Ашигт малтмалын салбарт ямар хууль хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын салбарт ямар хууль хэрэгтэй вэ?

Сүүлийн өдрүүдэд Монголын уул уурхайн
салбарынхан ихээхэн хөдөлгөөнтэй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид нь
үргээд зугтах гэж байгаа зээр шиг сортолзон, “энэ Монголчууд яах нь вэ”
гэж УИХ, Засгийн газрын зүг хамаг нүд чихээ тавьжээ.

Хашир
дэндсэн нэг нь түрүүлэн зугтдаг шиг зарим нэг хөрөнгө оруулагчид ч
зугтаж, бултах замаа хайгаад эхэлсэн бололтой. Үр дүн нь шууд гарч
эхэлж. Тодруулбал дэлхийн биржүүд дээр Монголын уул уурхайн компаниудын
хувьцаа 60-70 хувийн уналттай байх аж. Мэдээж алдагдал хүлээсэн хөрөнгө
оруулагчид хувьцаанд хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй нь тодорхой.
Гэтэл татгалзaя ч гэсэн бараг ухрах замгүй болж буй бололтой. Монгол
ирээдүйгээ уул уурхайтай холбож 1.5 тэрбум төгрөгийн өрийн бичиг
гаргасан. Ирээдүйд ч нэмж 3,5 тэрбум гаргах төлөвлөгөөтэй аж. Гэтэл уул
уурхайн салбарт хэрэгжих дүрэм журам, хууль нь эдийн засгийн бодлогоор
биш улс төрийн бодлогоор шийдэгдэж буй үед эргээд эрсдлийг татаж,
гаргасан бондын хүүг нэмэгдүүлэх нөхцөлд хүргэж буй юм.

Ийм үед
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл илүүтэй
анхаарлын төвд оров. Гэтэл агуулгыг ярьж ч эхлээгүй байтал хэлбэр
талаасаа шүүмжлэл дагуулж эхлэв. Энэхүү төслийг хууль бичигдэх техникийн
талаас нь хуульч х.Баярмаа “Уг нь хуулийн төсөл боловсруулахын өмнө
юуны учир ямар харилцааг зохицуулах гэж буйгаа тодорхойлж үзэл
баримтлалыг нь боловсруулдаг. Би өнөөдрийг хүртэл энэ хуулийн төслийн
үзэл баримтлалыг олж хараагүй л байна. Иймд би үүнийг үзэл баримтлалгүй
хууль гэж харж байна. Хуульд нэг нэр томъёог  нэг л утгаар хэрэглэдэг.
Гэтэл өөрөөр ойлгогдох утгатай 24 заалт  энэ хуулийн төсөлд байна. Мөн
Үндсэн Хуультай зөрчилдсөн байж болох 15 заалт байна. Шууд уншаад
ойлгохооргүй заалт 178 байна. Түүнчлэн зүйл заалтууд нь уялдаа муутай,
хоёрдмол утгатай. “Болно” гэх хоёрдмол утгатай 63 заалт байна. Иймд
боловсруулалтын хувьд тааруухан төсөл болсон гэж дүгнэхээр байна” гэж
тодорхойлов. Хэлбэр нь ийм тааруухан байгаа нь агуулгад итгэх итгэлийг ч
үгүйсгэв. Эрсдэл ихтэйн адил олох ашиг ч өндөртэй энэ салбарт асуудал ч
мөн их. Ямартаа ч хуулийн төслийг одоо буй байдлаар нь батлахыг
салбарынхан нь хүлээн зөвшөөрч чадахгүй л байна. Тэд одоо ч асуудлыг
тодорхойлж, саналаа өгч байна. Энэ боломж уншигч таны хувьд ч одоогоор
нээлттэй буй аж. Ингээд Ашигт малтмалын хуулийн төслийн талаарх эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүдийн саналаас танилцуулья.

Ажлын хэсгийн гишүүн Д.Бат-Эрдэнэ:

Хайгуулын
болон ашиглалтын лицензүүдийг хамаагүй тарааснаас наймаа дэлгэрсэн.
Ашигт малтмалын хуульд ерөөсөө байдаггүй. Улсад ямар ч татвар
төлөлгүйгээр тэдэн саяар зарлаа гэдэг улсад хэд орсныг хэн ч мэддэггүй
байсан. Хэт олон хайгуулын лицензтэй компаниуд гарч ирсэн. Зарим хүн
гэхэд 200 лицензтэй, талбай нь гэхэд л бараг Европын нэг орны талтай нь
тэнцэх тийм том талбайтай компаниуд гарч ирсэн.

Ажлын хэсгийн
гишүүн Ц.Даваацэрэн: Өнөөдрийн Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх
явцад олон зүйл ажиглагддагийн нэг нь одоо мөрдөгдөж буй хуулиар тусгай
зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлж болоод байдаг, буцаагаад нэгтгэж
болдоггүй. Хэсэгчлэн шилжүүлснээс сөрөг үр дагавар маш их гардаг.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл авангуутаа нөгөөдхөө хэсэгчлээд
шилжүүлчихдэг. Хэсэгчилэн шилжүүлж байгаад нь шинээр ашиглалтын тусгай
зөвшөөрөл үүсэж байгаа. Тэр үүсэж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл
дээр нь нөөц байдаггүй, эсхүл нөөц хуваагддаг, хуваагдсан нөөцийнх нь
хэмжээгээр техник, эдийн засгийн үндэслэлийг нь дахиад шинээр хэлэлцэх,
уулын ажлын төлөвлөгөөг нь дахиад хуваах гээд маш олон хүндрэлтэй
асуудлууд гардаг. Тийм учраас шинэ хуулийн төсөлд ашиглалтын тусгай
зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлэхгүй байх нь зүйтэй юм байна гэсэн
концепцийг барьж байна.

Ажлын хэсгийн гишүүн Д.Мөнхтуяа

Одоо
манай хуулиар тусгай зөвшөөрлийг дангаар нь шилжүүлэхийг хориглочихоод
эд хөрөнгөө дагалдаж шилжинэ гэсэн учраас нэг эксковатор зарчихаад
түүнийхээ үнээс тооцоод яваад байдаг нэг асуудал байна. Энэ хуульд
тусгай зөвшөөрөл дангаараа шилжих боломжтой гэж оруулсан. Гэхдээ зөвхөн
эрх борлуулах гэрээ хэлцлээр шилжинэ. Эрх шилжүүлж байгаа бол худалдаж
байгаа гэсэн гэрээгээ гаргаж ир, хэдээр зарж байна, түүнээсээ эрх
борлуулах гэрээ хэлцлийн үнийн дүнгээс татвар авдаг хувь хэмжээгээр
татвараа төлөхөөр зохицуулалтыг оруулж өгсөн.

Төрийн бус байгууллагыг төлөөлөн н.Баярсайхан

Нутгийн
удирдлагуудын байгууллагад нилээд эрх мэдлийг олгосон байна. Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын бүх гишүүдийн хуралдаан жилд хоёр удаа хуралдах
төсөвтэй байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид чөлөөт
цагаараа төлөөлдөг, төлөөлөгч нь 7 юм уу 9 хүн байгаа. Тэрний 4 юм уу 5
нь бүрдэхэд шийдвэр гарна. Тэгэхээр иргэдээсээ яаж саналаа авах вэ,
багийн иргэдийн нийтийн хурлын хүчин чадлыг нэмэгдүүлж, аль болох
иргэдийн саналыг авах процедурыг нь зааж өгнө үү. Нутгийн өөрөө удирдах
байгууллагын эрх мэдлийг томоохон тавьж өгсөн нь сайн хэрэг. Гэхдээ чиг
үүргийг нь илүү тодорхой болгож өгөх хэрэгтэй.

“Тариа” компанийн захирал н.Баяраа: 

Уул
уурхайн бизнес бол асар их эрсдэлтэй бизнес. Гэтэл өнөөдрийн энэ
хуулийн шинэчилсэн найруулгын хууль бүр их эрсдэлтэй болгож байна. Манай
компани 1996 оноос хойш ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөж
ажиллаж байна. Энэ хуулийг ерөнхийдөө дэмжиж байна. Гэхдээ энэ хууль
өөрөө хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулж байгаа, үйл ажиллагаандаа
хүрч байгаа компаниудад эрсдэлтэй хууль болоод байна.

Уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Н.Алгаа,

Хугацааны
тухайд 4, 5, 20 хүртэлх жилээр гэж байна. Энэ нь өөрөө маш тодорхой
биш. Хуульд 4 жил, 5 жил гэж шууд заах өгөх ёстой. Тэгэхгүй бол хугацаа
тогтоодог эрх мэдэлтний дур зоргийн асуудал болно. Өөрөөр хэлбэл хээл,
хахууль, авилгал болно. Хугацааг шууд заах ёстой. Мөн тусгай зөвшөөрлийг
цуцлах үндэслэл байна. Үүнийг хуучин 2006 оны таван үндэслэлээр үлдээе,
тэр нь гурван объектив, хоёр нь субъектив үндэслэл. Харин энэ хуулийн
төсөлд хорь гаруй үндэслэлээр цуцлахаар байна. Эдгээр нь бүгд субъектив,
төрийн захиргааны олон байгууллагууд оролцсон, Үүнээс их хэмжээний хүнд
суртал, захиргааны хэргийн маргаан гарах нь тодорхой. Төрийн албан
хаагчийн өөрийн үзэмжээр шийдвэрлэж болохуйц 90 заалт байна. Энэ нь
хээл, хахууль, хүнд суртлыг нэмэгдүүлнэ. Эдгээрийг тодорхой болгож,
салаа утгагүй болгох хэрэгтэй

Монгол дээд сургуулийн захирал, доктор, профессор Н.Дашзэвэг,

Улсын
Их Хуралд өргөн барихаас өмнө хуулийн үзэл баримтлалаа ард түмэндээ
танилцуулан, өргөн хүрээнд дахин хэлэлцэхгүй бол 2006 онд хууль гаргаад
хэдхэн жилийн дараа дахиад ашигт малтмалын хууль өөрчилдөг байдал
гадаадын хөрөнгө оруулагч нарт маш зохимжгүй, монголын хөрөнгө оруулагч
нарт тодорхойгүй байдал бий болно..

Уул уурхайн инженер, эдийн засагч, доктор  С.Авирмэд,

Мэргэжлийн
зөвлөл гэдэг нь геологийн нөөц баялгийг яаж ашигтай ажиллах вэ,
баялгийг үнэлэх, өмчийг үнэлдэг мэргэжлийн хүмүүсийг хэлдэг. Өнөөдөр
үүнд 45 хүн байна. Гэтэл үүнийг геологийн, нөөцийн, уул уурхайн хэмээн
дотор нь гурав хуваасан байна. Ийм асуудал байж болохгүй. Ингэснээр
бидний баялгийг хэдэн эрх мэдэлтнүүд, улс төрчид хуваах байдлыг бий
болгож байна. Мэргэжлийн зөвлөлд хэн орох ёстой гэхээр доод тал нь 10
жил үйлдвэрт ажилласан, 2-3 тайлан бичиж хамгаалсан, эрдэм судалгааны
ажил хийсэн хүмүүс уг мэргэжлийн зөвлөлийг бүрдүүлэх ёстой. Гэтэл ашиг
сонирхлын тухай хуулийг зөрчөөд компанийн захирлууд, мэргэжлийн бус
хүмүүс ба улс төрчид орчихсон байна. Эдгээр хүмүүс нь ямар зорилгоор
Монгол Улсын үнэтэй баялгийг үнэлж, эргэлтэд оруулах вэ?

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

Ашигт
малтмалын нөөц баялаг бол ард түмний мэдэлд, төрийн өмчид байна гэж
Үндсэн хуульд бий. Энэ үзэл санаа хуульд нэвт шингэсэн байх ёстой. Энэ
хуульд энэ санаа байгаа хэдий ч яг лиценз олгох мөчөөс эхлээд жаахан
бүдгэрч байна. Өөрөөр хэлбэл нэг зүйлийг бид ойлгох ёстой. Оюу толгойн
ашиглалтын лицензийг хайгуулын ажил дуусаагүй байхад, нөөц нь
батлагдаагүй байхад өгсөн. Энэ алдаанаасаа бид сургамж авах ёстой.
Ашиглалтын лиценз өгөх үед тэр мэргэжлийн зөвлөлүүд нь маш нарийн дүн
шинжилгээ гаргасан байх ёстой.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж