“Чингис бонд”-ыг гаргаснаар бодлогын хүү буурсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

“Чингис бонд”-ыг гаргаснаар бодлогын хүү буурсан гэв

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар долоо хоног тутамд сайд бүр мэдээлэл хийхээр болсон юм. Энэ дагуу Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, яамнаас хэрэгжүүлж байгаа ажлуудаа тайлагналаа.

Олон улсын хөрөнгийн зах зээлээс бага хүүтэй, урт хугацааны санхүүжилт босгох зорилгоор өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг арилжаалсан нь үр дүнгээ өгч эхэлжээ. Тухайлбал, гадаад зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.доллар Монгол Улсын төв банкны дансанд шилжиж орж ирснээр валютын хомсдлыг зогсоож ханшийг тогтворжуулсны зэрэгцээ эргээд төв банк бодлогын хүүгээ бууруулахад эерэг нөлөө үзүүлсэн байна. Цаашдаа бодлогын хүүг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү буурна. Засгийн газраас арилжааны банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд шилжүүлэх зорилт тавьсан. Тиймээс энэ зорилтод хүрэхэд “Чингис бонд”-оос босгосон санхүүжилт хөшүүрэг болох гэнэ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаас бизнесийн зээл хүсэхэд жилийн хүү нь 20 гаруй хувьтай аж. Ийм өндөр хүүтэй зээлийг бизнес эрхлэгч авсан нөхцөлд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийх нь үнэ буурах бололцоогүйн дээр үйлдвэрээ өргөтгөх бололцоогүй. Хэрэв зээлийн хүү нэг оронтой тоонд шилжээд түүнийг нь бизнес эрхлэгчид 3-10 жилийн хугацаатай авах боломжоор хангагдвал эргээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ буурах бололцоо бүрдэх төдийгүй монгол хүн бүр ажилтай болох гэнэ. Тиймээс арилжааны банкны зээлийн хүүг бууруулах бодлогыг шат дараатай хэрэгжүүлэхээс сайд Н.Батбаяр энэ үеэр хэллээ. “Чингис бонд”-ын жилийн хүү дунджаар 4.7 хувиар хэмжигдэж байгаа аж.  

Зээлийн хүүг бууруулах чиглэлээр барьж байгаа хоёр дахь алхам нь Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэхэд оршжээ. Нийт 5.6 их наяд төгрөг байгаа аж. Үүнийг моргейжийн зээл болгон хувиргах замаар бодит эдийн засагт хөрөнгө оруулалт хийх юм байна.

“Чингис бонд”-оос босгосон 1.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулах вэ?

Засгийн газар нь дээрх хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжид зарцуулахгүй, зөвхөн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах үүрэг хүлээжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох шийдвэрийг гаргасан байна. Үүнд Дорноговь, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь аймгууд багтжээ. Эдгээр аймгуудыг Улаанбаатар хоттой авто замаар холбоход 300 сая ам.доллар зарцуулах бөгөөд энэ онд багтаан барьж дуусгах чиглэл барьж буй юм байна.

“Чингис бонд”-оос босгосон хөрөнгийг зарцуулах хоёр дахь дэд бүтцэд төмөр зам багтаж байна. Ингэхдээ Тавантолгойгоос өмнөд хил хүртэл татах 1800 км үргэлжлэх төмөр зам багтжээ. Маршрутын хувьд Тавантолгойгоос Цагаансуварга хүртэл, Цагаансуваргаас Сайншанд хүртэлх зураг гарчээ. Энэ ажлыг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани гардан гүйцэтгэнэ. Үүнд 400 орчим сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Гэхдээ төмөр зам барих нийт төслийн өртөг нь 5 тэрбумаар хэмжигдэж байгаа гэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийг өрнөөс нь салгана

Шинэчлэлийн Засгийн газрын нэг том зорилт бол “Эрдэнэс Тавантолгой” компанийг өрнөөс салгах гэнэ. Өмнөх Засгийн газар Тавантолгой ордыг ашиглах хүрээнд “Чалко” компанитай гэрээ байгуулсан боловч энэ нь Монголын талд маш алдагдалтай тусч буй аж. Тухайн үед С.Батболдын Засгийн газрыг “Чалко” компанитай гэрээ байгуулж байх үед дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний үнэ нэг тонн нь 100-110 ам.доллар байсан. Харин Засгийн газар “Чалко” компанид нэг тонныг нь 70 ам.доллараар худалдан борлуулахаар хэлэлцээр хийж баталгаажуулсан. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж эхлэхэд дээрх 70 долларын ханш бас унасан. Тэр бүхэнд “Эрдэнэс Тавантолгой” компани алдагдал хүлээсэн. Дээр нь сонгууль болохтой холбоотойгоор Засгийн газар нь иргэдэд бэлэн мөнгө тараахын тулд “Чалко”-гоос хүүтэйгээр зээлсэн урьдчилгаат мөнгийг иргэдэд буцаан тараасан. Үүнээс болж “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болсон. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс үүссэн нөхцөл байдлыг судалж үзээд асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж шийдэж өгч байсан. Одоо ч мөн зээл авах шаардлагатай байгаа. Эл асуудлыг “Чингис бонд”-оос босгосон хөрөнгөөр шийдвэрлэхгүй өөр эх үүсвэрээс шийдэхээр ажиллаж байгаа тухайгаа сайд онцоллоо. Харин Засгийн газрын “Чалко”-той байгуулсан алдагдалтай гэрээгээ засах чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан ярилцаж байгаагийн зэрэгцээ өөр бусад гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай хэлэлцээрийн ширээний ард суужээ.

Хэлэлцээрийн төвшинд анхаарч байгаа зарчмын томоохон асуудал нь өмнөх гэрээ шиг хүүтэй урьдчилгаа авахгүй ямар ч хүүгүй урьдчилгаа авах чиглэлээр ажиллаж буй юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж