Ш.Наранчимэг: “Хоолойдоо таарсан бүх дуурьт тоглохыг мөрөөддөг”

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Ш.Наранчимэг: “Хоолойдоо таарсан бүх дуурьт тоглохыг мөрөөддөг”

Дуурь бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн амралтын өдрүүдээр Италийн  нэрт хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Турбадур” дуурийг тавилаа. “Турбадур” нь манай дуурийн театрт урьд өмнө тавигдаж байсан дэлхийн сонгодог урлагийн сор болсон дууриудын нэг билээ. Дуулаачийн хоолойны чадал, цар хүрээг харуулсан томоохон хэмжээний ари, гурвалсан дуэт олонтой тус дуурийн Леонора ван авхайн дүрд тоглосон ДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Ш.Наранчимэгтэй уулзлаа.

-Энэ дуурьт хэд дэхь удаагаа тоглож байна?
-Маш олон удаа тавигдсан дуурь. Миний хувьд  хоёр дахь удаагаа дуурийн театрын тайзнаа Дж.Вердийн “Турбадур” дуурийн Леонора авхайн дүрд тоглолоо. Энэ дуурь жилд нэгээс хоёр удаа л тоглогддог. Би өнгөрсөн жил анх удаа тоглосон. Тоглолт сайхан боллоо. Сэтгэл өндөр байна.

-Энэ дуурь дуулаачдаас хоолойны чадал шаардсан ари олонтой санагдсан?
-Ерөнхийдөө бусад дуурийг бодвол дөрвөн гол дүртэй, дүрүүд нь том хэмжээний ари, дуэт гээд  сопран  баритон, медсопран,  тенор хоолойтнуудын хүчийг шавхсан, мэргэжлийн дуучид гэж ямар түвшинд байх ёстой юм түүнийг харуулахуйц  том цар хүрээний, хүн болгон барьж аваад дуулчихаар тийм дуурь биш л дээ.

-Анх энэ дуурьт тоглохдоо ямар хугацаанд бэлтгэл хийж байв?
-Би  “Турбадур” дуурьт удаан хугацаанд бэлдсэн. Бараг хоёр жил шахуу нотоо харан бэлтгэл хийн одоо дуулах болж дээ гэж бодсны дараа шалгуулсан. Өнгөрсөн жил энэ дуурь дахин шинэ залуу бүрэлдэхүүнээр солигдон тавигдсан. Энэ жил тэр багаараа Долгормаа эгчтэй хамтран тоглоллоо.

-Таны Леонора авхайн дүр бусад дүрүүдээс тань юугаараа ялгаатай байсан бэ?
-Миний сапрон хоолойны дуурийн онцлог  гэхээр нэг дуурь дээр хоёр гурван ари дуулах ч юм уу, яг гол дүрийг онцолж хэлэх юм бол хамгийн их дуулж байгаа нилээн хоолойны чадал шаардсан том дуэт, ансамбел, хоёр том аритай  дүр л дээ. Би өөрөө драматик сопрани болж төрсөндөө их баярладаг. Манай театрт тоглогддог сопран хоолойтнуудад зориулсан бүх дууриуд бүгдээрээ хамгийн сүүлдээ үхэж дуусдаг. Нэг удаа ч гэсэн аз жаргалтай төгсдөг дуурьт тогломоор санагдаад хайтал, монгол дуурь “Учиртай гурван толгой” байсан. Аягүй гоё хуримаа хийгээд төгсдөг./инээв/ Гэхдээ хэдийгээр ихэнх миний тоглосон дууриуд эмгэнэлтэй төгсдөг ч гэсэн дуулахад эвтэйхэн, бусад азийн орнуудыг бодвол манай дуурийн театр жилийн дөрвөн улиралд ажилладаг болохоор сопран хоолойд зориулсан “Тоска”  “Чио Чио Сан”, “Турбадур”, “Богема” гээд дэлхийн том том дуурийг бүгдийг нь тавьчихсан учраас дуулахдаа дүр бүрийн онцлогийг гаргахын их хичээдэг. Тухайн үед энэ хүн маань ямархүү хүн байв, зан араншин нь ямар байсан, яг юуг гаргаж хэлэх гэж байгаа вэ гэдгийг нилээн сайн гаргаж дуулья гэж боддог. Дуулахдаа Нараа биш “Турбадур”-ын Леонорагийн дүрийг илүү харуулж л дуулдаг даа.

-Нэг дүрээс нөгөө дүр лүү яаж шилжин дуулдаг вэ?
-Нэг дүрээс нөгөө дүрд шилжихдээ гол нь тухайн үед яг ямар байсан энэ бүхнийг судалж байж л тэр үеийг харуулах, мэдээж хамгийн нэгдүгээрт сайхан дуулах ёстой. Өөрийхөө бүх чадлыг шавхаж дуулья гэж боддог.

-Таны мөрөөдөж явдаг ямар дүр, дуурь, ари  байдаг вэ?
-Маш олон байна даа. Манай дуурийн театр арванхоёрдугаар сард “Аида” дуурийг тавих гэж байгаа. Энэ дуурьт болон дуурийн театрт тавигдаж байгаа өөрийнхөө сопран хоолойд таарсан бүх дуурьт тоглохыг мөрөөддөг.

-Ойрын  үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Манай театраас дөрвөн дуучин энэ сарын 31-нд Москвад болох Олон улсын дуурийн дуулаачдын ураалдаанд явна. Энэ уралдаанд бид бичлэгээ явуулсан. 180 гаруй дуучдаас 50 дуучин уралдаанд оролцохоор шалгарсан,  манай театраас дөрвөн дуучин оролцоно. Хилийн чанадад олон улсын томоохон залуу дуурийн дуулаачдын уралдаанд оролцохоор бэлтгэлээ хийгээд, дуурьтаа дуулаад завгүй л байна даа.

-Таньд амжилт хүсье
-Баярлалаа

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж