Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “МАН-ын нөлөө бүхий гишүүд хандив нэрээр Хадгаламж зээлийн хоршоодоос их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй” гэсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Энэ дотор одоогийн МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн нэр ч багтаж байв. Түүнийг хоршоодоос хандив авсан гэдгийг нь нотолж байгаа гэгдэх “Талархлын бичиг” дээр “Халуун Болор” ТББ-ын гэсэн нэр, лого байсан юм. Энэ талаар болон “Халуун Болор” төрийн бус байгууллагын тэргүүн А.Одончимэгтэй ярилцлаа.
-Таны бие ямар байна. Эмнэлэгт хэзээ хэвтсэн бэ?
-Эмнэлэгт хэвтээд дөрөв хонож байна. Бид өлсгөлөн зарлаад 14 хоносон. Ийм олон хоног өлсөхөөр НҮБ энэ асуудлыг хариуцаж эхэлдэг юм байна. Тийм учраас бид өлсгөлөнгөө зогсоохоор шийдсэн. Тэгээд ч олон хүн “Сар шинийн баяр болж байна. Та бүхэн өлсгөлөнгөө зогсоогооч ээ. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй” гэсэн хүсэлтийг ирүүлээд байсан юм. Энэ үед Н.Энхбаяр даргын ээж Бүдханд гуай, эхнэр Цолмон, арван настай охиныхоо хамт ирээд “Ээжүүдээ амь насаа бод. Одоо өлсгөлөнгөө зогсоогооч ээ” гэж уйлаад гуйсан юм. Хамгийн өрөвдөлтэй нь Энхбаяр даргын 10 настай охин нь “Та нарыг над шиг охин чинь, хүү чинь гэртээ хүлээж байгаа. Тэдэн дээрээ эрүүл энх оч л доо” гээд уйлаад гуйсан нь үнэхээр өр өвтгөсөн л дөө. Үнэхээр элэг эмтэрч, өрөвдмөөр юм билээ. Тэгээд л бид өлсгөлөнгөө зогсоохоор шийдсэн. Миний хувьд зүрх муу байна. Хоолны үнэр ч авч чадахгүй юм.
-Х.Тэмүүжин сайд “Та нарын эхний шаардлагыг биелүүллээ. Одоо өлсгөлөнгөө зогсоогооч ээ” гэж хүсч байсан. Түүний энэ үг өлсгөлөнгөө зогсооход нөлөөлсөн үү?
-Тэмүүжин сайд залуу хүнийхээ хувьд сэтгэл гаргаж л байна билээ. Хэдийгээр ирж уулзаагүй ч, телевизээр “Эхчүүдээ одоо өлсгөлөнгөө зогсоогооч ээ” гэж хэлсэн нь сайхан санагдаж байсан. Бидэнд бас итгэл төрүүлсэн нэг зүйл нь Клиникийн нэгдсэн II эмнэлэгт Энхбаяр даргыг хэвтүүлэх өрөөг тохижуулсан байсан. Уг нь бид өлсгөлөн зарлаж эхлээд хоёр дахь хоног дээрээ Хууль зүйн сайдад захидал илгээсэн. Гэвч тэр захидал эзэндээ очоогүй бололтой. Телевизээр “Өлсгөлөн зарласан ээжүүдээс миний нэр дээр ямар нэг шаардлага ирээгүй” гэж хэлж байсан. Тиймээс бид TV9 телевизээр ил захидлаа гаргуулсан юм.
-Бусад эхчүүд одоо хаана байгаа вэ. Бие нь ямар байгаа бол?
-Бид нарыг нэг нэгээр нь эмнэлэгт тарааж хэвтүүлсэн. Намайг Чингэлтэй дүүрэгт хуваарилсан байсан юм. Тэнд ор байхгүйгээс коридорт нь хоёр хоног хэвтсэн. Олон хүн дунд хэвтэхэд хүндрэлтэй байсан. Зарим хүмүүс баяр хүргэж байхад, зарим нь “Энхбаяртайгаа үх” гээд ундааны сав хүртэл шидэх юм билээ. Ийм хүнд байсан учраас энд ирж хэвтээд л байж байна даа.
-Одоо ээжүүд дахиж өлсгөлөн зарлахгүй биз дээ?
-Өлсгөлөн зарласан ээжүүд бүгд холбоотой байдаг. Бид Энхбаяр даргыг сар шинийн баяраас өмнө хорих ангиас нь гаргах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Үгүй бол бидний ард олон ээж тэмцье, өлсгөлөн зарлая гээд хүлээж байгаа. Гэхдээ бид тэр ээжүүдэд “Өлсгөлөн битгий зарлаач ээ. Үнэхээр хэцүү байдаг юм байна. Тэмцлийн ийм хурц хэлбэрийг битгий сонго” л гэж зөвлөж байгаа. хамгийн аймаар нь, биднээс ч настай, ахимаг насны хүмүүс ирж, өлсгөлөн зарлая гэж байна лээ. Үүнд л сэтгэл их зовниж байгаа.
-Та нарыг мөнгөөр өлсгөлөн зарласан гэсэн мэдээлэл яваад байгаа. Үүнд ямар хариу хэлэх вэ?
-Өнөөдрийг хүртэл бидэнд хэн ч мөнгө өгөөгүй. Жишээ нь, би л гэхэд энэ эмнэлгийнхээ ор хоногийн төлбөр 100 мянган төгрөгийг төлж чадаагүй л өрөнд ороод сууж байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд, энэ өлсгөлөнд оролцсон эхчүүд бүгд л өрх толгойлсон ядарсан хүмүүс шүү дээ. Үнэхээр шударга үнэний төлөө тэмцье гэж л ирсэн. Сар шинийн баяр өнгөрөөгөөд TV9 телевизийхэн өлсгөлөн зарласан эхчүүдийн ар гэрээр явж сурвалжлага хийх юм билээ. Бодвол Баянхонгор аймагт очиж, миний амьдралтай танилцах байх. Эгч нь 1982 онд төрүүлсэн хүүгээ тархины саажилт гэдэг өвчнөөр алдсан. Тэрнээс хойш 15 жил Шаргалжуутын рашаанд эмчлүүлэхээр ирсэн саажилттай хүүхдүүдэд тусалж, тоглолтынхоо орлогоор төрийн бус байгууллагаа санхүүжүүлээд л явж байгаа жирийн эх хүн. Манай нутаг усныхан намайг мэднэ. Эгч нь Шаргалжуутынхаа багийн даргаар хүртэл сонгогдож явсан. Дөрвөн сайхан хүүхэдтэй, дөрвөн ханатай гэрт л амьдардаг айл. Хүмүүсийн хэлээд байгаа 10 сая төгрөгийг гартаа ч барьж үзээгүй хүн шүү дээ. Энд бас нэг зүйлийг онцолж хэлмээр байна.
-Тэгэлгүй яахав. Таныг сонъё.
-Биднийг өлсч байхад Баянхонгорт нярай хүүхэд түлэгдсэн харамсалтай явдал болсон. Гэтэл биднийг “болж, хохь чинь” гэж хэлсэн гэж сайтад бичсэн байсан. Ийм муухай хүний мөсгүйгээр хүнийг гүтгэж болохгүй шүү дээ. Бас Дарханд нэг аймар хэрэг гарсан байсан. Бас л биднийг хохь нь гэсэн утгатай юм ярьсан гээд биччихсэн байсан Ингэж л биднийг гүтгэж, муухайгаар харагдуулахыг хичээж байсан нь харамсалтай.
-Та Шаргалжуутад рашаан сувилал ажиллуулдаг гэсэн үү?
-Миний анхны хүүхэд сувилагчын буруугаас болж, пельтан шалан дээр унаад хөгжлийн бэрхшээлтэй болсон юм. Ингээд Шаргалжуутын рашааныг сайн гэж хүнээс сонсоод очиж эмчлүүлсэн ч хүүхэд маань эндсэн. Хүүг маань Болор гэдэг нэртэй байсан юм. Тийм учраас хүүгийнхээ гэгээн дурсгалыг бодоод саажилттай хүүхдүүдэд зориулсан “Халуун Болор” төрийн бус байгууллагыг санаачлан байгуулж, 1998 оноос Шаргалжуутын рашаан сувилалд ажиллуулж эхэлсэн юм аа.
-Би буруу сонсоогүй бол Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг гэдэг эмэгтэй МАН-ын дарга Ө.Энхтүвшинг хадгаламж зээлийн хоршоодоос их хэмжээний хандив авсан байж болзошгүй гэж мэдэгдсэн.
Энэ мэдээлэлтэй таны тэргүүлдэг “Халуун Болор” төрийн бус байгууллага нэр холбогдож байсан санагдаж байна.
-Тийм, тийм. Тэр үед Монголын улаан загалмайн байгууллагын тэргүүн И.Одончимэд гуайн гэргий Таня гэдэг эмэгтэй ач хүүгээ рашаанд оруулдаг байсан юм. Манай төрийн бус байгууллага хэдийгээр жижигхэн ч гэсэн Шаргалжуутад ирсэн саажилттай хүүхдүүдийг үнэгүй байр хоол, тоглох тоглоомоор хангадаг байсан. Тэр үед бас үйл ажиллагаагаа өргөжүүлье. Өшөө илүү олон саажилттай хүүхдүүдэд буян болох юмсан. Өөрийн гэсэн байшинтай болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Энэ үед буюу 2000 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин гэдэг хүн сонгуулийн сурталчилгаагаар ирсэн санагадж байна. Тэдний дотор У.Хүрэлсүх, Я.Содбаатар гэсэн МАН-ын залуучууд байсан л даа. Би тэдэнд ямар ажил хийж байгаагаа танилцуулж, байшин сав барихад минь туслаач гэсэн хүсэлт тавьсан юм. Ингээд өвөл нь Улаанбаатар хот орж, Ө.Энхтүвшин даргыг олж уулзаад төслөө танилцуулсан. Тухайн үеийн ханшаар тооцвол 15 сая төгрөгт байвал башинтай болчих байсан юм л даа. Ө.Энхтүвшин дарга болохоор буянтай сайн үйлс хийж байгаа юм байна. Боломжоороо дэмжье гээд Засгийн газрын хуралдаанд асуудлыг нь оруулж өгч байсан юм. Харамсалтай нь, бидний санал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдээгүй л дээ. Гэхдээ би И.Одончимэд, Ө.Энхтүвшин хоёрыг гуйж байгаад төрийн бус байгууллагынхаа Удирдах зөвлөлд оруулсан юм.
-Тэд Удирдах зөвлөлд чинь хэр удаан ажилласан юм бэ?
-Нэг жил гаруй л ажилласан байх. Тэр үед хадгаламж зээлийн хоршоод олноороо гарч ирж байсан санагдаж байна. Яг энэ үед манай Шаргалжуутын рашаанд Баян-Өндөр сан хадгаламж зээлийн хоршооны дарга Самбалхүндэв гэдэг хүний эхнэр Урнаа гэсэн байх аа. Нэг эмэгтэй хүүхэдтэйгээ ирж амардаг байсан юм. Тэгээд бидний үйл ажиллагааг хараад дэмжиж байгаагаа илэрхийлээд 50 мянган төгрөгийн хандив өгсөн. Бид хүн хандив тусламж өгч байхад зүгээр хараад суухгүй шүү дээ. Их бага юм өглөө гэлгүйгээр боломжоороо талархлын бичиг өгдөг байсан. Ер нь тэр үед дээд тал нь 100 мянган төгрөг л өгдөг байсан юм шүү дээ. Зарим нэг хүн хонь хандивлах ч тохиолдол гарч байсан. Ингээд хандив, тусламж өгсөн хүмүүстээ нэр хүндийг нь бодоод. Бас хүнд өгөхөд бас арай нэр хүндтэй юм гээд Удирдах зөвлөлийн гишүүн болохоор нь Одончимэд, Энхтүвшин гуай нарын нэрийг дээр нь бичээд, доор нь миний гарын үсэгтэй талархлын бичиг өгдөг байсан юм л даа. Үүнийг л Х.Оюунцэцэг гэдэг эмэгтэй ашиглаад ядарч зүдэрч явах үедминь ийм асуудалд манай төрийн бус байгууллагын нэрийг хутгаж байгаад үнэхээр харамсч байна.
-Ө.Энхтүвшин дарга болон И.Одончимэд нар өөрсдөө танайд хандив өгч байсан юм уу?
-Үнэндээ бол манайд нэг ч төгрөгийн хандив өгч байгаагүй хүмүүс. Гэхдээ энэ хүмүүсийн нэр нүүр, ач буянаар олон сайхан ажил бүтэж байсан юм аа. Нөгөө сайн хүний нэрийг хэд худалдаж ид гэдэг билээ. Түүн шиг л ядарсан хэдэн хүүхдүүдээ энэ хүмүүсийн нэрээр хэд хоног хоолтой байлгаж байсан минь үнэн. Энэ жил манай “Халуун Болор” төвийн 15 жилийн ой болж байгаа. манайд үнэ төлбөргүй байрлаж, үнэгүй хооллож ундлаад Шаргалжуутад эмчилгээ хийлгээд явсан олон хүүхэд, ээжүүд бий. Монголд 6000 гаруй саажилттай хүүхэд байдаг. Эмгэнэлтэй эцэгүүд нь өвчтэй хүүхдээ эхнэртэйгээ хаяад явсан хүн олон бий. Ийм л хэдэн ядарсан эх, хүүхдэд тусалсан нь Энхтүвшин даргын буруу болж байгаа юм байлгүй дээ. Үнэхээр тийм их мөнгө аваад баяжсан юм бол би дөрвөн ханатай гэрт амьдрах уу. Та нар хүсвэл очоод үзээрэй. Эгч нь дөрвөн ханатай гэрт дөрвөн хүүхэдтэйгээ л амьдарч суудаг хүн шүү дээ.
-Та энэ яриаг гаргасан Х.Оюунцэцэгтэй уулзаж байсан уу?
-Юуны өмнө ийм зүйлд нэр холбогдох шалтгаан болсонд Энхтүвшин даргаас уучлалт гуймаар байна. Нөгөө талаас энэ жил манай төрийн бус байгууллагын 15 жилийн ой тохиож байгаа. Энэ олон жилийн хөдөлмөр, энэ сайхан үйлсийг ийм муухай шаварт хутгаж байгаад Оюунцэцэг эгчид гомдсон.Би энэ хүмүүсийг үнэхээр гайхаж байна. Хаа байсан Баянхонгорт байгаа тахир дутуу хүүхдийн төлөө байгуулага ямар хамаатай юм бэ гэж бодсон. Тийм учраас утсыг нь олоод ярьсан юм. “Та нар яагаад миний хүүгийн дурсгалыг ийм муухай зүйлтэй хутгаж байгаа юм бэ” гэж гомдсоноо хэлсэн. Гэтэл Баян-өндөр сан хадгаламж зээлийн хоршоо их олон хохирогчтой юм байна. Байшин савыг нь хохирлоо барагдуулахаар лацадсан байдаг гэнэ. Тэгээд л доторхи бичиг цаасыг нь ухаж байгаад манайхаас өгсөн талархлын бичгийг олсон юм билээ. Ингээд л нарийн учрыг нь ололгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан бололтой юм. Надтай ирж уулзаад бүх учрыг нь ойлгоод уучлалт гуйгаад явсан. Намайг ямар хүн, юу хийж явдгийг минь гадарлах болохоор дахиж тийм юм ярихгүй байлгүй дээ.