Номхон далайн арлууд цунамид өртөв

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Номхон далайн арлууд цунамид өртөв

Номхон далайн Соломоны арлуудад орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөө эрт найман магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунами үүсч, улмаар таван хүн амь үрэгдээд байна. Цунамийн гамшгийн улмаас зуу гаруй хүн орох оронгүй болсон байна. Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас нэг метрийн өндөртэй далайн давалгаа бүхий цунами Соломон, Вануату, Шинэ Каледон зэрэг газруудыг хамарчээ. Австралийн газар хөдлөлтийг хянах агентлагаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Санта Круз арлын Латад байсан бөгөөд газар хөдлөлтийн чичиргээ  тус хотоос 580 гаруй км-ийн зайтай орших нийслэл Хониарад хүчтэй мэдрэгдсэн байна. Соломоны арлуудын Ерөнхий сайд Гордон Дарси Лилогийн мэдээлснээр цунамийн гамшигт Санта Круз арлын дөрвөн тосгон хамгийн ихээр өртөж, сүйджээ. Соломоны арлуудын албаныхны мэдээлснээр Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төв цунамийн аюулаас сэргийлэх дуут дохиог унтрааснаас ойролцоогоор хоёр цаг гаруй хугацааны дараа Соломоны Санта Круз арлын ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэн аж.

Үүнээс өмнө 2007 онд Соломоны аралд найман магнитудын газар хөдлөлт болж, 52 хүн амь үрэгдэж, мянга гаруй хүн орон гэргүй болж байсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж