Ояката Мусашигава тэтгэвэртээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Ояката Мусашигава тэтгэвэртээ гарчээ

Японы сумо бөхийн холбоог тэргүүлж байсан хоёр эрхэм тэтгэвэртээ гарчээ. Мэргэжлийн сумогийн 57 дахь ёкозуна Миэноуми буюу ояката Мусашигава энэ долоо хоногт 65 насны босго алхаж буй тул дэвжээний оякатагийн ажлаа хүлээлэн өгчээ. Мөн ояката Ханарэгома буюу экс-озэки Кайкэцү энэ сарын 16-нд 65 нас хүрэх юм байна.

Ояката Мусашигава зодог тайлснаас хойш Фүжишима дэвжээний оякатагаар ажиллаж байсан юм. Харин цаашид тэрбээр Токио дахь Кокугикан ордны Сумогийн музейн захирал гэх олон нийтийн албанд зүтгэхээр болжээ. Түүний оронд сумогийн 67 дахь их аварга Мусашимару Фүжишима дэвжээг удирдах юм байна. Харин ояката Ханарэгома өөрийн шавь, 62 дахь ёкозуна Онокуни буюу ояката Шибатаямад ажлаа хүлээлгэн өгчээ.

Сануулахад, ояката Мусашигава нь 2008 оны есдүгээр сараас 2010 оны наймдугаар сарын хооронд Сумогийн холбоог тэргүүлж байсан бол ояката Ханарэгома 2010 оны наймдугаар сараас 2012 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд Японы сумогийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.

Сумогийн ертөнцтэй холбоотой өөр мэдээлэл хүргэхэд, 63 дахь ёкозуна Асахифүжи буюу ояката Исэгэхама Японы сумогийн холбооны Захирлуудын зөвлөлийн гишүүн болжээ. Өдгөө 52 настай тэрбээр Харумафүжи Д.Бямбадоржийн багш билээ. Тэрбээр Захирлуудын зөвлөлд ажиллахаас гадна Шүүгч нарын зөвлөлийн хоёр даргын нэгээр ажиллах гэнэ.

Түүнчлэн Японы сумогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл гэж байгууллага байдаг. Сумогийн дээд цолтон болох ёкозунатай холбоотой бүхий л асуудлыг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгдөг тус байгууллагын тэргүүн Такүхико Цурута /85 настай/ огцорч, Хитоши Үтияма гэгч цаашид Ёкозунагийн зөвлөлийг толгойлохоор болжээ. Тэрбээр 77 настай, Японы Сонины редакторуудын холбооны ерөнхийлөгч юм байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж