ХЭҮК-ийн гишүүд тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

ХЭҮК-ийн гишүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ын зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан УИХ-аас Комиссын гишүүдийг шинээр томилсон билээ. Шинээр томилогдсон гишүүд өнөөдөр тангарагаа өргөлөө. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь гурван гишүүнээс бүрддэг бөгөөд Комиссын гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг, туршлагатай, ял шийтгэлгүй, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна гэж заасан байдаг.

ХЭҮК-ын гишүүнээр П.Оюунчимэг, Н.Ганбаяр нар 2013-2019 онд томилогдон ажиллахаар болоод байна. Гишүүн П.Оюунчимэгийн хувьд ХЭҮК-ын гишүүнээр хоёр дахь удаагаа томилогдон ажиллахаар болж байгаа юм.    

Комиссын гишүүд нь Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудал, хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал, зөвлөмж гаргах, олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх, УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох, хүний эрхийн асуудлаар судалгаа хийх, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг билээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж