Монголтой олон салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Монголтой олон салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын урилгаар айлчилж байгаа ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч А.В.Мишарин, Засгийн газрын Тэргүүн шадар сайд нар сая сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. ОХУ-ын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй иржээ. Хоёр улсын хамтын ажиллагаа өргөн хүрээнд идэвхжиж байгааг тэд  тэмдэглэж байлаа. Ноён А.В.Мишарин ОХУ-аас Монголд техник, алхагч эксковатор, хүдэр олборлох зориулалттай төхөөрөмжүүд, эрчим хүчний тоног төхөөрөмж, цахилгаан эрчим хүч үйлвэрлэгч турбинууд зэргийг нийлүүлэх боломжтой гэлээ. Мөн тээврийн чиглэлийн машины үйлдвэрлэл, төмөр замын хөгжил зэрэгт хувь нэмэр үзүүлэх боломжтой аж.
Бүтэн хагас өдрийн хугацаанд шахуу айлчлал хийж байгаа ч Худалдаа аж үйлдвэрийн танхимд зочилж хоёр талын уулзалт хийснээ амбан захирагч хэллээ. Хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэх, хоёр тал харилцан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах боломж байгааг тэрбээр хэлсэн юм. Эрүүл мэнд, эмнэлэг, оношлогоо, эмийн чиглэлээр хамтарч ажиллах бололцоо байгааг ч хэлж байв. Энэ удаагийн айлчлал сүүлчийнх биш, илүү хамтран ажиллах боломж байгааг амбан захирагч хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэлээ.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг төгсгөлд нь Свердловск мужийн талаар товч танилцуулсан юм. Тус муж 4,4 сая хүн амтай, Улаанбаатараас онгоцоор дөрвөн цаг нисээд хүрэх газар юм гэдгийг тэрбээр тодотголоо.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж