Египетийн нийслэл Каир хотноо Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад руу нэгэн залуу “Та нар бидний ахан дүүсийг хөнөөж байгаа биз дээ” хэмээн хашгиран дайрчээ. Египетийн тусгайгийнхан гэмт этгээдийг баривчлан шалгахад Сирийн иргэн байсан гэнэ. Махмуд Ахмадинежад Каир хотын Аль-Хусейний сүмээс гарах мөчид энэхүү явдал болжээ.
Ерөнхийлөгчийн биед халдахыг завдсан залуу гартаа эмэгтэй хүний өндөр өсгийт барьж, түүгээрээ Ахмадинежадыг цохихыг хичээсэн юм байна. Гэвч байгаа онолгүй, тусгайгийнханд тэр даруй баривчлагджээ.
Иран Ерөнхийлөгч хоёрдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн Исламийн хамтын ажиллагааны байгууллагуудын уулзалт оролцохоор Каирт ирээд байгаа юм. Тэрээр Египетэд сүүлийн 30 жилийн турш айлчилсан анхны Ираны Ерөнхийлөгч болсон. Египет Израильтай энхийн гэрээ байгуулснаас хойш Иран улс харилцаагаа бүрэн таслаад 30 жил өнгөрч буй юм байна.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.new.mn