
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарлагдсан боловч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хуралдаж чадахгүй байна. Байнгын хорооны хуралдаан болох танхимд одоогоор тус байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Ганбат, Ч.Улаан нарын гишүүд л цуглаад байгаа юм. Уг хуралдаанаар Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд хувь хүний нууцад хамаарах зарим мэдээллийг Төрийн нууцын жагсаалтаас гаргахаар тусгаад буй. Харин энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сөрөг байр суурь барьж байгаа бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд тус төслийг УИХ-аас батлах ёстой гэж үзэж байгаа юм.
Г.ДАРЬ