Францын баг нэгдүгээр сарын 31-нд Бэкхэмтэй таван сарын хугацаатай гэрээ байгуулсан юм. Гэтэл гэрээг үзэглэсэн тухай мэдээлэл гарснаас хойш ердөө хэдхэн цагийн дараа “ПСЖ”-ийн гол ивээн тэтгэгч “Fly Emirates” нисэхийн компани энэ зунаар дуусгавар болох байсан гэрээгээ сунгахаар санал тавьжээ. Ингээд клуб болон компанийн удирдлага хоёрдугаар сарын 2-нд гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу ирэх таван жилийн хугацаанд “Fly Emirates” компани “ПСЖ”-д нийт 110 сая евро буюу жилд 25 сая еврог бонусын хамт төлөхөөр болжээ.
Үүний зэрэгцээ, Бэкхэмийн 32 дугаартай өмсгөлийн борлуулалт худалдаанд гарсан өдрөөсөө хит болжээ. Энгийн үед “ПСЖ” өмсгөлөө 40 еврогоор худалдаалдаг байсан бол Бэкхэм ирснээр өмсгөлийн үнэ 110 евро хүртэл өссөн гэнэ.
Францын “Паризьен”-д мэдээлснээр Бэкхэм дөнгөж таван сарын хугацаатай гэрээ байгуулсан нь түүний дараагийн ажилтай холбоотой аж. Тэрбээр 2022 онд Катарт болох ДАШТ-ий элч бөгөөд энэ ажлын хүрээнд ирэх зун Катарын нэг клубын тоглогч, басхүү дасгалжуулагч болох ёстой юм.