УИХ-ын анхааралд буй асуудалд Оюутолгой тайлбар өглөө

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын анхааралд буй асуудалд Оюутолгой тайлбар өглөө

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндөгдсөн Оюутолгойн талаархи асуудлуудад Оюутолгой ХХК тайлбар гаргаж, цахим хуудаснаа нийтэлжээ.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРейны “Оюу Толгой ХХК, хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсын Засгийн газар, төрийн холбогдох байгууллагуудтай урьд өмнө нь нэлээд олон удаа уулзаж, ярилцсан асуудлаар УИХ хуралдлаа. Бид бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод хэвээр явуулж байгаа болно. Эдгээр асуудлыг энэ лхагва гарагийн хувь нийлүүлэгчийн хурлаар дахин авч хэлэлцэх бөгөөд Засгийн газрын зүгээс бидний байр суурийг харилцан ойлголцох уулзалт болно гэж найдаж байна” гэсэн өмнөтгөл бүхий уг тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Оюу Толгойн талаар хөндөгдсөн мэдээлэл, тоо, баримттай холбогдуулан гаргаж буй Оюу Толгой ХХК-ийн албан ёсны байр суурь


2013 оны 2 дугаар сарын 5

2013 оны хоёрдугаар сарын 1-ний баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Оюу Толгой ХХК болон хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсын Засгийн газар, төрийн холбогдох байгууллагуудтай урьд өмнө нь нэлээд олон удаа уулзаж, ярилцсан асуудлыг авч хэлэлцсэн юм. Эдгээр асуудлуудыг олон дахин хэлэлцэж ярилцах нь Засгийн газар болон ард иргэдтэй мэдээлэл солилцох бидний оролдлогыг онцолсон чухал үйл явц гэж үзэж байна. Бид бизнесийн үйл ажиллагаагаандаа нээлттэй, ил тод зарчмыг байнга баримтлан ажиллаж байгаа бөгөөд чуулганы хуралдааны үеэр яригдсан гол асуудлуудад компанийн албан ёсны байр суурийг дараах байдлаар илэрхийлж байна.
 

НЭГ. ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ, ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ҮЕ ШАТНЫ САНХҮҮЖИЛТ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ЭЗЭМШИЛ БОЛОН ТҮҮНИЙ ХҮҮГИЙН НӨХЦӨЛ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЛААР…

Оюу Толгой ХХК нь Монгол улсын Засгийн газартай түүнийг төлөөлж буй Эрдэнэс Оюу Толгой ХХК-иар дамжуулан, мөн Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, далд уурхайг бүтээн байгуулах санхүүжилтийн мэдээлэл, ногдол ашгийн тооцоолол зэрэг төслийн чухал сэдвээр нээлттэй харилцаж, улирал бүрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох тайлан материалыг Татварын Ерөнхий Газар, Сангийн яаманд хүргүүлж байгаа билээ. Гэсэн хэдий ч Оюу Толгой уурхайг бүтээн байгуулахад оруулсан зардлын тухай андуу ташаа мэдээлэл байсаар байна. Доорхи хүснэгтээр 2010 онд батлагдсан ТЭЗҮ-д тусгагдсан зардлын тооцоог 2012 оны эцсээр гарсан нийт бодит зардалтай харьцуулж харуулав.

Оюу Толгойн бүтээн байгуулалтын зардлын харьцуулалт (ам.доллар)

2010 оны батлагдсан ТЭЗҮ

2012 оны 12-р сарын 31-ний байдлаар Оюу Толгой ХХК-ийн зарцуулалт

Бүтээн байгуулалтын зардал

 

 

Өмнөх зардал – Хөрөнгө оруулалтын гэрээний өмнөх зардал

1.1

1.1

Нэгдүгээр үе шат -Хөрөнгө оруулалтын гэрээний дараах зардал

4.1

4.7

Нийт

5.2

5.8

Шууд бус зардлууд

 

 

Гааль, НӨАТ

0.4

0.6

Менежментийн төлбөр

0.1

0.2

Төслийн эхний үе шатны бүтээн байгуулалтын нийт зардал

5.7

6.6

2012 оны аравдугаар сарын 31-ний байдлаар Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн тайланд нийт хөрөнгө 7.4 тэрбум ам.доллар гэж тусгагдсан бөгөөд үүнд 6.6 тэрбум ам.долларыг (хүснэгтэд харуулав) төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатанд, зээлийн хүүнд 0.5 тэрбум, хоёрдугаар шатны бэлтгэл ажилд 0.2 тэрбум, нэмэлт хайгуулын ажилд зарцуулсан 0.1 тэрбум ам.доллар тус тус багтаж байгаа болно.
 
Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтыг хэрхэн санхүүжүүлж байгаа вэ?

Монгол улсын Засгийн газар болон Монголчууд байгалийн баялаг, ашигт малтмалаа 100 хувь эзэмшиж байгаа билээ. Харин түүнийг олборлох эрхийг компаниудад тодорхой хугацаагаар олгодог бөгөөд компаниуд тухайн уурхайг санхүүжүүлж, бүтээн байгуулж мөн олборлох үйл ажиллагаа явуулдаг.

Оюу Толгойн хувьд Засгийн газар тус компанийн 34 хувийн хувьцааг эзэмших сонголтыг хийсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Эрдэнэс Оюу Толгой ХХК нь 34 хувийн санхүүжилтээ өөрийн болон бусад эх үүсвэрээс олж төслийг санхүүжүүлэх эрхтэй бөгөөд одоогоор Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү санхүүжилтээ бусад хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүжүүлж байгаа болно. Эхэндээ хувь нийлүүлэгчид уг зээлийн хүүг АНУ-н хэрэглээний үнийн индекс + 9.9 хувиар тохироод байсан бол үүнийг ЛИБОР (Лондонгийн банк хоорондын зээлийн хүүгийн хэмжээ) + 6.5 хувийн хүүгээр тооцож бууруулсан болно. Ингэснээр хөрөнгө оруулагчид зээлийн хүүг 3 нэгжээр бууруулсан юм. Төсөл амжилтгүй болж зээлийг эргэн төлөхүйц хангалттай ашигтай ажиллаж чадаагүй тохиолдолд Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү зээлийг эргэн төлөх үүрэг үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд эрсдлийг санхүүжилтийг гаргасан хөрөнгө оруулагчид үүрнэ.
 
Төслийн санхүүжилт

Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчид Оюу Толгой төслийн дараачийн үе шатны бүтээн байгуулалтыг явуулах зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт босгохоор ажиллаж байна. Төслийн санхүүжилт нь Засгийн газрын төлөх хүүгийн хэмжээг бууруулаад зогсохгүй хувь нийлүүлэгчийн хувиар авах ногдол ашгийн хугацааг ойртуулах боломжийг бүрдүүлнэ.
 

ХОЁР. ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАХ, МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР, ОЮУ ТОЛГОЙ ДАХЬ МОНГОЛЫН ТӨЛӨӨЛЛИЙН ТАЛААР…

Рио Тинто компани Оюу Толгойд өндөр ур чадвар, үйл ажиллагааны шилдэг тогтолцоог нэвтрүүлж байгаа бөгөөд Оюу Толгой нь Рио Тинто компанийн олон улсын зах зээл дээрх нэр хүнд, олон жилийн туршлаганд нь тулгуурлан бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Томоохон уул уурхайн төслийг ашигтай, амжилттай ажиллуулах зорилгоор хамтарсан компаниуд туршлагатай менежментийг багийг сонгон ажиллуулдаг бөгөөд менежментийн үйлчилгээний төлбөрийг төлдөг нь олон улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг жишиг билээ. Хувь нийлүүлэгчийн гэрээгээр Оюу Толгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг үйлдвэрлэл эхлэхээс өмнө гарсан бүх үндсэн болон үйл ажиллагааны зардлын 3 хувь, харин үйлдвэрлэл эхэлсний дараа энэхүү зардлын 6 хувиар тооцохоор тохиролцсон байдаг.

Менежментийн үйлчилгээний төлбөрийг тооцох олон төрлийн аргыг уул уурхайн салбарт хэрэглэдэг. Менежментийн үйлчилгээний төлбөрийг тооцохдоо орлогод болон зардалд суурилсан аргуудыг түгээмэл хэрэглэдэг бөгөөд орлогод суурилсан аргын жишиг нь 1-3 хувь байдаг. Энэхүү орлогод суурилсан арга нь түүхий эд өсөхөд менементийн төлбөр нь өсдөг сул талтай. Мөн энэхүү төлбөрийг аргаар менежментийн үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд зөвхөн маркетингийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд одоогийн Рио Тинто-гийн Оюу Толгойд үзүүлж буй дэлхийн хамгийн дэвшилтэт далд уурхайн инженер техникийн мэдлэг, чадварыг нэвтрүүлэх гэх мэт цогц үйлчилгээг хамардаггүй. Оюу Толгой бүтээгдэхүүн гаргах үед менежментийн төлбөрийн хэмжээ жилийн 60-80 сая ам.доллар байх төлөвтэй байна. Зардал өссөнөөр менежментийн үйлчилгээний төлбөр бас нэмэгдэх боловч хувьцаа эзэмшигчийн хувьд Рио Тинтод зардлыг өсгөх сонирхол байхгүй. Төслийн зардал өссөнөөр Рио Тинтогийн оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх, мөн хүртэх ногдол ашгийн хэмжээ бүүрах нь Рио Тинтогийн хувьд менежментийн үйлчилгээний өндөр төлбөр авахаас илүү хохиролтой.

Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь Эрдэнэс Оюу Толгой ХХК, Туркуаз Хилл Ресурс, Рио Тинто компанийн тус бүр адил тэгш саналын эрхтэй 3 гишүүний төлөөлөл бүхий есөн гишүүнтэй бөгөөд ТУЗ-ийн дарга нь Монгол хүн байдаг. Оюу Толгой компанид бид үнэт зүйлсдээ тулгуурласан манлайлалд итгэдэг. Бид тогтвортой, аюулгүй, үр ашигтай дэлхийн хэмжээний төслийг хэрэгжүүлснээр Монголын улсын эдийн засгийг өсгөхөд хувь нэмрээ оруулж, ингэснээр ард иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой. Оюу Толгойн одоогийн гүйцэтгэх удирдлага нь уул уурхайн салбарын олон төрөл чиглэлээр мэргэшсэн, Монгол, Англи, АНУ, Австрали, Япон улсын 12 мэргэжилтнүүдээс бүрдсэн болно. Оюу Толгойд тус компанийг хойшид амжилттай удирдан зохион байгуулах чадвар олгох, гүйцэтгэх удирдлагын ажлын байранд бэлтгэх зорилго бүхий сургалтын хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.
 

ГУРАВ: ОЮУ ТОЛГОЙ ХХК МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ТӨЛӨХ ЁСТОЙ ТАТВАР ХУРААМЖ, КОМПАНИЙН БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР…

Оюу Толгой ХХК бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээгүй буюу дөнгөж бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж байх 2011 онд Татварын Ерөнхий Газраас оны хамгийн өндөр татвар төлсөн зургаан аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч байсан юм. 2010 оны 1-р сараас 2012 оны 11-р сар хүртэлх хугацаанд Оюу Толгой ХХК Монгол улсын Засгийн газарт 803 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж, урьдчилгаа байдлаар төлөөд байгаа болно. Бусад аж ахуйн нэгжийн нэгэн адилаар Оюу Толгой ХХК Монгол улсын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж татвар, санхүүгийн тайлан, тооцоог Сангийн Яам болон Монголын Татварын Ерөнхий Газарт тайлагнадаг билээ.

2010-2011 оны хооронд Монголын Засгийн газрын хүсэлтээр 250 сая ам.долларыг Оюу Толгой ХХК-иас Засгийн газарт зээлдүүлсэн. Үүний нэг хэсэг нь буюу 150 сая ам.долларыг татварын урьдчилгаа болгож, ирээдүйд төлөх татвараас суутгах зориулалтаар зээлдүүлсэн юм. Урьдчилгаа төлбөрийн гэрээнд 2012 оноос эхлэн төлөх татвараасаа уг зээлийг суутгахаар заасан.

Зарим хүмүүс Оюу Толгой компанийг татвар төлдөггүй гэж шүүмжилдэг. Гэтэл бодит байдал дээр бид 2012 онд нийт 280 сая ам.долларын татвар, хураамжийг улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудад төвлөрүүлсэн юм. Үүнд,

  • 33.3 сая ам.долларын татвар, төлбөрийг Татварын Ерөнхий Газарт,
  • 94.6 сая ам.долларыг Өмнөговь аймгийн Татвар, Гаалийн албадад,
  • 122.5 сая ам.долларыг НӨАТ-ыг ханган нийлүүлэгчээр дамжуулан,
  • 29.7 сая долларыг нийгмийн даатгал болон бусад төлбөр, хураамжид төлжээ.

Оюу Толгой компани бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байдлаар явуулдаг. Оюу Толгой компанийн санхүүгийн тайлан нь Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын стандартад бүрэн нийцдэг.

  • Жилийн тайлан мэдээнд Хөрөнгө оруулалтын гэрээний 3.24-р заалтын дагуу бие даасан аудит шалгалт хийдэг.
  • Үйл ажиллагаа эхэлснээс хойш жил бүрийн аудит (2010-2011) хийсэн Оюу Толгойн санхүүгийн тайлан мэдээнүүд болон 2012 оны эхний хагасын тайлан мэдээг Засгийн газарт хүргүүлсэн болно.
  • Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн улирлын тайланг Засгийн газраас гадна Оюу Толгойн хувь нийлүүлэгчид болох Туркуаз Хилл Ресурс, Рио Тинто болон Эрдэнэс Оюу Толгой компанид тайлагнадаг.
  • Бүтээн байгуулалтын эхний үе шатанд Оюу Толгой ХХК 5.8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулж байгаа болно. Энэ бүхий л үйл явцын турш Монголын компаниуд Оюу Толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж, төслийг бүтээн байгуулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулж байна.

Оюу Толгойн ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа нь дэлхийн түвшний ханган нийлүүлэлтийн журам, үйл ажиллагаанд нийцсэн, ил тод ханган нийлүүлэлтийн бодлого, журмын дагуу (http://ot.mn/mn/procurement) явагддаг болно.

Оюу Толгойн ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааны явцад үндэсний ханган нийлүүлэлтийн бодлогын хүрээнд Монголын компаниудад давуу эрх олгож хамтран ажиллахыг зорьдог.

  • 2010-2012 оны хооронд Оюу Толгой компани Монголын дотоодын ханган нийлүүлэгч компани, аж ахуйн нэгжүүдээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зориулж 1.1 тэрбум ам.долларыг зарцуулсан.
  • Зөвхөн 2012 он гэхэд л бидний хамтран ажилласан бүх ханган нийлүүлэгчийн 67% нь Монголын аж ахуйн нэгжүүд байсан.
  • Орон нутгийн бизнес, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бид Хаан, Хас банкуудаар дамжуулан Өмнөговь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох бичил зээлийн санг байгуулсан. Орон нутгийн 53 бизнесийн байгууллагууд 1.2 сая ам.долларын хэмжээ бүхий энэ сангаас зээл аваад байгаа болно.

Дээр дурьдсан тоо баримт нь Оюу Толгойгоос Монгол улсын эдийн засагт оруулж буй мөнгө гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал бөгөөд шууд бус, алсуур ашиг тусаа өгөгч хүчин зүйлийг тооцон үзвэл Оюу Толгойн бодит ашиг тус ихээхэн өргөн цар хүрээтэй болох нь ойлгогдоно.
 

ДӨРӨВ: ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХАРЬЦАА, МОНГОЛ ГАДААД АЖИЛЧДЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮ, МОНГОЛ АЖИЛЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦЛИЙН ТАЛААР…

Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтыг Монголчууд болон дэлхийн 44 улс орны мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж уурхайг ашиглалтад орууллаа. 2012 оны эцэс гэхэд Оюу Толгой төсөлд 13 мянга гаруй хүн шууд ажил хөдөлмөр эрхэлж байснаас 85 хувь нь Монголчууд байлаа. Уурхайн ашиглалтын үед Оюу Толгойн нийт ажиллах хүчний хамгийн багадаа 90 хувь нь Монголчууд байх юм.

Гадаад, монгол ажилчдын аль аль нь өөрсдийн улс орны зах зээлийн нөхцөл байдалд тохирсон цалин хөлс авч байгаа билээ. Энэ бол дэлхийд тогтсон жишиг. Богино хугацаанд ажиллах гэрээтэй эдгээр гадаадын нарийн мэргэжилтүүдийг монголчуудад урт хугацаанд ашиглах мэдлэг, ур чадвараа зааж өгөхөд нь зориулж тэдэнд цалин хөлс өгч байгаа билээ. Монгол ажилчдын цалин хөлсний хэмжээг жил бүр уул уурхай, мэдээллийн технологи, банкны салбарын цалин хөлсний хэмжээтэй харьцуулдаг бөгөөд Оюу Толгойн цалин дундажаас өндөрт тооцогдож байна. Оюу Толгой ХХК-ийн хэлтсүүдийн тэн хагас нь 100 хувь Монгол ажилтнуудаас бүрдсэн. Өнөөдөр Оюу Толгойд уурхайн гагнуурчнаас эхлээд удирдах зөвлөлийн дарга нь Монголчууд байгаа болно.

Оюу Толгой нь Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарт 5 жилийн хугацаанд 126 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж байна. Ингэснээр Монголын 7 хот суурин газарт гурван шинэ МСҮТ барьж, одоогийн 4 МСҮТ-ийг шинэчлэн сайжруулж, 21 аймагт 3300 ажиллах хүчин бэлтгэх, олон зуун оюутныг гадаад, дотоодын их дээд сургуульд бүрэн тэтгэлгээр сургах боломжтой болсон юм.
 

ТАВ: ӨМНӨГОВЬ ДАХЬ ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ, ЗАМ БАРИЛГА, ХОТ БАРИХ ТУХАЙ АСУУДЛУУД…


Бид уурхайн хэд хэдэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлээд байна. Үүнд,

  • Нэг цагт 240 хүнд үйлчлэх хүчин чадалтай зорчигч үйлчилгээний танхим, агаарын удирдлагын цамхаг, онцгой байдлын байнгын ажиллагаатай, Бойнг 373, С-130 зэрэг том оврын онгоц хүлээн авах чадалтай, олон улсын стандарт бүхий нисэх буудлыг барьж дуусгалаа.
  • Оюу Толгойгоос урагшаа улсын хил хүртэлх 100 км засмал зам барьж байна. Мөн Ханбогд сумын төвд 10.3 км бүхий сайжруулсан замыг барих ажил 50 хувьтай явж байна.
  • Уурхайгаас 70 км зайд орчин Гүний Хоолой хэмээх газраас үйлдвэрлэлийн усыг нийлүүлэх шугам хоолойг татав. Гүний ус нь ойр орчмын малчдын ундны усны чанар болон ундаргад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй. Уг усны нөөц нь газрын гүнд, олон зуун жилийн далайн дарагдмал, хужиртай, хатуулаг өндөр учир хүн, мал уух боломжгүй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой ус юм. Засгийн газраас уурхайг ашиглах нийт хугацаанд уг усны нөөцийн зөвхөн 20 хувийг л ашиглах зөвшөөрлийг олгоод байгаа. Усыг татахдаа 3 метрийн гүнд ган хоолойг булж, гадарга болон мал, амьтанд ямар нэг сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхаар бүтээн байгуулсан.

Орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдэх үүднээс нэлээд хэдэн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнд,

  • Ханбогд сумыг 24 цагийн цахилгаан эрчим хүчээр хангах 5.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 35кВт цахилгаан шугамын ажил үндсэндээ дуусч байна.
  • Ундны усны эх үүсвэрийг нээж илрүүлэхэд зориулж 1.6 тэрбум төгрөг зарцуулж байна. Уг судалгааны ажил энэ онд үргэлжлэх бөгөөд ундны усны эх үүсвэрийг сумын төвтэй холбох ажлыг төлөвлөж байна. Оюу Толгойн үйлдвэрлэл нь орон нутгийн хүн, амьтны ундны усны ундарга, чанарт нөлөөлөхгүй үйл ажиллагааг явуулна.
  • Хоёр тэрбум гаруй төгрөгөөр Техник Мэргэжлийн сургалтын төвийг Ханбогд суманд байгуулсан. Өнгөрсөн оны 5-р сард ашиглалтад орсон, нэг дор 150 оюутан сургах хүчин чадалтай уг төв нь орон нутгаас мэргэжилтэй ажилтан хүчин бэлтгэхэд чухал хувь нэмэр үзүүлэх юм.
  • Дээрх бүтээн байгуулалтаас гадна Оюу Толгой компани Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд зориулан 30 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа болно.

Оюу Толгой компани уурхайг дагасан хот барихгүй байгаа тухай зарим хүмүүс асуудаг. Тэгвэл Оюу Толгой төслийн ТЭЗҮ болон Хөрөнгө оруулалтын гэрээнд шинээр хот барих тухай тусгагдаагүй байдаг хэдий ч бид Оюу Толгойн ажилчдын амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор Ханбогд сумыг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх Монгол улсын Засгийн газрын шийдвэр, санаачилгыг дэмжин ажиллаж байна.

Монгол улсад шинээр хот, суурин барих, хотын төлөвлөлт, хотын засаг захиргаа, засвар үйлчилгээ, зохион байгуулах эрх, үүрэг зөвхөн Засгийн газрын мэдэлд бий. Харин Оюу Толгойн зүгээс уул уурхайгаас хамааралгүй, урт хугацаанд оршин тогтнох, Оюу Толгойн ажилчид болон бусад хүмүүс амьдран суудаг, хөгжин цэцэглэсэн, эдийн засгийн олон төрөлжсөн чиглэлийг хөгжүүлсэн бизнес эрхлэгчдийн хот сууринг хөгжүүлэхийг дэмждэг билээ. Оюу Толгой компани төр засаг, орон нутаг, хувийн хэвшилтэй хамтран Ханбогдын хөгжлийг дэмжих, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол улсын бүх сум, хот суурин газарт зохион байгуулж, төлөвлөдгийн нэгэн адилаар Засгийн газар сургууль, эмнэлэг зэрэг холбогдох нийгмийн үйлчилгээг Ханбогд суманд төлөвлөн байгуулах шаардлагатай билээ.

Оюу Толгой компани хот төлөвлөлтийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа болно. Урт удаан хугацааны, тогтвортой хөгжилтэй хотыг барихын тулд барилгын ажил эхлэхээс өмнө нарийвчилсан төлөвлөлтийг хийхэд ихээхэн анхаарах ёстой. Ханбогд сумын удаан хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр Оюу Толгой компани Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэ үйл явц дуусаж, санхүүжилтийг шийдсэний дараа оролцогч талууд хотын бүрдэл хэсгүүдийг барьж байгуулж эхлэх юм. Зам, цахилгаан эрчим хүч зэрэг чиглэлээр хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг бидний зүгээс аль хэдийнэ хийж эхлээд байгаа болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж