Америкийн хууль сахиулах байгууллагууд нэгэн өргөн далайцтай ажиллагаа явуулсанаа зарлав. Түүний үр дүнд хуурамч кредит карт ашиглан 200 гаруй сая доллар бусдын данснаас хулгайлсан 13 хүнийг баривчилсан байна. Баривчилгааг Нью-Йорк, Нью-Жерси, Пенсильвани, Коннектикут мужуудад явуулсныг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яамны хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.
Кибер залилан хийгчид Энэтхэг, Канад, Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Пакистан, Румын болон Япон улсуудад хамсаатнуудтай байсан бөгөөд тэдний гэмт үйлдлээс болж найман улсын ард иргэд сүүлийн 10 жилийн туршид хохирол амссан аж. Гэмт этгээдүүд АНУ-ын иргэний олон мянган хуурамч үнэмлэхийг хийж, түүгээрээ банкны 25 мянган кредит карт авсан байна.
Эдгээр картаар их хэмжээний зээл аваад эргэн төлдөггүй байжээ. Мөн бараа, бүтээгдэхүүн худалдан авч, үйлчилгээ хүртдэг байв. Түүнчлэн залилан хийгчид АНУ-д хэд хэдэн ёс төдий үнэт эдлэлийн компаниуд бүртгүүлж, тэдгээрийг зээлийн түүхээ баяжуулахын тулд ашигладаг байсан гэнэ. Олсон орлогоороо тэд өндөр үнэтэй автомашин, цахилгаан бараа, бэлэн хувцас болон үнэт эдлэл худалдан авдаг байжээ.
Эх сурвалж: www.wikimon.mn