МИАТ-ыг хувьчлах асуудлыг дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

МИАТ-ыг хувьчлах асуудлыг дэмжихгүй гэв

Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байгаа.  Үүнтэй холбоотойгоор энэхүү асуудлыг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж байгаа. “Шударга ёс”  эвслийн бүлэг өнөөдрийн хуралдааны эхэнд Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцсэн байна. 

Бүлгийн хуралдаан дээр гишүүд МИАТ-ын луйвраас эхлээд олон  асуудал гарч байгаатай холбоотойгоор саналаа хэлсэн байна. Одоогийн  нөхцөлийг харахад шууд хувьчлалыг дэмжихгүй байх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэн байна. Иргэний агаарын тээврийн компанийг цаашид ямар байр суурьтайгаар авч явах ёстой вэ гэдэг дээр эвслийн гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “МИАТ-ыг хувьчлах нь нэг талаар менежментийг сайжруулах, нислэгийн тариф, үр ашигтай санхүү, аж ахуйн менежмент яригдаж байгаа боловч цаад талдаа, тодорхой нэр бүхий гурван компанид хуьчлах, магадгүй дампууруулж, үнэгүйдүүлж, хувьчлах гэсэн санаатай байна гэх мэтийн байр суурийг эвслийн гишүүд хэлэлцсэн. Тиймээс эцсийн хэлэлцүүлэг дээр эвсэл хувьчлахгүй байх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэн” гэлээ.

 Үүний дараа эвслийн бүлэг Төрийн нууцын жагсаалтаас хасах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ төслийг  зарчмын зөрүүтэй санал байхгүй  тул Засгийн газраас өргөн барьсан тэр хэвээр нь батлах зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ. Мөн бүлгийн хуралдаанаар Аж ахуйн тусгай үйл ажиллагаа явуулах нэмэлт  зөвшөөрөл олгох тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын нэмэлт өөрчлөлт төслүүдийн талаар бүлэгт илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс энэ төслийг  Засгийн газрын оруулж ирсэн төслөөр дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Цаашдаа нефтийн импортыг төр 100 хувь хариуцдаг байх ёстой гэсэн “Шударга ёс” эвслийн бүлгийн сонгуулийн мөрин хөтөлбөрт тусгасныг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар болсон байна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  тодотгол болон 2030 оны хөгжлийн чиг хандлагатай холбоотой төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбоотойгоор эвслийн бүлэг хэлэлцсэн байна.  Эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Энэ төслийг зарчмын хувьд  дэмжиж байгаа ч хүн амын механик өсөлтөд анхаарал хандуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хүн амын суурьшил, шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрс нэмэгдснээр агаар, ус, хөрсний бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин нэмэгдэж, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байгаа. Тиймээс агаарын бохирдол, дагуул хот зэрэг төлөвлөлтийн бодлогод  анхаарал хандуулан ажиллах зарчмын саналаа холбогдох газруудад үүрэг өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ. Нийслэлийн ойролцоо байгаа хотуудыг мөн хөгжүүлэх, орон нутагт мөн нийслэлийн хөгжлийг хамтад нь ярилцах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэлээ.

Мөн тус эвслийн бүлгийн хуралдаанаар Ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгын мэдээллийг сонссон байна. Энэ салбарт хөгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэгтэй танилцсан байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж