ОХУ-д өнгөрсөн даваа гаригаас эхлэн орсон их хэмжээний цасны улмаас Москва хотод зам тээврийн нөхцөл байдал хүнд байгаа тухай “REUTERS” агентлаг мэдээлжээ. Москва хотод өнгөрсөн даваа гаригаас хойш 26 см зузаан цас ороод байгаа бөгөөд авто замын халтиргаа нэмэгдсэнээс өнгөрсөн гурав хоногийн дотор 3400 гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Түүнчлэн их хэмжээний цасны улмаас Москвагийн авто замуудад нийт 3500 км-ийн урт буюу Москвагаас Мадрид хүрэх дайны урт замын түгжрэл үүссэн байна. ОХУ-ын цаг уурын агентлагаас мэдээлснээр тус улсад өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш нийт 216 см зузаан цас унаад байгаа бөгөөд ирэх өдрүүдэд ч цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Москва хотын даргын орлогч Пётр Бирюковын мэдэгдснээр энэ өвөл тус улсад ойрын 100 жилд байгаагүй их хэмжээний цас орсон байна.
Б.АНХТУЯА