Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Цагаан сарыг угтсан нэг сарын аян өрнүүлж байгаа билээ. Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Нарантуул, Шөнийн зах, Баянзүрх захуудад шалгалт явуулжээ. Уг шалгалтынхаа үр дүнгийн талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хүнсний үйлдвэрлэл томоохон худалдааны захуудыг хамарсан шалгалтад 228 аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан 128 зөрчил илрүүлж, 11 аж ахуйн нэгжид 1,150,0 мянган төгрөг, долоон албан тушаалтанд 9,442,4 мянган төгрөг, 45 иргэнд 685,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн чанарын баталгаагүй, шошгийн шаардлага хангаагүй, гэмтэж муудсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураан авч, заримыг нь устгасан байна. Мөн ааруул, цагаан идээнд гурилын хольц хийсэн зөрчил илэрсэн байна. Амархан муудаж хөгцөрдөг хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал хиам, бялуу зэргийг хөргөгчинд тодорхой хэмийн хүйтэнд хадгалж борлуулах ёстой боловч хадгалалтын горим зөрчих, хөргөгчинд бус лангуун дээр ил өрж худалдаалах бүр цаашилбал хугацаа дууссан бүтээгдэхүүн зарж байсан гэх зөрчил илэрсэн байна. Тиймээс рүүл аюулгүй байдлыг хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг иргэд худалдан авахгүй байхыг сэрэмжүүлж байсан юм. "Ер нь дан ганц мэргэжлийн байгууллага, хэдхэн байцаагч ажиллах бус, иргэн бүр дор бүрнээ сэрэмжтэй байж, хадгалах хугацаа дууссан, үйлдвэрлэсэн газар тодорхойгүй, хаяг шошгогүй бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байвал хүнсний эрүүл ахуйн чанарын шаардлага хангагдана" гэж албаны хүмүүс хэлж байлаа. Мөн Цагаан сар дөхсөн энэ өдрүүдэд, ялангуяа битүүний урд өдөр болон битүүнд иргэд гудамжинд, гар дээрээс худалдаа хийж иргэдийн яарч сандарсан байдлыг далимдуулан гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн, чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаалахыг оролддог болохоор буцах хаяг, буух эзэнтэй газраас хаяг шошгийн баталгааг сайтар нягталж худалдан авах хэрэгтэй гэж анхааруулж байна.
Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Цагаан сарын бэлгийн бараа бүтээгдэхүүн, түүний дотор гоо сайхны бүтээгдэхүүнд мөн шалгалт хийжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг голдуу иргэд шуудан, илгээмж, ганзагын наймаагаар оруулж ирдэг гэнэ. Тиймээс шалгалтад 42 иргэний худалдаалж буй бүтээгдэхүүнийг хамруулж, 17 бүтээгдэхүүнийг шинжилж үзжээ. Үүнээс 14 нэрийн бүтээгдэхүүн нь ямар нэгэн үзүүлэлтээрээ стандартын шаардлага хангаагүй байна. Гоо сайхны бүтээгдэхүүн нь чанар стандарт эрүүл ахуй, шошгийн стандартыг хангасан байх шаардлагатай ёстой. Гэтэл дээр худалдааны төвүүдэд худалдаалж байсан бүтээгдэхүүний цөөнгүй нь чанарын шаардлага хангахгүй байжээ. Тухайлбал, үсний шампунь гэхэд л хөөсрөлт нь 2-4 дахин бага, шингэн пудрийн PH буюу хүчиллэг чанар нь өндөр байсан байна. Хураагдсан гоо сайхны бүтээгдэхүүний нилээд хувь нь шошгийн стандарт хангаагүй буюу хаана үйлдвэрлэсэн, ямар арьсанд зориулагдсан, яаж хэрэглэх, хугацаа нь хэзээ дуусах гэх мэт ямар ч мэдээлэл байхгүй байжээ. Мэргэжлийн хүний хэлж байгаагаар иргэд зөвхөн хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгааг анхаараад гоо сайхны бүтээгдэхүүнийг тэр бүр анзаардаггүй. Гэтэл хүний арьсны салстаар дамжих гоо сайхны бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүнтэй ижил эрүүл, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх ёстой. Иймд иргэд анхаарах хэрэгтэй гэлээ.
Энэ шалгалтаар нэг сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, есөн иргэнд 265 мянган төгрөгийн торгууль оногдуулж, нийтдээ 1,7 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ. Мөн үүний зэрэгцээ мэргэжлийн байгууллагаас зөвхөн торгоод, шалгаад өнгөрөх бус худалдаа эрхлэгчдэд сургалт явуулахаар болсон байна. МХЕГ-аас санаачлан явуулж буй сарын аяны хугацаанд 530 гаруй байгууллага, 94 салбар нэгжид шалгалт явуулж, улсын байцаагчийн акт 12, дүгнэлт 48, албан шаардлага 24-ийг гаргаж, зургаан сая гаруй төгрөгийн торгууль, шийтгэлийн арга хэмжээ авч ажиллажээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулын лабораторийг Нийслэлийн иргэдийн хурлын хөрөнгө оруулалтаар байгуулан ажиллуулж, томоохон худалдааны төв, захуудад газар дээр нь очиж чанарын шинжилгээ хийж байгаа билээ. Энэ лаборатори нь 11 багажтай, 30 гаруй үзүүлэлтийг гаргах хүчин чадалтай ажээ. Өнгөрсөн сарын 24-31-ний хооронд нийт есөн зах, худалдааны төвд явуулын лабораториор 485 сорьцид шинжилгээ хийхэд 43 нь чанарын шаардлага хангахгүй гарчээ. Энэхүү явуулын лабораториор өнөөдөр “Барс” зах дээр жимс, жимсгэний жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн бараанд шинжилгээ хийлээ. Энэ лабораторид шинжилгээ хийгээд тухайн бүтээгдэхүүнийг шаардлагатай гэж үзвэл төв лабораторит шилжүүлэн дахин шинжилдэг ажээ. Энэ шинжилгээний лабораторийн давуу тал нь улсын байцаагч шинжилгээний дүн гарсан даруйд 5-30 минутын дотор дүгнэлтийг газар дээр нь гаргадаг байна. Өнөөдөр “Барс” зах дээр худалдаа эрхэлдэг 10 орчим иргэний бүтээгдэхүүнээс 20 гаруй дээж авч шинжилсэн юм. Шинжилгээний хариу 15 орчим минутын дараа гарсан бөгөөд бүх дээж эерэг үзүүлэлттэй буюу бүгд чанарын шаардлага хангасан байлаа.














Гэрэл зургийг О.Мөнхнасан