Хавдар эмчлэгддэг өвчин

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Хавдар эмчлэгддэг өвчин

Өнөөдөр 2-р сарын 4. “Хорт хавдраас сэргийлэх, хянах холбоо”-оос санаачлан энэ өдрийг “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Энэ холбоо нь 155 орны хавдрын томоохон нийгэмлэгүүд, эрүүл мэндийн яамд, судалгааны болон эмчилгээний төв, өвчтөний бүлгүүд зэрэг 765 байгууллагын гишүүнчлэлтэй олон улсын төрийн бус байгууллага ажээ. Манай улс ч гэсэн энэ жил энэ өдрийг “Хорт хавдрын талаар юу мэдэх вэ?” уриан дор хорт хавдрын тухай төөрөгдөл, буруу ойлголтыг засаж, эрт илрүүлэлтийг бий болгох зорилгоор тэмдэглэж байна.

Ингэхэд бид нээрээ хавдрын талаар яг юу мэдэх вэ?

Энэ асуултанд элэгний, ходоодны гээд хавдар ямар эрхтэнд тархсанаар нь нэрлэдэг нэршлийг хэлэхээс өөрийг хэлж чадахгүй нь. Гэтэл хавдрын өвчлөл дэлхийн хэмжээнд хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт буюу зүрх судасны өвчлөлийн дараагаар бичигддэг байна. Дэлхийд нэг жилд 12,7 сая хүн хорт хавдар өвчнөөр өвчилсөн бүртгэгдэж, 7,2 сая нь нас бардаг гэсэн харамсалтай судалгааг гаргажээ.

Харин манай улсад жилд 4600 орчим шинэ тохиолдол оношлогдож 3000 гаруй нь нас бардаг байна. Хорт хавдраас болж нас баралт өндөр байгаа нь эмчилж чадахгүй байгаадаа бус өвчлөлийн 75 орчим хувь нь хожуу үедээ илэрдэг гэж мэргэжлийн хүн ярьж байсан юм. Хорт хавдрын өвчлөлийг дөрвөн үед хуваадаг. I, II үе буюу урьтал үедээ илэрсэн хортой, хоргүй хавдар 100 хувь эдгэрэх боломжтой байдаг бол III, IV үе буюу хожуу шатандаа илэрсэн тохиолдолд бүрэн эмчлэхэд хүндрэлтэй. Үүний гол шалтгаан нь хавдрын эхний үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бол зовиур шаналгаа мэдрэгдэж ирэхэд аль хэдийнэ хожуу үедээ орсон байдаг байна. Тиймээс хувь хүн өөрийн биеийн эрүүл мэнддээ анхаарч, эмнэлгийн үзлэгт тогтмол хамрагдаж байх нь хавдрыг эрт илрүүлж, бүрэн эмчлэхэд маш их ач холбогдолтой. Гэтэл ихэнх иргэд хавдар өвчний талаар ташаа ойлголттой байдаг ажээ. Хавдар өвчин зөвхөн эрүүл мэндэд хор хөнөөл учруулахаас гадна орны нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж, хүний амьдралын хэв маягыг өөрчилдөг өвчин юм. Хүмүүст байдаг хамгийн том төөрөгдөл бол хавдар өвчин зөвхөн өндөр настай хүнд тохиолддог гэж боддог явдал. Ихэнх хортой, хоргүй хавдар нас ахих үед илэрдэг нь үнэн боловч хавдрыг үүсгэгч вирус тухайн хүний биед 15-20 жилийн өмнөөс орж, энэ хугацаанд өвчнийг хүндрүүлсээр байдаг. Жишээ нь элэгний хорт хавдрыг үүсгэгч гол вирус болох B гипатит хүний биед орсноос 20-30 жилийн дараа хавдар өвчний шинж тэмдэг илэрч эхэлдэг байна.

Манай оронд хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн тархалт өндөр байдаг. Тухайлбал, 2009 оны судалгаагаар манай орны хүн амын 3908 хувь нь илүүдэл жинтэй, 12,5хувь нь хэт тарган, эрэгтэйчүүдийн 39,7хувь, эмэгтэйчүүдийн 15,1 хувь нь сард таваас дээш удаа архи уудаг гэсэн судалгаа гарсан байна. Гэтэл мэргэжлийн эмчийн зөвлөж байгаагаар бол хоол хүнсийг хэт халуунаар нь хэрэглэхгүй байх, давс, өөх тос /амьтны гаралтай/ бага хэрглэж хэвшвэл хавдар өвчин тусахгүй байх магадлал  өндөр байдаг аж. Мөн хүмүүс хавдар туссан л бол “Энэ миний хувь тавилан” хэмээн хүлээн авдаг. Гэтэл амьдралын буруу хэвшлээс зайлсхийж, жилд ядаж нэг удаа мэргэжлийн эмчийн үзлэгт орж шинжилгээ өгч байвал энэ өвчинд нэрвэгдэхгүй байж болох аж. Хортой, хоргүй хавдар аль нь ч эрт оношлуулж, амьдралын зөв хэмнэлтэй байж чадвал бүрэн эмчлэгддэг өвчин юм шүү.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж