
Байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь томоохон төслөөр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг нэрлэлээ. Байнгын хорооны дарга Г.Баярсайханы тайлбарласнаар Төсвийн тухай хуульд заасны дагуу байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого орон нутгийн төсөвт 100 хувь төвлөрөх ёстой тул уг хуультай нийцүүлэн ус, рашаан, ой, ургамал, амьтны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж улсын төсвөөс нэгдсэн журмаар зарцуулах зохицуулалт байсныг хүчингүй болгохоор зохицуулж өгсөн юм байна.
Харин хэлэлцүүлгийн шатанд байгаа Монгол Улсын нийт иргэнд хамаарах томоохон хуулийн төсөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, мөн нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай төсөл юм байна. Газар өмчлөлийн тухай хууль хэрэгжиж эхлээд олон жилийг үдсэн ч Монгол Улсын нийт иргэдээс 7 хувь нь газраа өмчилсөн судалгаа байгаа аж. Тиймээс Монгол Улсын иргэн бүр газар өмчлөгч болох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дээрх хуулийн төсөл чухал нөлөөтэй. Нөгөө талаас бэлчээрийг хувьчлах асуудал бас хөндөгдөж байгаа. Энэ бүхэнд иргэдийн санаа бодлыг тусгах шаардлагатай гэж үзэн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нь намрын чуулганы завсарлагааны хугацаанд эдгээр хуулийн төслүүдтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд болон иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн УИХ-ын гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд тойрогт ажиллах үеэрээ Газрын тухай хуулийн төслүүдээр иргэдийнхээ санаа бодлыг сонсох гэнэ.
Сануулахад, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн оны аравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Архангай аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Гурванбулаг, арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумд, арваннэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Дундговь аймгийн Говь-Угтаал сумдад нөхөн сэргээлт, олборлолтын ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан байна. Ингэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцжээ. Энэ шатанд хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр арга хэмжээ авч ажилласан байна.
Мөн Малчид, үндсэний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын 74 дүгээр тогтоолоор Үндсэний үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж гаргасан Засгийн газрын бондын хэрэгжилтийг түргэтгэх, зарцуулалтын явцад хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын С.Дэмбэрэлээр ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан, А.Бакей, Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар, М.Зоригт, Ц.Цолмон, Д.Ганбат нарын гишүүд орж ажиллаж байгаа аж.