![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2011/8/51db48d3e3309d4d/e9f5cb20f7d6b93ebig.jpg)
Хоёрдугаар сар гарав уу, үгүй юу Хайрын баяр, Валентины өдөрт зориулсан тоглолтууд ар араасаа хөвөрч байна. Хосууд хамтдаа үзэх бас нэгэн гоё тоглолтыг санал болгоё. Энэ бол “Дижитал” хамтлагийн “Зүрх рүү” нэртэй тоглолт. Гэгээн хайрын өдөр, хоёрдугаар сарын 14-нд толилуулах энэхүү бие даасан тоглолт “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд болох юм. “Дижитал”-ын үнэнч сонсогчдын тэвчээртэй хүлээж буй энэ тоглолтод тус хамтлагийнхан 14 жилийн турш туурвисан бүтээлээсээ шигшин сонирхуулах гэнэ. Тэдний тоглолтод та бүхний сонсох дуртай “Ice top” хамтлаг уригдсан байна.
Сонирхуулахад, “Дижитал” хамтлагийнхан энэ тоглолтынхоо дараа буюу хоёрдугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт, 16-нд Орхон аймагт, 17-нд Хөтөлд, 18-нд Сэлэнгэ аймагт, 19-нд Шарын гол суманд, 20-нд Зүүнхараа хотуудад тус тус тоглох юм байна. Үүний дараа тэд хилийн дээс алхаж, европын 12 улсад аялан тоглолтоо хийх ажээ. Аялан тоглолт хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм байна.
Б.ЭНХ