![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/2/9b5274844e746cd3/ee2f266e06978892big.jpg)
Засгийн газрын хуралдааны дараа ТТАХНЭ дээр ажилласан Ерөнхий сайд эмнэлгийн удирдлагуудад зарим нэг сануулгыг өгсөн байна. Тухайлбал, тус эмнэлгийн өргөтгөлд зориулж авчирсан өндөр үнэтэй “Эмрай” аппаратыг баригдаж дуусаагүй барилгад суурилуулсанаас уг аппаратын хөргүүрийг ажиллуулахын тулд зөвхөн цахилгааны төлбөрт нь сар тутамд 3,5 сая төгрөг төлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэх Засгийн газрын шийдвэр гарснаас хойш гурван сарын дотор арав гаруй сая төгрөг хий дэмий урссан байна. Тиймээс энэ үрэлгэн, хариуцлагагүй байдлаа засахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг эмнэлгийн удирдлагуудад сануулжээ.
Харин үүний дараа Ерөнхий сайд Цэргийн төв госпиталь дээр ажилласан юм. Цэргийн госпиталь, ТТАХНЭ хоёрыг нэтгэсэнтэй холбоотойгоор тус эмнэлгийн өртгөтгөлийн хоёр барилгыг энэ оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаагаа эмнэлгийн удирдлага болон гүйцэтгэгч компаниуд Ерөнхий сайдад танилцуулжээ. Үүний тулд ирэх 2014 оны төсөвт суулгахаар төлөвлөсөн үлдэгдэл дөрвөн тэрбум төгрөгийг энэ оны төсөвт нэмэгдүүлэн суулгаж өгөхийг эмнэлгийн удирдлагууд Ерөнхий сайддаас хүссэн байна. Одоогийн байдлаар тус эмнэлгийн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхэд зориулж 2013 оны төсөвт 4,7 тэрбум төгрөг суулгаад байгаа юм байна.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ үеэр эмнэлгийн удирдлагуудас “Хууль зүйн яамны харьяанд байсан ТТАХНЭ-ийн хувьд өнгөрсөн хугацаанд тусгай чиг үүргийн эмнэлэг гэхээсээ иргэний зориулалтын эмнэлгийн түвшинд үйл ажиллагаа явуулж ирсэн байсан. Танай эмнэлэг энэ их хөрөнгө оруулалт татаж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж байгаагийн хувьд тусгай чиг үүргийн, цэргийн эмнэлгийн түвшинд ажиллах хүчин чадал, потенциаль бий болох уу?” гэдгийг тодруулж асуусан юм.
Эмнэлгийн удирдлагууд энэ талаар “Манай эмнэлгийн хүчин чадал одоогийн байдлаар нэг ээлжинд 350 хүн хүлээж авах хүчин чадалтайгаар өртгөлийг хийж байгаа. Хэдийгээр орны тоо хязгаартай ч шаардлагатай үед хүчин чадлыг нь 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой. Бид эмнэлгийн өргөтгөлтэй холбоотойгоор Япон улсын цэргийн эмнэлэгт очиж туршлага судлаад ирсэн. Тэнд шаардлагатай үед эмнэлгийн ханыг хураан орныхоо тоог нэмэгдүүлдэг юм байна лээ. Энэ жишгээр бид эмнэлгээ зохион байгуулбал хүчин чадлаа 2-3 дахин нэмэгдүүлж чадна, Японы тал ч бас үүнд туслахаар эмнэлгийн барилгын зураг төсөл дээр хамтарч ажиллаж байгаа” гэдэг хариултыг өгсөн юм.