Гурван хуулийн төсөл өргөн барилаа | News.MN

Гурван хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Гурван хуулийн төсөл өргөн барилаа

Байгаль хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулна

Ерээд оноос хойш уул уурхайн хайгуул, олборлолтод тавих  хяналт суларснаас байгаль орчинд асар их хохирол учраад зогсохгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хүний эрх зөрчигдсөөр байгаа. Одоо мөрдөж байгаа Байгаль орчны тухай хуульд тухайн орон нутгийн Засаг дарга нь “байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр” шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байдаг. Гэвч бодит амьдрал дээр Засаг дарга нь байгалийн баялгийг ашиглахтай холбогдсон бүх тусгай зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналтын онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг, үүгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох тул өөрийн гэм буруутай гэдгийг нотолж шүүхэд нэхэмжлэл гаргах ямарч үндэслэлгүй гэж үзэх хүмүүс байна. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, П.Алтангэрэл, Д.Кёкүшюзан Батбаяр, Д.Дондог, Ц.Сэдванчиг нар 2005 онд хуулийн дээрх заалт батлагдсанаас хойш энэ талаар шүүхэд нэг ч удаа гомдол нэхэмжлэл гаргаагүй, түүнчлэн энэ заалтаар байгаль орчинд учруулсан хохирлыг арилгахад гарсан зардлыг дараа нь нөхөн төлүүлэхээр золхицуулсан нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна гэж үзээд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.  

Эрхэм гишүүд хуульд нэмэлт оруулах замаар байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, түүнчлэн иргэн, төрийн бус байгууллага нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, нийтийн эрх ашгийг зөрчсөн бусад зөрчлийг таслан зогсоох, учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг зохицуулахаар хуулийн төсөл санаачилжээ.    
 
Зээлийн мэдээллийг тодорхой болгох шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Д.Балдан-Очир, Я.Батсуурь, Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Зоригт нар Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барилаа.   

Манай улсад хувийн хэвшлийн банк, санхүүгийн байгууллагуудаас олгож буй зээлийн хэмжээ сүүлийн жилүүдэд байнга өсч байна. Тухайлахад өнөөдрийн байдлаар банкны салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2.7 их наяд, банк бус санхүүгийн байгууллагынх 46.7 тэрбум, хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн өрийн үлдэгдэл 33.9 тэрбум төгрөг байгаа аж. Түүнээс банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар 462 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 17.4 хувийг нь эзэлж байгаа гэсэн дүн гарчээ.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд зээлийн мэдээллийн талаар олон нийтийн мэдлэг харьцангуй нэмэгдэж, санхүүгийн байгууллагууд эдгээр мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг менежмент бий болгож буй ч эдгээр нь зөвхөн зээлийн хугацаа хэтэрсэн сөрөг мэдээлэлд тулгуурлахаас цаашгүй, аливаа зээл, төлбөр, тооцооны үүргээ хугацаанд нь гүйцэтгэдэг иргэд, компани, байгууллагын талаархи эерэг мэдээллийг агуулахгүй байгаа юм. Үүнээс болоод эерэг мэдэлэлд үндэслэн бичил болон жижиг зээлийг барьцаагүйгээр чирэгдэл багатай олгох боломж хаагдмал, түүнчлэн зээлийн хүрээ, мэдээллийг түгээж буй техник технологи хангалтгүй, энэ чиглэлээр өрсөлдөөн байхгүйгээс мэдээллийн бүтээгдэхүүний чанар, мэдээлэл хүргэх хурд, техник хоцрогдмол байгаа нь эрсдэл дагуулж байгаа учраас гишүүд Зээлийн мэдэээллийн тухай энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Нийтдээ зургаан бүлэг, 31 зүйлтэй эл хуулийн төсөлд зээлийн тухай мэдээллийн агуулгыг топдорхойлж, мэдээллийг бүрдүүлэх зарчим, цугларсан мэдээллийг боловсруулах, шинэчлэх, мэдээлэл өгөх, сүлжээн дэх мэдээллийг хадгалах, хамгаалах, нууцлах, аюулгүй ажиллагааны стандартыг тогтоосны зэрэгцээ мэдээлэгч, хэрэглэгч, эзний эрх үүргийг тодорхойлсон байна. Мөн хуулийн төслийг баталж, хамрагдах асуудлыг цогцоор нь зохицуулахын тулд хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хамтад нь боловсруулжээ.

                         Ан агнуурын асуудлыг журамлана   

Засгийн газраас санаачлан боловсруулсан Ан агнуурны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх УИХ-ын даргад өргөн барив.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс 1960-1980 оны хүртэлх хугацаанд хийсэн Монгол орны агнуурын амьтны тархац, нөөцийн талаархи судалгаагаар манай улсад 40 мянга орчим аргаль хонь, 80 мянга орчим янгир ямаа, 130 орчим мянган халиун буга, 60 орчим мянган хар сүүлт зээр, 44 мянга орчим баданга хүдэр байршин амьдарч байгааг тогтоосон байдаг аж. Гэтэл 2002, 2004, 2006-2007 онд тус хүрээлэнгээс хийсэн ховор амьтны тархац, нөөцийн талаархи судалгаагаар аргаль хонь, янгир ямаа, халиун буга, хар сүүлт зээр, баданга хүдрийн тоо толгой 70-90 хувь хүртэл буурсан болохыг тогтоожээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хууль бусаар агнуур, ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар гадагш гаргаж худалддагаас шалтгаалан элбэг тархацтай амьтанд тооцогдож байсан тарвага, цагаан зээр, хэрэм, үнэг, хярс зэрэг агнуурын амьтдын тоо толгой ч эрс цөөрч байна.

Иймээс хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг оновчтой тогтоох, зарим төрлийн ан амьтан тухайлбал, тул загасыг ахуйн зориулалтаар агнахыг хориглох, ан хийхэд тавих шаардлагыг тодорхой болгож хуульчлах, зарим зүйлийн агнуурын амьтныг агнах, барихыг хориглох хугацааг шинэчлэн тогтоох үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бичил уурхайн асуудлыг нэг мөр болгож цэглэхээр хуулийн төсөл  боловсруулснаа энэ өдөр өргөн барилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.        
 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

IRGEN 2010-05-24 203.91.117.3

UCHIR NI OLDOXGYI DARAA NI YYRSDYY OILGODOGGYI BAAXAN XUULI YILDBERLAX YMDAA XYYRXYY GISHYYD MINI ARGAGYI L AJIL NI YM BIZDEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж