Банк дээрэмдсэн хэргийн талаар мэдээлэл өглөө

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Банк дээрэмдсэн хэргийн талаар мэдээлэл өглөө

Дээрэм гарсан өдөр хамгаалагч нь амарсан байжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хадгаламж банкны салбарт энэ сарын 03-нд буюу уржигдар 19.00 цагийн үед дээрмийн хэрэг гарсан. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Банкны салбарыг дээрэмдсэн хэрэг олны анхаарал татаж байна. Сэжигтэн ямар байдлаар банкийг дээрэмдсэн тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Тус банкны салбар уг нь 19.00 цагт хаалгаа барих ёстой юм билээ. Тухайн үед гурван теллер бүсгүй банкны бусад салбарын гүйлгээ, мэдээллийг хүлээж суусан гэсэн. Теллерүүд “Хар баг өмссөн, 160 орчим сантиметр өндөртэй, гартаа буу шиг зүйл барьсан хүн орж ирээд ширээн дээр ил байсан гурав орчим сая төгрөгийг шүүрч зугтсан” гэж мэдүүлсэн. Сэжигтнийг цагдаагийн байгууллагын ажилтнууд эрэн сурвалжилж байна.

-Сэжигтэн эмэгтэй хүн байсан гэж үнэн үү?

-Эмэгтэй хүн шиг харагдсан гэж мэдүүлсэн. Гэхдээ баттай бус. Таамаглаж байгаа.

-Банкинд хамгаалалтын ажилтан байсан уу?

-Гэрээт хамгаалалтын албаны хамгаалагчидтай хамтран ажилладаг гэсэн. Тэр өдөр хамгаалагчаа амраадаг өдөр нь байж таарсан юм билээ. Банкны машины жолооч түүнийг орлож, хамгаалалтад гарах ёстой ч байгаагүй гэсэн. Журам ёсоор бол банкинд 2-4 хамгаалагч тогтмол хамгаалалтад байх ёстой. Хадгаламж банк харуул, хамгаалалтгүй байснаараа гэмт хэрэгтэнд боломж олгосон байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж