Татварын ерөнхий газар 2010 оныг “Татварын албадын үйл ажиллагааг сайжруулж, оюунлаг татварын албыг хөгжүүлэх жил” болгох зорилт дэвшүүлжээ. Уг зорилтын хүрээнд “Ирээдүйн татвар төлөгч” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. “Ирээдүйн татвар төлөгч” хөтөлбөр нь хүүхдүүдэд бага наснаас нь татварын боловсрол олгоход чиглэх ажээ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт татварын сэдэвчилсэн сургалтыг иргэншил, нийгмийн ухааны хичээлүүдийн үндсэн болон нэмэлт цагуудад багтаахаар урьдчилсан байдлаар тохиролцжээ.Татварын мэдлэг олгох хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөг одоогийн сургалтын хөтөлбөрт түшиглэн боловсруулж эхэлжээ. Сэдэвчилсэн төлөвлөгөөг зохиохдоо дунд сургуулийн тавдугаар ангид “Татварын тухай ерөнхий ойлголт”, есдүгээр ангид “Татварын мөн чанар”, арваннэгдүгээр ангид “Татвар ба татварын бодлого” сэдвээр тус бүр 3-6 цагийн хичээл зааж, татварын талаар эмх цэгцтэй, тодорхой ойлголт, мэдлэг олгохоор тооцож байгаа юм байна. Түүнчлэн татварын ерөнхий газраас иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Боловсрол" телевизтэй хамтран долоо хоног бүрийн лхагва гарагийн 20:30 цагаас “Татвар дарамт биш” цуврал нэвтрүүлгийг явуулж эхэлжээ.
Д.Цээпил
Д.Цээпил