Мексикт бухтай тулалдахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Мексикт бухтай тулалдахыг эсэргүүцэв

Мексикт олон зуун идэвхитнүүд бухтай тулалдах тэмцээнийг эсэргүүцэн нийслэл Мехико хотын “Republic” талбайд жагсаал зохион байгуулсан байна. Эсэргүүцлийн жагсаалыг Мексикийн амьтны эрхийг хамгаалах “AnimaNaturalis” байгууллагаас зохион байгуулжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр идэвхитнүүд бухтай тулалдах тэмцээн амьтны эрхийг хэрцгийгээр зөрчдөг хэмээн шүүмжилж, тэдний өвдөлт, шаналлыг дүрслэхийн тулд хагас нүцгэлж, нуруун дээрээ улаан өнгийн будаг бүхий шингэн асган, олноороо газар “үхсэн мэт” хэвтсэн байна. Мексикийн амьтны эрхийн төлөө тэмцэгчид бухтай тулалдах тэмцээнийг зогсоохыг шаардсан эсэргүүцлийн жагсаалаа нийслэл хотноо тав дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ аж.

Мексикт жил бүр ойролцоогоор 9000 орчим бух хүмүүсийн хөгжөөн, цэнгээний золиос болдог тухай “AnimaNaturalis” байгууллагаас мэдээлжээ. Испани улсаас гаралтай бухтай тулалдах тэмцээнийг Мескикт 16-р зууны үеэс зохион байгуулж эхэлсэн байна. Латин Америкийн орнуудаас Мексик, Колумб, Перу, Эквадор зэрэг улсууд бухтай тулалдах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг аж. Харин Чили улс 1818 онд Испаниас тусгаар тогтносныхоо дараагаас бухтай тулалдах тэмцээнийг хоригложээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж