Нью-Йорк хотноо Монголын соёлын өдрүүдийг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Нью-Йорк хотноо Монголын соёлын өдрүүдийг тэмдэглэлээ

Монголын соёлын өдрүүдийг АНУ-ын Нью-Йорк хотноо тэмдэглэж эхэлсний 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ тавдугаар сарын 19-нөөс зургадугаар сарын 19 хүртэлх хугацаанд болсон Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Нью-Йорк хотын холбогдох газруудад 21 төрлийн ажил зохион байгуулж, олон мянган америкчуудад Монголын  түүх, соёл, ёс заншлын  талаар зохих ёсны ойлголт өгч чадсан нь соёлын гэхээсээ илүү улс төрийн ач холбогдолтой болов.
Соёлын  өдрүүдийн гол цөм нь манай Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийн нэг болох “Ноцолдож байгаа хоёр гүрвэл”-ийн олдвор ясыг Нью-Йорк дахь 36 сая үзмэр бүхий, дэлхийд алдартай Америкийн Байгалийн түүхийн музейд дэлгэн үзүүлсэн явдал байв. Дээрх музейд мөн Монголд ажилласан экспедицүүдээс олсон болон өөрт байгаа  палеонтологийн үзмэрүүдээрээ,  зохиолч, гэрэл зурагчин Роберт Пекийн Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн, Рой Чапман Андрьюсын 1920-иод оны Монголын амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус гаргасан болно.
Түүнчлэн Нью-Йорк хотын Төв паркад хоёр өдөр бэсрэг наадам зохион байгуулж, Монгол түмний нүүдлийн уламжлалт ахуйг олонд танилцуулах зорилгоор монгол гэр, асар барьсан бөгөөд даян аварга Г.Өсөхбаяр, гарьд И.Доржсамбуу, заан Д.Бумбаяр, О.Одгэрэл нар үзүүлэх барилдаан хийсэн бол уртын дуучин Д.Түвшинжаргал тэргүүтэй Ардын дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид өөрсдийн тоглолтоо сонирхууллаа.  
Манхеттаны хүүхдийн музей 2000 оны тавдугаар сарыг Монголын сар болгон зарлаж, тэр үеэр Монголын түүх, соёлыг зориуд сурталчлахын зэрэгцээ монгол үлгэр ярих цуврал арга хэмжээ зохион явуулж байсан түүхтэй. АНУ-ын Колумбын их сургууль, Азийн нийгэмлэгтэй хамтран манай улс төр, эдийн засаг, нийгмийн байдал гадаад бодлогын талаар бүтэн өдрийн лекц, дугуй ширээний ярилцлага явуулж байв.
Хотын төвийн И.Ж.Франкелийн уран зургийн галлерейд манай дүрслэх урлагийн шилдэг 20 зураачийн зургийн үзэсгэлэн нээгдсэнээс гадна  Монголчуудын танил алдарт зураач Николай Рейрхийн музейд түүний 20-иод оны үед Монголд аялахдаа хийсэн бүтээлүүдийг нь дэлгэн үзүүлсэн юм.
Бронксын амьтны хүрээлэнд Монголын ардын дуу, бүжгийн тоглолт 6 удаа болж, тус хүрээлэнгийн Монголд ховордсон ирвэс зэрэг ан амьтдыг хамгаалах талаар Америкийн онгон байгалийг хамгаалах нийгэмлэгийн үйл ажиллагааг үзэгчдэд тайлбарлан таниулж байлаа. АНУ дахь Монгол, Америкийн соёлын нийгэмлэг жил бүр зохиодог “Чингис хааны тахилгын ёс” үйлдлээ соёлын арга хэмжээний хүрээнд Байгалийн түүхийн музейн Хауфман театрт зохиосон нь олны талархлыг хүлээсэн юм.Манай  алдарт ерөөлч магтаалч Ц.Цэрэндорж хүү  Соёл-Эрдэнийн  хамт Чингисийн тухай магтаал хайлж, зохиолч Ч.Дагвадорж тахилгын жононгоор оролцож байв.
Метрополитений урлагийн музей Илханы үеийн урлагийн “Морьтон” сэдэвт сонирхолтой үзэсгэлэн нээж, Селжукийн үеэс эхлэлээ авч, ялангуяа Илхадын эзэнт гүрний үеийн урлагт Монгол морьдын эзэлсэн байр суурийг  харуулсан зураг, үзмэр, Юань болон Алтан Ордын эзэнт гүрний үеийн уран бүтээлээс   дэлгэн  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тусгай сургалт явуулж байв.Тэр үеэр Колумбын их сургуулийн профессор, монголч эрдэмтэн М.Россаби “Монгол хаадын үе ба Европ, Азийг холбосон соёлын хөгжил” музейн лалын  урлагийн  департаментын орлогч эрхлэгч С.Карбони “Илханы үе ба Баруун Ази дахь урлаг, соёлын хөгжил” сэдвээр сонирхолтой лекц уншиж, асуултад хариулж байсан нь олны сонирхлыг татаж байлаа. Мөн Америкийн Байгалийн түүхийн музейн Маргарет Мийд фильм, видео фестивалийн департамент Монголын киноны бэсрэг наадам зохион байгуулж, “Ингэн буйлаан”, “Шагайн наадам” баримтат киног гаргаж “Догшин хутагтын сахиус” уран сайхны киног гарган үзүүлж байлаа.
Соёлын өдөртэй холбогдсон олон мэдээ, ярилцлага “Нью-Йорк таймс” сонин, “Нью-Йоркор” сэтгүүл, Нью-Йоркийн телевизийн 1, 9-р суваг, НҮБ-ын “ЮН дипломатик таймс” Ази гаралтай америкчуудын “А Магазине” зэрэг 10 гаруй хэвлэлд нийтлэгдэн гарч олон нийтэд танилцуулсан нь улс орноо сурталчлах ажилд ач  холбогдолтой болсон. Дээрх анхны гэгдэх арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Нью-Йорк дахь Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон,  элчин сайд Ж.Энхсайхан, Вашингтон, Бээжин дэх манай ЭСЯ, Энэтхэг, Монголын хамтын нийгэмлэгийн дарга А.Рахман,   Нью-Йорк хотын захиргаа, Төв парк, Америкийн Байгалийн түүхийн музей, НҮБ болон манай холбогдох яам, байгууллагууд, тухайлбал ТЗХЭГ, Жуулчин компани, Баянгол зочид буудал, АДБЧ-ын жүжигчид, бөхчүүд, сурчид идэвх зүтгэлтэй  ажилласныг соёлын өдөрлөг арга хэмжээнд гар бие оролцогчийн хувьд эргэн дурсахад таатай байна.

ЦОГТЫН НЯМСҮРЭН
АХМАД ДИПЛОМАТЧ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж