Тоглолтын эхнээс л “Рейвенс” санаачилгыг авч, тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэвч гуравдугаар үеийн эхэнд цэнгэлдэхийн тог хэсэгчлэн тасарч, тоглолт 30 гаруй минут саатсан нь тоглолтын арга барилаа олоод байсан “Балтимор Рейвенс”-ийг хөргөөж, харин “Сан Франциско Форти-найнерс”-т амрах, басхүү тоглолтоо дүгнэх боломж олгосон гэж болно.
Тоглолт дахин эхлэхэд “Рейвенс”-ийн хамгаалалт, довтолгоо аль аль нь суларч, энэ боломжийг ашиглан “Форти-найнерс” дөрвөн минут, 10 секундэд 17 оноо авснаар тоглолтыг улам сонирхолтой болгов. Гэвч энэ өдөр “Рейвэнс”-ийнх байлаа. Хэдийгээр тог тасарч, тэд давамгайллаа алдахад хүрээд байсан ч эцсийн мөчид амжилттай хамгаалалт хийсний үр дүнд аварга боллоо.