Картнаасаа хэдэн төгрөг авах санаатай ажлын ойролцоох бэлэн мөнгөний машин/АТМ/-ыг зорилоо. АТМ-ын машинд картаа хийтэл “Уучлаарай, системд холбогдохгүй байна”, дэргэдэх машин нь “Үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа тул гүйлгээ хийх боломжгүй байна” гэх хариу өгөх нь тэр. Тус банкны хамгийн ойр бэлэн мөнгөний машин гурван буудал хиртэй зайд байдаг тул ойролцоох өөр нэгэн банкны АТМ-ээр үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрэв. Дансны үлдэгдлээ харахад 100 төгрөг, данснаасаа мөнгө авахад 500 төгрөг суутгуулж орхилоо. Ингээд л таван мянган төгрөг авахын тулд 600 төгрөг суутгуулж байгаа нь хэтийдсэн татвар мэт. Энэ мэтээр сард хэдэн төгрөгийг АТМ-д хандивлаж байгаагаа тооцоод үзэхэд илүүдэхгүй болов уу. Яарч сандарсан, суутгалтай байдгыг нь мэдэхгүй цөөнгүй хүн ийнхүү автомат мөнгөний машинд шимтгэл нэрээр “хумслуулж” байгаа нь мэдээж.
Энэ бүхэн нийслэлд банкнуудын АТМ-ын тоо хүрэлцээгүйгээс болж байна гэвэл бас үгүй гэнэ. Учир нь томоохон банкуудад ойролцоогоор 200-250 орчим ширхэг бэлэн мөнгөний машиныг нийслэл даяар суурилуулсан байдаг аж. Энэ тоо бол чамлахаар тоо биш. Хамгийн гол нь арилжааны банкуудад бэлэн мөнгөний машины сүлжээний доголдол, эвдрэл гэмтэл, мөнгө дуусах зэргээс сэргийлж ажиллаж гэмээнэ иргэд ойролцоох өөр банкны бэлэн мөнгөний машинд хандив өргөхгүй байх боломжтой юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ч иргэдээс арилжааны банкуудаар дамжуулан мөнгөн гуйвуулга хийх, АТМ-ын шимтгэл, зээл авахад анх төлдөг 10 хувийн шимтгэл зэрэгтэй холбоотой цөөнгүй өргөдөл, гомдол ирүүлсэн гэсэн. Тиймээс ШӨХТГ-ын байцаагчид тун удахгүй энэ асуудалд анхаарлаа хандуулах нь дамжиггүй юм.
Д.ЖАРГАЛ