Улсынхаа төлөө чухам л ажил амьдралаа зориулдаг мэт царай гаргадаг төрийн албан хаагчдын хэрэг дээрээ хэрхэн ажил хийдэг болох нь илэрсээр байна. Үүний нэг нь Авлигатай тэмцэх газрынхны илрүүлээд байгаа хэрэг юм. Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Улсын төсөв, орлого хяналтын газрын судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат болон татварын байцаагч О.Бямбасүрэн нарыг их хэмжээний авлига авч, улсын хөрөнгийг шамшигдуулан хууль бусаар хөрөнгөжсөн хэрэгт татан байцааж эхэллээ. Ч.Гансүх болон түүний хамсаатнууд хөрөнгө мөнгөө өөрсдийн бус хүний нэр дээр байршуулсан болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлэгээс харвал эх үүсвэр нь тодорхойгүй байгаа аж.
Тэд аж ахуйн нэгж байгууллагуудыг татвараас хөнгөлж өгснийхөө хариуд авлига авдаг байсан бололтой. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа бөгөөд үүнтэй холбоотой өөр хэд хэдэн хүний дансыг шалгахаар мэдүүлэг авч эхэлсэн байна. Мөн өөрсдийн нэр дээр мөнгийг байршуулж байсан тэдний гэр бүл, хамаатан садангуудынх нь нууц дансыг илрүүлжээ. Одоогоор тэдний учруулсан хохирлын хэмжээ 17 тэрбум орчим төгрөгт хүрч болзошгүй байна.
Э.ГАН