Гала концертод төрийн шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Арвайн тал”, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Аминаас үнэтэй Монгол”, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Дуун дээвэртэй Монгол”, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын “Монголоо санасан сэтгэл” зэрэг эх орны сэдэвт бүтээлүүд зонхилж байлаа. “Морин хуур” наадамд урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баттөмөр жил алгасалгүй орж байгаа бөгөөд 26 дахь удаагийн наадамдаа тэрээр “Хунгийн чуулган” дуугаа сойсон юм.
Дуучдын хувьд ч Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Б.Сарантуяа, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга нарын ард олондоо алдраа дуурсгасан шилдгүүд оролцсон. Оны шилдэг дууны хөгжмийн зохиолч шалгаруулах наадмыг Ардын жүжигчин П.Хаянхярваа, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан, Н.Энхбаяр, хөгжим судлаач Р.Ганбаатар, Д.Энхцэцэг нар шүүн тунгаасан.
“Морин хуур-2012” хөгжмийн наадмын тэргүүн шагнал “Гран-при”-г Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав “Аминаас үнэтэй газар шороо мину” дуугаараа хүртлээ. Энэ нь түүний хувьд “Морин хуур” наадмын гурав дахь шагнал нь юм. Тэрээр “Гран при” шагнал болох мөнгөн морин хуур, ивээн тэтгэгчийн шагнал гурван сая төгрөгийг гардан авлаа.
Харин хөгжмийн зохиолч, Б.Бямбабаяр “Дуун дээвэртэй Монгол” тэргүүн байрт шалгарсан бол Т.Сэр-Од “Монголоо санасан сэтгэл” дуугаар удаах байрыг, Х.Мөнх-Ертөнц “Үгүйлэн санахын романс” бүтээлээрээ гутгаар байрыг эзэлсэн байна.