Нас барсан хүүхдүүдийн гэрчилгээг хэрэглэж байжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Нас барсан хүүхдүүдийн гэрчилгээг хэрэглэж байжээ

Их Британийн нийслэл Лондон хотын Цагдаагийн газар нас барсан олон арван хүүхдийн  гэрчилгээ, нэрийг ашиглаж байсныг тогтоосон байна. Нас барсан хүүхдүүдийн нэр, гэрчилгээг тагнуулын ажилтнууд нь хэрэглэж байсан ажээ. Энэ талаар The Guardian хоёрдугаар сарын 3-ний дугаартаа бичсэн юм байна.

Тус хэвлэлийн мэдээлснээр нас барсан 80 орчим хүүхдийн нэр, гэрчилгээг нууц ажилтнууддаа ашиглуулахдаа хүүхдүүдийн төрсөн эцэг эхэд нь огт дуулгадаггүй байсан гэнэ. Их Британийн Цагдаагийн газар тус хэргийг хүлээн зөвшөөрсөн ч иймэрхүү явдал өнгөрсөн үед л байсныг нэмж дурьдсан байна. Их Британийн парламентийн Дотоод хэргийн байнгын хорооны гишүүн Кит Ваз энэ хэргийг дуулаад “аймшигтай”, “цочролд ормоор” гэж тодорхойлжээ. Тэрээр Лондоны Цагдаагийн газрынхан энэ хэргийнхээ талаар Дотоод хэргийн байнгын хороонд тайлбар хийх зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдээд байна.

The Guardian-ийн мэдээлснээс үзвэл зарим нууц ажилтнууд аль хэдийнэ хорвоог орхисон хүүхдийн нэрийг 10 гаруй жилийн турш ажилдаа ашиглаж байжээ.

Дөрвөн жилийн турш нэгэн хүүгийн нэрийг ашигласан цагдаа сонины газар өөрийгөө илчилж, ярилцлага өгөхдөө нас барсан хүүгийн цогцсыг үргэлж онгичоод байгаа юм шиг сэтгэгдэл төрж явснаа ярьсан байна. Хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх тоолондоо тэр өөрийгөө буруутган, зүхдэг байснаа ч дурсчээ.

Мөн хоёр жилийн турш нэгэн хүүгийн нэрийг ашиглаж, амьдарч, ажиллаж явсан цагдаа эрийг гэнэт харилцаа тасалмагц найз бүсгүй нь идэвхтэй хайлт хийгээд аль хэдийнэ нас барсан хүүгийн нэрийг барьж явсныг илрүүлсэн юм байна. Найз бүсгүй нь 20 жилийн өмнө өөд болчихсон хүүгийн эцэг эхтэй уулзаагүйдээ баярлаж явдгаа мөн ярьжээ.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж