МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референтээр ажиллаж байсан, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарын сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэргийг өнөөдөр нийслэлийн шүүж дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
Тэдний хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлж, улмаар Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Энэхүү шүүх хурлын тов өнгөрсөн сард гарсан ч хоёр удаа хойшлоод байсан юм.
Шүүх бүрэлдэхүүн Я.Баттогтох, Ш.Чинбат нарт Эрүүгийн хуулийн 130,2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгохоор боллоо.
Энэхүү зүйл ангид "Иргэний сонгох, сонгогдох, бүх нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
Хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэж заасан аж.
Энэ хэргээс гадна Увс аймгийн МАН-ын дарга Н.Жамсран, Т.Лхагва, Т.Гансүх нарт мөн ижил ял оноосныг эсэргүүцэн давж заалдсан учир дээрх шүүх хурлын дараа тэдний хэргийг мөн шүүх юм. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Увс аймгийн Тариалан сумын сонгогчдод мөнгө тараасан хэргээр шүүгдсэн тэднийг сонгогчдын саналыг худалдаж авахаар мөнгө тараасан нь нотлогдсон гэж шүүх үзсэн учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нугалж төлүүлэх торгууль ногдуулсан юм.
Дашрамд дурдахад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх УИХ-д МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэн нэрсийн жагсаалтаас хасч, тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргаад буй юм.