Долоо дахь батаар Англид байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Долоо дахь батаар Англид байж магадгүй

Монголын Тираннозавр батаарын талаар дахин нэгэн шуугиан дэгдээд байна. Английн IBTimes.co.uk сайтад “Хулгайлагдсан гэх Тираннозавр батаарын араг ясыг Их Британид аваачсан байж болзошгүй гэсэн мэдээллийн мөрөөр Шотланд ярдын цагдаагийн газар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа” тухай мэдээлсэн. Харин Монгол Улсын Засгийн газар тарбозаврын төрлүүд дундаа маш ховорт тооцогддог батаарын эртний олдворыг эрж олоход туслахыг Их Британийн цагдаагийн газраас хүсчээ.

Энэ талаар Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Оюунгэрэлээс тодрууллаа.

-Дахин нэг батаар гадаад алдлаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар танд мэдээлэл ирсэн үү?

-АНУ-д алдагдсан “Тарбозавр” батаарыг илрүүлэх, мөрдөн шалгах явцад Эрик Прокопийн хилээр гаргасан өөр зургаан араг яс байгаа талаар мэдүүлэгт нь гарч ирсэн. Эдгээр зургаан араг ясыг АНУ-ын хууль хяналтын байгууллагуудад хураасан. Энэ зургаан батаарын араг яснаас гадна бас нэг батаарын араг яс Англи улсад байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийн дагуу Англид суугаа Элчин сайдын яаманд манай яамнаас захиа илгээн, “Эдгээр батааруудын араг яс хаана байгаа талаар хууль хяналтын байгууллагатай хамтарч сурвалжилж өгнө үү” гэсэн хүсэлт тавиад олон сар болж байна. Үүний дараа манай улсаас суугаа Элчин сайдын яам Английн цагдаагийн байгууллагад нь хүсэлт тавьсан. Харин Английн цагдаагийн байгууллага хамтран ажиллаж, эрэн сурвалжлахаар болсон байна. Мөн энэ талаар Английн сонингууд мэдээлж эхэлсэн. Сүүлийн үед “Нэг “Трабозавр” батаар хайж байна” гэсэн мэдээлэл Английн нөлөө бүхий сонин хэвлэлүүд цацаж байна. “Daily star news”, “Gardens” зэрэг сэтгүүлүүдээр “Монголын батаарыг Англид хайж байна” гэсэн мэдээлэл гарсан. Англид байгаа “Трабозавр” батаарыг Эрик Прокопитой хамт монголд ирсэн Крис Мур гэдэг хүнд байж магадгүй гэсэн мэдээллийг манай яам захиандаа дурдсан байгаа. Мөн АНУ-ын хууль хяналтын байгууллага ч дурдсан байгаа. Крис Мур гэх хүнтэй уулзаж, батаарыг байгаа эсэхийг Английн сэтгүүлчид асуусан байна лээ. Тэгэхэд нь Крис Мур хуульчаараа дамжуулан, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, бүх мэдээллээ өгч  байгаа учир хууль хяналтын байгууллагаар дамжуулан мэдээлэл өгнө гэсэн хариу өгсөн. Харин Англид суугаа элчин сайдын яам цагдаа болон хууль хяналтын байгууллагад тодорхой мэдээлэл, болон хамтарч ажиллаж байгаа.

Харин бидний хувьд Эрик Прокопийн ялыг эцэслэн тогтоох хүртэл буюу энэ оны дөрөвдүгээр сарын 25-ныг дуустал хүлээхээр болж байна. АНУ-ын хууль хяналтын байгууллагууд Эрик Прокопийн араг ясны сүлжээний хэргийг илрүүлсээр байгаа юм. Ингэсний дараа дөрөвдүгээр сарын 25-нд бидэнд хаана, хэдий хэмжээний араг яс байгааг мэдээлнэ гэсэн хүлээлттэй байна.  

-Тэгэхээр Крис Мур өөрөө мэдээлэл өгөхгүй байгаа нь ямар учиртай бэ?

-Крис Мур өөрөө мэдээлэл өгөөгүй. Харин өмгөөлөгч нь “Манай үйлчлүүлэгч цагдаагийн байгууллагатай нягт хамтын ажиллагаатай байгаа” гэсэн мэдээллийг өгсөн байгаа. Хэрвээ тэр хүнд батаарын яс байгаа бол Монголын талд буцааж өгөх тал дээр ажиллаж байгаа болов уу гэж бид хүлээж байна. Нягт хамтран ажиллана гэдэгт ихэвчлэн хууль бусаар олж авсан зүйлээ буцааж өгөх зүйл хамрагддаг. Эрик Прокопи ч мөн адил Монголын талд араг ясаа буцаан өгч, ял шийтгэлээ багасгах тал дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ асуудал дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл АНУ болон Английн цагдаа, хууль хяналтын байгууллага эрчимтэй шалгана гэсэн хүлээлттэй байна.

-Тэгэхээр Англид суугаа элчин сайдын яам хэвлэлээр гарч буй мэдээллээс өөр мэдээлэлгүй байна гэсэн үг үү?

-Бид Элчин сайдын яаманд хууль хяналтын байгууллагатай холбож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Английн зүгээс дипломат дэмжлэгийг авахад манай Элчин сайдын яам маш сайн ажиллаж байгаа. Хэрвээ Англид байгаа “Трабозавр”-ыг олж Монголд авчрах юм бол долоо болно гэсэн үг. Одоогийн байдлаар зургаан “Трабозовр” батаарын араг ясыг бидэнд шилжүүлэхээр хурааж авсан гэсэн. Гэхдээ бас хэдэн эвлүүлээгүй араг яс байгаа гэсэн. Гэхдээ яг хэдэн “Трабозавр” байгааг мэдээлээгүй.    

-Эдгээр “Трабозавр”батаарыг эх орондоо авчрахад хэдий хэмжээний зардал гарах бэ?

-Энэ зардлыг тогтоолгохоор АНУ-д байгаа хуульчдаа хандсан байгаа. Ямар хайрцаг саваар тээвэрлэх, ачуулахад ямар зардал гарах талаар бидэнд баримжаа олгоно уу гэсэн хүсэлт гаргасан. Харин манай хуульчийн зүгээс “АНУ-ын хууль хяналтын байгууллагаас Эрик Прокопийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш хурааж авсан араг ясыг буцаана гэсэн хариу өгч байгаа. Тэгэхээр одоохондоо зардлыг бодоход эрт байна” гэсэн хариу өгсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж