Түр хороог санаачлагчид мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Түр хороог санаачлагчид мэдээлэл хийлээ

Уул уурхайн дэд хороог санаачлагч  гишүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор тэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Хэвлэлийн хурлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Уул уурхайн түр хорооны талаарх мэдээллийг хүргэлээ. Тэрээр, “Шинэ байгуулагдсан парламентад УИХ-ын нэр бүхийн  26 гишүүн шаардлага хүргүүлсэн. Бид үргэлжлүүлээд түр хороо байгуулах хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Үндсэндээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөдөлгөж,  хамгийн гол Монгол Улсад ашигтай байх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж ирсэн. Одоогоор 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-д 10 гаруй шаардлага бичгийг хүргүүлж ажилласан. Бид нэлээд эрчимтэй үр дүнтэй ажилласны үр дүнд шинэ Засгийн газраас Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад хоёр хоногийн дараа Оюутолгойн хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн хурлыг хийхээр болж байна. Уул уурхайн түр хороонд УИХ дахь нам намын төлөөллөөс орж, асуудлаа хэлэлцээд явна” гэлээ. Үүний дараа  УИХ-ын гишүүд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Монгол Улсыг тэр чигээр нь сэндийчиж, сэглэж хаях гээд байна. Ялангуяа Өмнөговь аймагт мал бэлчих газар байхгүй болсон. Монголын тусгаар тогтнол бол  малчин малтайгаа хээр тал нутагтаа байхад оршино. Бидний хийх ёстой гол ажил нь Монголын хаана нь ямар баялаг байгаа вэ, энэ баялгуудаа  хэзээ яаж ашиглах вэ гэдэг бодлогын хүрээг тодорхойлохоор өнөөдрийн Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Оюутолгойн гэрээний асуудал сөхөгдөн яригдаж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчид юу хүсч байгаа вэ гэхээр Монголын бодлого тогтвортой байхыг, тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг хүсч байгаа. Гэхдээ энэ бодлого Монголчуудын бүх талын эрх ашгийг олон түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн цагт тогтвортой байна. Хамгийн гол нь өнөөдрийн нөхцөлд хэтэрхий шударга бус гэрээг тогтвортой байлгаач гэж хүсээд байна. Нэг тал нь хэтэрхий өөрийн эрх ашгаа тулгасан, нөгөө тал нь зөвшөөрсөн хяналтаа тавих бололцоо байхгүй энэ гэрээг л бид зөв шударга зарчмаар өөрчлөх юм. Дахиад хэдэн ч жилийн баталгаа өгч чадах нөхцөл байдалд байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байх.  Хамгийн том зүйл бол энэ түр хороог эрх баригчид авах нь шударга биш юм. Эрх баригч толгойлоод явах юм бол энэ байдал буруу тийшээ явна. Эрх баригч биш аль нэг талаас энэ түр хороог удирдаад зохион байгуулаад явах нь асуудал эмх цэгцтэй явах юм. Түр хороо хуулиараа байнгын хорооны эрх эдэлдэг. Энэ том эрхээр Монголын уул уурхайд байгаа том гажуудлыг засах боломжийг олж авч байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хуульч хүний үүднээс ярихад гэрээнд гуравхан гол нөхцөл байдаг. Нэгдүгээрт, хугацаа. 70 жил гэдэг хуулин дээр ямар ч тоо байхгүй. Хоёрдугаарт, үнэ. Үнэ анхны тохирсноос хэд дахин өссөн байгаа. Гуравдугаарт, хийх ажлын нөхцөл. Гэхдээ ТЭЗҮ-ийг баталлаа гээд нөхцөл нь ард түмэнд тодорхой бус байгаа. Оюутолгойн  гэрээг дахиж ярих нь зөв гэж бодож байна. Аливаа уул уурхайд зөв бодлого, зөв журам байх ёстой гэж үзэж байна. Тиймээс энэ түр хороо байгуулагдсан гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

-УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлаад түр хороо байгуулаад УИХ-ын дэмжлэг авсанд баяртай байгаа. Бид уул уурхай хариуцлагатай байх уу, хөгжих үү гэдэг асуултын өмнө ирчихээд байна. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээр бид нэг ойлголттой боллоо. Өмнө нь уул уурхайн талаар зарим нь хамгаалдаг, зарим нь шүүмжилдэг байсан. Оюутолгой хөрөнгө оруулагч анхны хөрөнгө оруулалтыг улам бүр нэмсээр одоогийн байдлаар хоёр тэрбум ам.доллараас хэтэрсэн. Цаашид 10 гаруй тэрбумаар нэмэгдүүлнэ гээд яриад сууж байна. Ямар ч байсан хэн нэг хүмүүсийг буруутгахаас илүү Монголчуудад үр өгөөжөө өгсөн төсөл байгаасай. Оюутолгой бол ганцхан сэдэв. Цаана нь зөндөө олон хариуцлагатай уул уурхай байгаа. Бид энэ бүхний төлөө ажиллана

Уул уурхайн хөгжил түр хорооны эхний асуудал нь Оюутолгойн гэрээг өөрчлөх, мөн судалгаа хийх, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хэдэн уурхай, хэдэн компани байдаг зэрэг өнөөгийн ард түмний төөрөгдөлд оруулаад байгаа асуудлыг ил болгох зорилготой юм байна.
 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж