо больё” гэдэг. Тэд хэн нэг дарга, тэр тусмаа хамт олон минь ирээд намайг аварчих болов уу хэмээн харж суудаггүй. Өөрөө өөрийнхөө төлөө тэмцдэг.

Либертариуд өөрийгөө бодлоо гээд бусдыг хохироохыг (зальдах, хуурах, мэхлэх, дээрэмдэх, хүчирхийлэхийг) эс тэвчинэ.

Ийм үзлийг хэн нэгнээс дандаа гуйлга гуйдаг, эсвэл ирээдүйд гуйлга гуйж л таарна хэмээн боддог нэгэн бол дэмжихгүй, дэмжихгүйгээр үл барам улайран эсэргүүцнэ гэдгийг мэдэж байна. Гэхдээ бүгд л ийм сэтгэхүй, дадал заншилтай болчихвол улс-орон маань хөгжинө гэдгийг ч бас мэдэж байна.

Эцэст нь хэлэхэд, хэрэв та либертари эгоизмын талаар дэлгэрүүлж уншъя гэвэл монгол хэл дээр нэг их бүтээл байхгүй. Харин либертари зохиолуудыг уншихад болно. Яах вэ, эгоизмаар онцлон бичсэн хэдхэн өгүүлэл минь буй, жагсаачихъя: “Хамт олны эсрэг боссон хувь хүн”, Орчуулагчийн хувьд Айн Рэндийн Эх сурвалж романд бичсэн өмнөх үг, 2008 он; Өөрийгөө бодох нь хүний төрөлх чанар, “Цаг төр, хүмүүс” сэтгүүл, 2009.II.10-19; “Амиа бодохуй”-г магтан дуулсан нь (Айн Рэндийн “Магтуу” зохиол монгол хэлнээ хэвлэгдлээ), “Өдрийн сонин”, 2010.XI.25; Сайтар эргэцүүлцгээе!” (Айн Рэндийн “Сайтар эргэцүүл!” (Think twice) жүжиг Монголд тавигдлаа), “Ардын эрх” сонин, 2011 оны IV сар. Таныг эгоизмын талаарх хуучинсаг ойлголтоосоо салахад өгүүлэл минь бага ч гэсэн тус болсон болов уу гэж найдъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж