..Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн удахгүй болно. Хүн бүхэн дор бүрнээ баярын бэлтгэлээ базаан, угтан ирэх усан могой жилийг энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг бэлгэдэн хуруу даран хүлээж сууна. Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд “Тод магнай” сэтгүүлийн хамт олон 39 дэх дугаараа уншигчдынхаа гарт өргөн бариад байгаа ажээ. Хоёр он солигдох торгон мөчид хүн бүхэн хийж бүтээснээ дүгнэн ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргадаг уламжлалтай. Энэхүү агшинд “Тод магнай” ч луу жилийн морины шилдгүүдийг нэрлэжээ. Луу жилийн шилдгүүд хэн хэн гээч аавын азтай хүү болохыг сэтгүүлийнхээ шинэхэн дугаараас шимтэн уншина бизээ. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул залуу уяач Э.Дашчийрэвийн дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгджээ. Өнгөрсөн онд уясан хүлгэд нь хурдан байж, хоёр ч удаагийн шилдэг уяачаар тодорсон тэрээр”Уяач хүн аль болох даруу байх ёстой” хэмээн халуун дотно яриа дэлгэсэн байх аж. Бяцхан унаач Г.Сүхбат улс бүсийн наадмаас 2 түрүү, 8 айраг хүртсэн амжилтаараа шилдэг унаачдын нэгдүгээрт эрэмбэлэгдсэн билээ. Жаахан биедээ баймгүй хэрсүү хөвгүүний “Шилдэг унаач болж ээжийгээ баярлууллаа” гарчигтай ярилцлагыг онцлох байна.
Тэр бүр хэвлэлд яриа дэлгээд байдаггүй нэгэн эрхэм “Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаарын хойморноо тухлан, дотно яриа өрнүүлсэн байх ажээ. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Монгол хүн бүр үүх түүх, өв соёлоо мэддэг, дээдэлдэг байх нь тусгаар тогтнолын баталгаа юм” хэмээсэн дэлгэрэнгүй ярилцлагыг сонирхоорой. Монголын их өв хурдан морины соёлыг авч яваарай гэсэн өвөөгийнхөө захиасыг биелүүлэн хурдан моринд хорхойсох болсон Манлайн хурдан морины хөгжлийн төлөө хийснийг нь үнэлэх хүмүүс олон билээ. “Морь түрүүлгэж байж төв цэнгэлдэхэд орно” гэж өөртөө амласнаа гүйцээн луу жил азарга түрүүлгэсэн түүний яриаг уншигч танаа санал болгож байгаадаа таатай байна.
Мэдээж сэтгүүлийн байнгын булан “Урт чихт”, “Мэдэхэд илүүдэхгүй”, “Монгол бардамнал” шинэ сониноор дүүрэн байгаа шүү. Мөн шинэ дугаарын урлагийн буланд СТА, уртын дуучин Д.Жавхаасайхан уригдан “Хүүхэд байхдаа сайхан морийг үнэ хайрлалгүй худалдан авч гоёдог” байсан тухайгаа өгүүлсэн байна. Түүнчлэн “Уяач” буланд Өмнөговь аймгийн Цогтцэцийн хийморилог уяачид саатсан бол “Удам”-д Хурдан ухаа, Мундаа хээрийн эзэн Хангал хэмээх Э.Аюуш түүний удам залгасан уяач хөвгүүдийн тухай өгүүлжээ. Энэ мэт шинэ сониноор дүүрэн “Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаарыг “Интер”, “Мир”, “Номин” их дэлгүүрийн салбарууд, “Билэг” их дэлгүүрийн номын дэлгүүрүүдээр худалдаалж байна. Мөн 9408-2992, 9406-2992 дугаарт холбогдон авч болох юм.