Цай Лунь
Цаасны үйлдвэрлэл улам бүр боловсронгуй болсоор МЭ 2-р зуун гэхэд цаасыг гар аргаар үйлдвэрлэдэг байснаа бие даасан үйлдвэрлэл болж хөгжлийнхөө шинэ шатанд гарсан байна. МЭ 2-3-р зуун гэхэд цаасны чанар сайжирч, хусны холтос, торго даавуун дээр бичдэг байсан ном судар түүх болон үлдэж, хүмүүс жинхэнэ цаасан дээр ном судраа өргөнөөр бичих болжээ.
Цаас үйлдвэрлэж буй нь
Цаас үйлдвэрлэх арга технологи төд удалгүй дэлхийн таван тив дөрвөн далайд хүрч, дэлхийн шинжлэх ухаан болоод нийгэм соёлын хөгжилд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан юм. "Цаас нь дэлхийн үйл явц, өнгө төрхийг бүрэн өөрчилж чадсан юм. Ийм том хэмжээний хүчин зүйл өөр байхгүй ээ" гэж Английн эрдэмтэн Фегин үнэлсэн байдаг.
Цаас үйлдвэрлэх онол болоод арга нь өнөөг хүртэл эртний уламжлалт янзаараа, нэг үгээр хэлбэл аль тэртээх он цагийн Цай Лунь гэдэг хүний боловсруулсан технологоор хийгддэг юм байна.
Ном хэвлэх аргыг ч бас Хятадаас үүдэлтэй хэмээн үздэг. Яс, мод, төмөр, чулуу, торго дурдан дээр ном бичих ажил нь асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зардаг байсан тул үүнийг өөрчлөх шаардлага зайлшгүй гарч иржээ. Ингээд Хан гүрний сүүл үе буюу МЭ 172-178 оны үед модон дээр үсэг сийлж ном барлах болжээ. Ойролцоогоор МЭ 600-аад оны үе буюу Сүй улсын үед ардын дунд хэрэглэж байсан тамганаас үүдэн энэхүү сийлмэл барыг гаргаж ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд анхдагч нь болсон юм. Энэхүү сийлмэл бар хөгжлийнхөө явцад улам боловсронгуй болсоор Жүй улсын үед оргилдоо хүрчээ. Гэсэн хэдий ч цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зардаг, нэгэнт хийсэн барыг дахин дахин ашиглаж болохгүй, үг үсгийн алдааг засаж залруулж болохгүй зэрэг дутагдалтай зүйлс байсаар байв.
Энэ үед эгэл ардын дундаас эрдэм мэдлэг төгс Би Шэн гэдэг хүн хөдөлгөөнт бар зохиож, сийлмэл барын дутагдлыг арилгажээ. Ингээд МЭ 1041-1048 он гэхэд шавар бар бий болсноор хүн төрөлхтний хэвлэлийн түүхэнд маш том хувьсал гарсан гэж үздэг юм байна.