“Саусгоби сэндс”-ийн хэргийг прокурорт шилжүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

“Саусгоби сэндс”-ийн хэргийг прокурорт шилжүүлнэ гэв

Хууль бусаар лиценз тараасан, сэргээсэн хэрэгт буруутай болох нь тогтоогдож АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын  Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар анхан шатны шүүхээс 5.1-6.6 жилийн ял сонсоод байгаа. Д.Батхуягийг хайгуул хийх эрхийг нь цуцлаад байсан “Саусгоби сэндс” компаниас хахууль авч, 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн дөрвөн лицензийг сэргээсэн  гэж буруутгасан. Тиймээс “Саусгоби сэнд” компанийн хээл хахуулийн хэргийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны зунаас эхлэн шалгаж эхлээд байгаа. 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар АТГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Билгүүнээс тодруулахад “Саусгоби Сэндс компанийн ерөнхийлөгч, АНУ-ын иргэн Жастин Каплаг манай байгууллагаас сэжигтнээр татан, шалгаж эхлээд байгаа. Одоогоор түүнээс мэдүүлэг авч байна, мөрдөн байцаалт дуусах хараахан болоогүй байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул түүнийг Монгол Улсын хилээр гарахыг түр түдгэлзүүлсэн нь үнэн. Мөн энэ хэрэгт тус компанийн хуулийн зөвлөх Австралийн иргэн Сара Армстронгийг шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэв.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Саусгоби сэндс” компанийн лицензтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа яваа тул тун удахгүй Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхээр зэхэж байгаа бололтой.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж