Шинэ өнгө аяс
Монголын рок, поп урлагийнхан хэвлэлийн бага хурал зарлан шинэ уран бүтээл, цомгоо танилцуулдаг уламжлал хэдийнэ хэвшил болсон. Харин дуучин Д.Болд хэвлэлийн бага хурал хийн цомгоо танилцуулахын зэрэгцээ тайз засан амьд хөгжмийн хамтлагтай шинэ цомгийн дуунуудаа дээжлэн хүргэсэн юм. Гэхдээ зүгээр л шинэ дуунуудаа ар араас нь дуулаад байсангүй. Тэрхүү уран бүтээлийн талаар таницуулан хэрхэн бүтсэн түүхээс хуваалцсан нь хэн хүний сонирхлыг татсан юм.
Шинэ оны эхний өдөр худалдаанд гарсан дуучин Д.Болдын “Монгол поп 2” цомог бол түүний монгол поп урсгалын үргэлжлэл. Хөгжмийн дуугаралтын хувьд монгол поп онцлог. Монголын уламжлал дээр тогтсон шинэ цагийн рок попын урсгал юм. Тиймээс Монголынхоо энэ урсгалыг дэлхийд мандуулахын төлөө хөдөлмөрлөж байгаа тэрээр уг цомгоо Itunes-т байршуулан борлуулж, ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хүртэл бүтээсэн нь Монголын рок попын түүхэнд анхны гэж хэлж болох. Түүний цомог хэдийнэ Itunes-ын шилдэг шинэ 10 цомогт багтсан тухай дуулгасан юм. Тэрээр “Уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй. Мөн Монгол попын шинэчлэлд төгсгөл гэж байхгүй. Бид үргэлж дээшээ тэмүүлж байх хэрэгтэй. Уран бүтээлээ тэгсхийгээд аргалаад хийвэл амжилтаас хойш нь татдаг. Тиймээс чанартай зүйл хийж бүтээхийн төлөө зүтгэсний маань үр дүн бол “Монгол поп-2” хэмээн онцолсон юм. Удахгүй amazon.com-оор “Монгол поп-2” цомгоо дэлхий даяар борлуулна гэсэн шүү.
“Монгол поп 2” цомогтоо зориулан тэрээр шинэ дүр төрхийг бүрдүүлэн тэдгээр зургуудаараа “хуанли” гаргасан нь шинэ он, цагаан сарын бэлгэнд хамгийн эрэлттэй байгаа гэсэн шүү. Учир нь Монгол поп гэдэг нь зөвхөн хөгжмөөс гадна монгол дээл хувцас, соёл урлаг, үнэт эдлэл уран дархны ололтыг шингээсэн бүтээлүүд аж. Үүнийг л сурталчлахын төлөө тэрээр зүтгэж байгаа. Тэрээр залуучуудыг эртний эдлэлийг зөвхөн музейд байдаг гэж битгий ойлгоосой гэсэндээ шинэ төрхийг бүрдүүлэн “Монгол поп 2”-т олон гайхалтай загваруудыг зохион монголын нэртэй дархан, уран гартнуудаар урлуулжээ.
“Үүлэн домог” хулгайн уран бүтээл биш
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Д.Болдын “Монгол поп 2” цомогт багтсан “Үүлэн домог” дууг Их Британийн реппэр, R&B дуучин Жэй Шоны 2008 онд гаргасан “Ride it”-ээс санаа авсан хэмээн бичих болсон юм. Үүнд, дуучин Д.Болд ““Үүлэн домог”-т бөөгийн хэнгэргийн хэмнэл гээд олон зүйлийг оруулсан. Урлаг мэддэг хүмүүс ялгаж чадна. Ерөнхийдөө гадны R&B дуучид Дорны буюу Ази аялгуу их ашигладаг болсон. Тийм болохоор төстэй санагдсан байж болох юм.Түүнээс бол мэргэжлийн хүмүүс сонсоод өөр гэдгийг нь хэлнэ дээ” хэмээн хариулсан юм.
“Монгол поп 2” тоглолтоо хийнэ
Тэрээр мэдээж “Монгол поп 2” тоглолтоо хийнэ амласан. Сайн, чанартай тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байгаа болохоор одоогоор тов зарлах эрт байна гэсэн юм. Сонирхуулахад, тэрээр энэ жил өөрийн бие даасан тоглолтын хажуугаар “Камертон 2” шоуны ялагчид болох хөвгүүдийн шинэ хамтлагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн ирэх зургадугаар сарын 24-нд “Камертон” хамтлагийн 18 жилийн ойн тоглолт гээд түүнийг олон тоглолтын ажил хүлээж байгаа гэнэ.
Шинэ цомгийн ажлууд
Дуучин Д.Болд “Монгол поп 2” цомгоо гаргаад гар хумхин суусангүй. Хэдийнэ дараагийн цомгийн ажилдаа оржээ. Өөрийнхөө бие даасан R&B цомог болон “Камертон” хамтлагийн шинэ цомгийн ажил ид явагдаж байгаа гэнэ. Мөн шинэхэн төрсөн хөвгүүдийн хамтлагийнхаа шинэ уран бүтээлд анхаарах гээд тун ч завгүй яваа юм байна.