“Баянмонгол” компанийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

“Баянмонгол” компанийн төслийг хэлэлцэнэ

Намрын чуулганы хуралдаан хаах гэж байгаатай холбогдуулан намын бүлгүүд  чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа нарийвчлан хэлэлцэж байгаа. Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар улс орны хэмжээнд хүлээгдэж байгаа гол гол асуудлыг эхний ээлжинд хэлэлцэж, хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай, анхаарал татсан хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.

Тодруулбал,  Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж дуусах гэж байгаатай холбогдуулан энэхүү төслийг хэлэлцсэн байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бүлгийн хуралдаанаар гишүүдийн байр суурийг сонссон. Тогтоолын төсөлд орсон МИАТ-ын асуудлаар гишүүд, Иргэний нисэхийн салбарын хөгжүүлэх төрийн бодлогыг батлах нь зүйтэй. Гэхдээ МИАТ дээр тулгуурласан хэд хэдэн зүйл байгаад шүүмжлэлтэй хандсан. МИАТ компанийн  хувьчлалын асуудлыг бид өнөөгийн цаг хугацаанд уялдуулан харах ёстой. МИАТ-ыг  үнэ цэнэгүй болгож,  хувьчлах асуудал яваад байгаа гэж гишүүд үзсэн. Үүнтэй холбоотой МИАТ-ыг тойрсон мөнгө угаасан гэх хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой. МИАТ-ыг үнэ цэнэгүй болсон энэ үед нь хувьчлах сонирхолтой байгаа гэсэн нийгмийн хардлагыг бид бас анхаарах ёстой. Тиймээс МИАТ-тай холбоотой хувьчлалын асуудлыг МИАТ-ыг үнэ цэнэтэй болсны дараа нь ярих ёстой гэдэг дээр АН-ын гишүүд санал нэгдсэн” гэлээ.

 Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын баримт, бичигт тусгаснаар МИАТ компанийг хувьчилж, 51-ээс доошгүй хувийг төр эзэмшинэ гэсэн заалт УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдээгүй.  Энэ заалтыг өөрчилж, МИАТ-ад Үндэсний агаарын тээвэрлэгчийн статусыг олгоно гэсэн томъёоллоор асуудлыг авч үзэх нь зүйтэй гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна. АН-ын бүлгийн дарга хэлэхдээ, “Цаашдаа бид олон жил ужиг болсон төрийн өмчийг үнэгүйдүүлэх, төрийн өмчид элдэв зүйл шахдаг, мөнгө хөрөнгө шамшигдуулдаг явдлыг таслан зогсооход шуурхай арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн улстөрийн зорилготой шийдвэр гаргадаг арга хэмжээг өөрчлөх цаг болсон. Төрийн зохицуулалтаа зөв голдрилд нь оруулах ёстой, ингэхдээ алхам алхмаар урагшлах нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн” гэлээ.

Үүний дараа АН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн яамны  “Шинэ сум” төсөлтэй танилсан байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Орон нутаг, нийслэлтэй холбоотой асуудалд шуурхай хандаж байгаа. Өмнө нь “Гудамж” төслийг хэлэлцэж, Улаанбаатарын хөтөлбөрт орж байгаа нь хотын хөгжлийн асуудлыг авч хэлэлцсэн. Харин бид аймаг, сумдын хөгжил, сумдын иргэдийн амьдралыг яаж сайжруулах талаар юу хийх вэ гэдэг нь “Шинэ сум” төслийн гол зорилго оршиж байгаа юм байна. Энэ төсөл сумын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хүүгүй зээл олгох, сумын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, аймгийн хөгжлийн хангахын тулд хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг асуудлыг ярилцсан. Үүнийг Засгийн газарт танилцуулж, дараагийн хөтөлбөрт тусгахаар ярьж байна” гэсэн юм.

Мөн бүлгийн хуралдааны хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын  гишүүн Л.Болдын өнгөрсөн парламентийн үед санаачлан, өргөн барьсан “Баянмонгол” компани байгуулах хуулийн төслийн таницуулгыг сонссон байна. Энэхүү төсөл нь “Стратегийн ач холбогдол бүхий ордод тулгуурласан үндэсний уул уурхайн компани байгуулах” төсөл юм байна. Энэ талаар Д.Эрдэнэбат “Энэ асуудлыг хэрхэн авч үзэх, шинэлэг маягаар авч үзэх ямар арга байгааг ярилцлаа. Мөн УИХ-ын 39, 57-р тогтоолтой уялдуулан зөв голдрилд нь оруулж, иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, үндэсний компанийг үнэ цэнэтэй болгох, хуульчлах зайлшгүй шаардлага бий болоод байгаа энэ үед энэ төслийг авч үзэх нь зүйтэй гэж үзсэн.  Гишүүдийн олонхи дэмжиж Хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Энэ удаагийн АН-ын бүлгийн хуралдаан ажил хэрэгч болсон” гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж