Өмнөговь төвийн эрчим хүчинд холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Өмнөговь төвийн эрчим хүчинд холбогдлоо

УИХ-ын  гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр Өмнөговь аймаг Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож говийн бүсийн хэрэглэгчид найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж  цаашид эрчим хүчний хомсдол, хязгаарлалт гарахгүй болж байна.

Эрчим хүчний хангамж байнга доголдож ирсэн Өмнөговьд энэхүү шугам ашиглалтад орсноор Тавантолгой,  Даланзадгад цаашлаад Оюутолгойг төвийн эрчим хүчний системд холбох чухал нөлөөтэй. Эрчим хүчний яамнаас төлөвлөснөөр Тавантолгойн дэд станц энэ онд ашиглалтад орсноор төвийн бүсэд хүртэл шаардлагатай тохиолдолд эрчим хүч дамжуулах боломж бий болж байна. Өмнөговь аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү ажлыг “М Си Эс Интернэшнл” компани гүйцэтгэсэн бөгөөд монголчууд анх удаа 220 кВт-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг төслийг боловсруулж барилга угсралтын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэсэн ажил болсон юм.

Тус аймагт ажиллах үеэрээ сайд М.Сономпил орон нутгийн удирдлагуудтай уулзаж тус аймгийн цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудлыг анхаарч ажиллан эхний арга хэмжээг авч байгаагаа дуулгасан юм. Аймгийн Засаг дарга Д.Бадраа, Эрчим хүчний сайдад иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлээд аймгийн байдлыг товч танилцуулав. Тус аймгийн хэмжээгээр өвөлжилт сайн болж нийт 1,4 сая малтайгаар онд орж байгаагаас гадна хамгийн их бүтээн байгуулалт өрнөсөн аймаг болж байгаагаараа онцлогтой гэж ярилаа. УИХ-ын гишүүн Ө.Оюунбаатар Шинэчлэлийн Засгийн газар,Эрчим хүчний яам, орон нутгийн удирдлага хамтын ажиллагааны үр дүнд Өмнийн говь найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж байгаад баяртай байна гэлээ. Мөн Даланзадгадын дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай Эрчим хүчний сайд танилцлаа. Одоогоос 12 жилийн өмнө 6 мВт-ын суурилагдсан хүчин чадалтайгаар ашиглалтад орсон станцын тоног төхөөрөмж Солонгос, Япон, Энэтхэгийн гэх мэтчилэн угсрагдсан байдаг бөгөөд зуухнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан тохиолдол үгүй гэнэ. 2009 онд өргөтгөл хийснээр 3 мВт нэмэгдүүлсэн ч өнөөдрийн байдлаар нийт 5 мВт-ын хүчин чадлаар 6 сумыг хангаж байна.

Монгол Улсын бусад аймгууд 3-4 мВт-ын эрчим хүч хэрэглэдэг бол Өмнөговьд 7-8 мВт-ын хэрэглээ байгаа нь цаашид ч өсөх хандлагатай байгаа. Нийт 5 төрлийн эх үүсвэрээс эрчим хүчээ авч байгаа нь үнэ тариф харилцан адилгүй байхад нөлөөлж байгааг цэгцлэхийн тулд “Говийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ыг байгуулахаар Засгийн газраас тогтоол гаргасан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж, монгол орны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэн бүр ижил үнээр эрчим хүч худалдан авч байх боломжийг бүрдүүлэх нь томилолтын нэгэн зорилго болохыг салбарын сайд хэлж байлаа. Үүний дагуу Даланзадгад дахь Говийн бүсийн цахилгаан түгээх сүлжээг шинээр байгуулахтай холбогдуулан орон нутгийн удирдлагуудтай уулзахдаа, конторын барилга, ажилтан албан хаагчдын асуудлаар санал солилцов гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж