Х.Цагаанбаатар: Цаашид 73 кг-д барилдана

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар: Цаашид 73 кг-д барилдана

Монголын жүдочид дэлхийд жигд амжилт үзүүлж байгаа гэдгээрээ ялгардаг. Тэдний манлайд явдаг хэдэн тамирчдын нэг нь Афины олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар билээ. Тэрээр өнөөдөр бусад тамирчдынхаа хамт буурал тивийг зорьж байна. Түүнийг явахаас нь өмнө ярилцлаа.

-Жүдочид Парисын “Их дуулга” болон Европын цуврал тэмцээнд оролцохоор явах гэж байгаа юм байна. Бэлтгэл сургуулилтаа хэр хангав?

-Монголын жүдочдын эхний хэсэг маргааш /өнөөдөр/ буурал тивийг зорих гэж байна. Парисын “Их дуулга”, мөн Унгар, Австрийн дэлхийн цомд оролцоод ирнэ. Харин дараагийн хэсэг маань Дюсселдорфийн гранпри, Польшийн дэлхийн цомд оролцох учиртай. Энэ бол жүдо бөхийн дүрэм өөрчлөгдсөнөөс хойшхи анхны барилдаан гэдгээрээ онцлогтой. Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан шинэ дүрэм манай тамирчдад хэрхэн нийцэх вэ гэдгийг туршиж үзэх гэж байна даа. Жүдо бөхийн дүрмэнд хэд хэдэн өөрчлөлт орсон учраас аль болох олон тэмцээнд оролцож хурдан дасан зохицох бүхнээс илүү чухал байна.

-Дүрмийн өөрчлөлт хийгээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Та бүхэн шинэ дүрэмтэй танилцаж амжив уу?

-Ер нь бол танилцсан. Манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат тэргүүтэй хэсэг төлөөлөгчид дүрэмтэйгээ танилцаж, судлаад, семинарт нь суугаад ирсэн. Тэгээд Монголынхоо тамирчдад өдөр бүр сургалт семинар явуулж байна. Гэхдээ онолоор заалгах, дэвжээн дээр хэрэгжүүлэх хоёр чинь хоорондоо маш их ялгаатай. Тийм учраас аль болох олон тэмцээнд оролцохыг манайхан илүүд үзэж байгаа.

-Тухайлбал ямар өөрчлөлт орсон байх юм?

-Ямар нэгэн байдлаар хөлд гараараа хүрэх юм бол хөөгдөх, мөн хоёр гараараа нэг энгэрийн барьцыг халж болохгүй гэх мэт заалтууд орсон байна лээ. Ер нь бол энэ өөрчлөлт Монголын жүдочдод зориулсан юм шиг л болоод байгаа. Манай жүдочдын амжилт ахиад ирэнгүүт, бидний хийдэг үндсэн мэхнүүдийг хориглож байх жишээтэй.

-Саяхан олимп, дэлхийн медальтнууд сар бүрийн мөнгөн урамшууллынхаа эхнийхийг авлаа. Олон ахмад тамирчин баярласан. Таны хувьд энэ шагнал урамшлын талаар ямар бодолтой байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 онд гаргасан зарлиг үнэхээр цаг үеэ мэдэрсэн гэж бодож байна. Үүнд олон хүн баяртай байгаа. Төрийн тэргүүний гаргасан зарлиг жинхэнэ утгаараа биеллээ олж тамирчид маань урамшууллаа авч эхэллээ. Спортын мэргэжилтнүүд, зүтгэлтнүүд, багш дасгалжуулагч, тамирчид гээд бүгд маш их баярласан. Төр засаг маань тамирчдаа харж үзэн, дэмжиж байгаагийн нэг хэлбэр юм болов уу гэж ойлгосон. Их спорт бол эрүүл мэндийн эсрэг байдаг. Их спортод насаараа зүтгэж амьдралаа алдсан, бие эрхтэнээрээ хохирсон тамирчид Монголд цөөнгүй бий. Тэднийг урамшуулсан, амжилтыг нь үнэлсэн, мөн дэм болсон ийм шийдвэр хэрэгжиж эхэлсэнд баяртай байна. Энэ нь нэг ёсондоо тамирчдын амьдралын баталгааны хэсэг болж байгаа юм. Дээрээс нь залуу тамирчдад урам зорих өгөх, тэдний амьдралын ирээдүйн баталгаа болж, өсвөр тамирчдын маань олимп, дэлхийн аварга болох мөрөөдлийнх нь түлхүүр болж чадсан ийм шагнал байлаа. Уг зарлигийг гаргасанд миний хувьд маш их баяртай байгаа.

-Шагналынхаа дээжээс Дархан-Уул аймгийн ахмадуудыг баярлуулсан. Чухам ямар учраас тэдний баярлуулах болов гэдгийг олон хүн сонирхож байгаа байх?

-Үүнд ямар нэгэн шалтгаан байхгүй ээ. Миний ажил амьдрал, спортоор өдий зэрэг хүрсэн амжилт зэрэг нь бүгд Дархан-Уул аймагтай салшгүй холбоотой. Тиймээс Дархан-Уулынхаа азай буурлуудаа баярлуулж, сар шинийн тавгийн идээг нь бэлэглэж, хүндэтгэл үзүүлсэн. Бурхантын хөндийгөөс миний амжилтын гараа эхэлсэн учраас анхны цалингаа нутгийнхандаа зориулъя гэж бодсон юм. Миний гаргасан амжилтад ард түмэн, азай буурлуудын минь буян шингэсэн учраас би энэ цалингийн тодорхой хэсгийг сайн үйлст зориулах ёстой гэж бодож яваа.

-Нууц биш бол сард хэдэн төгрөгийн урамшил авч байгаа вэ?

-Нуух юу байх вэ. Угаасаа олон түмэнд ил тод байх ёстой юм шүү дээ. Сард 4.5 сая төгрөгийн урамшил авч байна.

-Таны энэ буянтай ажил ганц удаагийнх уу. Эсвэл цаашид үргэлжлэх үү?

-Ер нь манай залуу үеийн тамирчид нийгмийнхээ сайн сайхны төлөө олон ажил хийнэ. Төлөвлөсөн ажил нэлээд их бий. Зөвхөн бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд байлгүй хажуугаар нь залуу, өсвөр тамирчдаа дэмжиж, тэдний мөрөөдлийнх нь жигүүр болъё гэсэн төлөвоөгөө гаргаад, хоорондоо ярилцаж байна. Ямар ч байсан энэ шагнал бол эх орны маань хайр хишиг, энэрэлийн маань буян учраас олон хүнтэй хуваалцах ёстой гэж боддог. Төрийн хайр хишгийг ард түмэнтэйгээ хуваалцахыг эрхэмлэж, илүүд үзэж байгаа болохоор цаашид олон хүмүүнлэгийн ажил хийнэ.

-Лондоны олимпийн дараа шигшээ багийг татан буулгаад багагүй хугацаа өнгөрлөө. Одоо бараг спортод элэгтэй хүн бүрийн яриа шигшээ баг дээр төвлөрчээ. Өдийг хүртэл шигшээ багаа байгуулахгүй удаж байгаа юу гэж ойлгож байна вэ?

-Уг нь бол шигшээ багийг нэгдүгээр сарын 1-нээс байгуулах ёстой. Яагаад гэвэл Монголын тамирчид эхнээсээ гадаадын тэмцээн уралдаанд оролцоод эхэлсэн байна. Өөрийгөө шигшээ багийн тамирчин гэж бодоод яваад байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ нэг ч төгрөгийн цалин байхгүй. Бодит байдлыг ярьвал шигшээд тамирчид авна гэсэн зарын дагуу л өнөөдрийн хүртэл тамирчид явж байна шүү дээ. Өөрийгөө шигшээ багт багтах болов уу гэсэн итгэл тээгээд. Ялангуяа залуу тамирчид улсынхаа шигшээ багт данстай болохыг ихээр хүсч мөрөөдөж байгаа. Яагаад гэвэл тэдэнд төрөөс дэмжлэг аваад, хамгийн гол нь шигшээ багийн тамирчин гэж зарлуулаад явах нь нэр төрийн хэрэг байдаг учраас их хүлээлт үүссэн байна. Тийм болохоор энэ бүхнийг бодолцож яаралтай шигшээгээ бүрдүүлээсэй гэж хүсье.

-Тэгвэл жүдочдод хэр нөлөөлж байна вэ?

-Өнгөрсөн онд 35 тамирчныг шигшээд барьж байсан. Гэтэл одоо 21 болгож багасгасан байх юм. Үүнийг нь би ойлгохгүй, маш их гайхаж байна. Миний бодлоор бол баг тамирчдын амжилт өсөх тусам тухайн холбооны нэр хүнд өсч, тухайн спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо ихэснэ. Тэр утгаараа шигшээгийн тамирчдын тоо нэмэгдэх болов уу гэсэн бодолтой байлаа. Гэтэл эсрэгээрээ олон тооны тамирчин хассанд гайхаж байна. Залуу тамирчдын хувьд шигшээ багт багтаж 250 мянган төгрөг авах нь чухал биш. Хэдий хүнд мөнгө хэрэгтэй ч тэдэнд шигшээ багийн тамирчин гэдэг статус нь чухал юм. Яагаад гэвэл энэ нэр тухайн тамирчинд урам зориг, итгэл өгдөг.

-Жүдогийн шигшээ багийн тамирчдын тоог хассан гэлээ. Энэ талаар салбарынхаа сайд болон шигшээ багийн албанд хүсэлтээ хүргүүлсэн үү?

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай холбооны удирдлагууд холбогдох хүмүүстэй уулзаж ярилцаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Зүгээр суухгүй байлгүй дээ. Жүдогийн бэлтгэлийн зааланд 150 хүн өдөр бүр бэлтгэл хийж байна. Яг шигшээгийн бэлтгэл дээр л гэхэд 60-70 тамирчин хамрагдаж байгаа. Үүнээс дор хаяж 50 нь шигшээд орох бүрэн боломжтой Монголын ирээдүй болсон залуучууд бий. Гэтэл эдгээрийн дөнгөж 21 нь л шигшээд багтана. Бусад нь хаачих вэ. Энэ бол үнэхээр хэцүү асуудал. Хамгийн гол нь тухайн тамирчны хамтарсан бэлтгэлд хамрагдах бүх зүйл шигшээ багаас хамааралтай байдаг. Бас тухайн тамирчны амжилтынх нь гүүр болдог. Энэ мэтчилэн олон ач холбогдолтой.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Таны хувьд энэ баярыг гадаадад өнгөрөөж таарах нь ээ?

-Тийм ээ. Ер нь тамирчин хүн маш олон аз жаргалаасаа татгалзаж, амжилтад хүрэхийн тулд олон зүйлийг золиослодог. Тамирчид ихэнх нь баяраар тэмцээн уралдаан гээд эх орондоо байдаггүй. Миний хувьд л гэхэд сүүлийн 10 жил цагаан сараар гэртээ байж үзсэнгүй. Дандаа буурал тивд тэмцээнтэй байж таардаг. Энэ жил л гэхэд шинийн нэгэн, хоёронд Парист барилдах жишээтэй.

-Шинэ олимпийн цикл эхэлсэн байна. Ирэх дөрвөн жилийн зорилгоо тодорхойлсон уу?

-Тийм ээ. Нэг л мэдэхэд дахиад гурван жил өнгөрч 2016 оны олимп хаяанд ирсэн байх биз. Цаг хугацаа гэдэг зүйл их хурдан өнгөрдөг шүү дээ. Миний хувьд 66 кг-ын жинд барилдахаа больсон байгаа. Сая улсын аваргаар 73 кг-ын жинд барилдсан. Цаашид ч гэсэн дээд жиндээ барилдана. Олон жил жин хассан учраас бие мууддаг. Тийм болохоор аль болох бага жин хасч, эрүүл мэндээ бодсоны үндсэн дээр 73 кг-д барилдах зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Яг энэ жинд хоёр дахь олон улсын тэмцээндээ оролцох гэж байна.

-66 болон 73 кг-ын жинд барилдах хоёрын ялгаа хэр байна вэ?

-Байлгүй яах вэ. 73 кг-ын жингийн тамирчид намайг бодвол бяртай байсан. Тийм болохоор миний хувьд бяраа нөхөх маягаар хүчний бэлтгэл дээр нэлээд анхаарал хандуулж байгаа. Харин давуу тал маань доод жингээс гарч ирж байгаа болохоор 73 кг-ын жүдочдыг бодвол арай илүү хурдтай. Цаашид яаж барилдаж, шинэ дүрмэндээ хэрхэн зохицохыг тэмцээн уралдаанаараа л харуулна даа. Шинэ дүрмийн эхний тэмцээн учраас Парисын “Их дуулга”-д нэлээд ач холбогдол өгч байгаа.

-Дотоодын тэмцээний 73 кг-ын жин нэлээд гарах нь дээ?

-Тэгэлгүй яах вэ. Монголын 73 кг гэлтгүй бүх жин дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсон учраас дэлхийн жүдо бөхийн дүрэм хүртэл монголчуудын эсрэг өөрчлөгдөж байна л даа. Үүнээс Монголын жүдо бөхийн чанар чансааг харж болох юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа учраас манай сониноор дамжуулан дотныхоо хүмүүст мэндчилгээ хүргэх боломжийг олгоё?

-Баярлалаа. Надад энэ боломжийг олгосон танай сонины хамт олонд болон Монголынхоо ард түмэнд, дотны бүх хүнд, спортыг дэмждэг, тусалдаг, хайрладаг бүх ахан дүүстээ, дасгалжуулагч нартаа, бяцхан дүү нартаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлье. Та бүхний минь юу санасан есөн цагаан хүсэл сэтгэчлэн бүтэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлээрэй гэж ерөөе дөө.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж