Ivanhoe Mines Оюу Толгойд санхүүжүүлэлт босгож байна

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Ivanhoe Mines Оюу Толгойд санхүүжүүлэлт босгож байна

Европын сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/болон Олон улсын санхүүгийн корпорац /IFC/ хоёр хамтран нийтдээ 600 сая ам.долларын зээлийг Монгол Улс дахь Оюу толгой зэс-алтны төслийг санхүүжүүлэхэд зориулж “Ivanhoe Mines” компанид олгох асуудлыг судалж эхлээд байгаа талаар олон улсын агентлагууд мэдээлж байна.

Үүнээс гадна “Ivanhoe Mines” компанитай гарын үсэг зуран солилцсон захидалдаа ЕСБХБ болон ОУСК “Б-зээллэг” бүтцийн хүрээнд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгоход туслахаар тохиролцсон байна. Түүнчлэн өөр бусад зээл олгогч байгууллагууд “Ivanhoe Mines” компанийг уг төслөө санхүүжүүлэхэд 500 хүртэл сая ам.долларын санхүүжилт олгох сонирхлуудаа  илэрхийлжээ.

“Ivanhoe Mines” компанийн захирал Роберт Фридланд “Энэхүү санхүүжүүлэх багц дээр “Rio Tinto” болон бусад сангуудтай байгуулсан байгаа санхүүжилт, зээлийн тохиролцоонуудыг нэмэх юм бол бид Оюу Толгой төслийн уурхайг байгуулах ажилд шаардлагатай санхүүжилтийн нэлээд хувийг бүрдүүлчихэж байна. Санхүүгийн чадавхитай томоохон зээлдэгчид бидэнтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа нь бидэнд өөрсөд дээрээ болон хувьцаа эзэмшигчид дээрээ нэмэлт хүнд ачаа үүрүүлэлгүйгээр төслөө санхүүжүүлэх боломжтой болж байна” гэж ярьсан байна. ЕСБХБ, ОУВК хоёр дээр нэмээд өөр хоёр томоохон банктай гэрээ байгуулахаар “Ivanhoe Mines” зорьж байгаа бөгөөд эдгээр зээлдэгчидтэй тохиролцсоны үндсэн дээр 2011 оны эхний улиралд багтаан санхүүжилтийн асуудлаа эцсийн байдлаар шийдэж чадна гэж үзэж байна.

ОУСК, ЕСБХБ хоёр Оюу толгой төслийн бичиг баримт, байгаль орчин, нийгмийн судалгаатай нарийн танилцах бөгөөд удирдах болон захирлуудын зөвлөлүүд нь санхүүжилтийн талаарх эцсийн шийд гаргах болно. “Ivanhoe Mines” компанийн боловсруулан зээлдэгчидэд танилцуулж байгаа Оюу Толгой Цогц хөгжлийн төлөвлөгөө /IDP-10/-д Өмнөд Оюу толгой уурхайгаас анхны бүтээгдэхүүн гаргах хүртэл 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон байна.

Уг төлөвлөгөөнд Оюу Толгой ордоос олборлох эрдэсийн хэмжээг хоёр хувилбараар тооцоолсон бөгөөд бага хувилбарт нь тус ордоос 25.2 сая паунд зэсийн нөөцтэй гэж дурдсан бол нарийвлчлалтай олборлолтын хувилбараар тус ордоос 52.5 сая паунд зэс олборлоно. Бага хувилбараар тус ордоос 1.3 сая унци алт олборлоно гэж тооцоолж байгаа бол нарийвчлалтай хувилбараар 2.4 сая унци алт олборлоно гэж тооцоолж байна.

Австралийн “Rio Tinto” компани “Ivanhoe Mines” компанийн 22.4 хувийг эзэмшдэг бөгөөд энэ хувиа цаашид 46.6 хувь хүртэл  нэмэгдүүлж болно гэж тохиролцсон байна. Тус уурхай эхний 10 жилд жил тутам 544,000 тонн зэс, 650,000 унци алт олборлох бөгөөд тус уурхай нийтдээ 27 жил ажиллах болно гэж тооцоолжээ. “Ivanhoe Mines” компани тус төслийг Монголын засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар Оюу Толгой төслийн 66 хувийг “Ivanhoe Mines” компани, 34 хувийг Монголын засгийн газар эзэмшиж байна.

Нэг паунд зэс олон улсын зэх зээл дээр 3.1140 ам.доллар байгаа бол нэг унци алт 1187.55 ам.доллар байна. Нэг паунд 453.59 граммтай тэнцдэг бол нэг унци  нь 31.103 граммтай тэнцдэг.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж