-Та яагаад нео-либерал бодлого боловсролын салбарт байна гэж үзэж байгаа юм бэ?
-Нео-либерализм гэдэг төрийн оролцоог багасгах, зах зээл хувийн хэвшилд түшиглэж өөрөө өөрийгөө жолоодох гэсэн санаа юм. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд хөгжиж байгаа орнуудад зээл тусламж үзүүлэхдээ өөрсдийнхөө эдийн засгийн бодлогоо тулгаж, хөгжлийг нео-либерал нүдээр харах үзэл суртлыг тарааж байна. 1995 онд Монголд багш нарын 200 гаруй хоног үргэлжилсэн ажилт хаялт болсон. Үйлдвэрүүд дампуурахаар төсөв бүрдэхгүй болж, төсвөөс цалинждаг багш нарын цалин буухгүй олон сар явсан юм. Монгол үнэхээр хүнд байдалд орсон болохоор олон улсын байгууллагуудаас тусламж гуйхад нео-либерал эдийн засгийн бодлогыг багцлаад Монголын засгийн газарт тулгаж, шахсан.Тэр үед үнэхээр зах зээл гэж юу байдгийг мэдэхгүй гэнэн цагаан хүмүүс ийм байх ёстой юм байх гээд л бүгдийг хүлээж авч байсан.
Азийн хөгжлийн банк манай боловсролын салбарыг өөд нь татна гэж орж ирсэн. Сүүлийн хорин жил манай боловсролын салбарын гол санхүүжүүлэгч, зөвлөгч байж ирсэн. Танай төр том байна, төрийн зардлыг багасга. Хаана яаж хасч танаж болох вэ гэдгийг бид нар судлагаа шинжилгээ хийгээд олоод өгнө. Ийм том боловсролын бүтцийг та нар авч явж чадахгүй гэж хэлж байлаа. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нэг сонинд өгсөн ярилцлагадаа “90-ээд оны эхээр Азийн хөгжлийн банкнаас зээл авах үед багш, эмч нараа цөөлөх бодлогын матрикс тулгасан. Тэгээд бид багш, эмч нараа цөөлсөн. Гэтэл эдийн засаг өндийсөн нь хаана байгаа юм бэ?” 3000 багшийг дахиад гурван жил төрийн албанд ажиллахгүй гэсэн болзолтойгоор гурван жилийн цалинг нь өгөөд цомхотгосон. Тэр үед салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг, сэргэлэн багш нар нь цомхотголд ороод явсан. Сайн багш нар явчихаар хүний хүчин зүйлсээс шалтгаалдаг боловсролын салбар буюу үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар муудаж, улам хүртээмжгүй болсон. Боловсролын салбарын уналт тэндээс л эхэлсэн. Төрийн үйлчилгээг хумьсан, багасгасан энэ бодлогыг эдийн засгийн хувьд үр ашигтай байх гэдэг ганц нарийн нүхээр харж байлаа. Боловсролын салбарын доройтол ганц хоёр жилийн дараа харагддаггүй. Арван жилийн дараанаас мэдрэгдэж бид одоо үр дүнг нь харж байна. Залуучууд боловсролгүй байна, бичиг үсгээ ч сайн мэдэхгүй байна гэж ярьж байгаа нь энэ бодлогын үр дагавар байх магадлалтай. “Хуучин зээл тусламжийг дагаж янз бүрийн бодлого орж ирдэг байсан. Тусламж зээл гэдэг чинь тийм сайхан зүйл биш, барьцаанд орж байгаа хэрэг. Тийм цомотгол хийнэ, тийм яамаа цомотгоно гэж арчаагүй байдалд орж байж 20 сая доллар олж ирдэг байсан” гэж Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн байсан.
Тэгэхээр нео-либерализм гэдэг бидний хөгжилдээ баримтлах үзэл санаа, хөгжлөө тодорхойлох суурь мөн үү, биш үү гэдгийг эргэж харах ёстой.
-Нео-либерилизмыг Монгол хэлэнд юу гэж орчуулах нь хамгийн оновчтой юм бэ?
-Манайд улс төрийн шинжлэх ухааны нэр томьёог орчуулах ажил маш их хоцорсоноос болоод нео-либерализмыг ардчилал гэж орчуулж байна. Ардчилал гэдэг чөлөөт зах зээл гэж ойлгуулаад байна. “Нео-либерал бодлогот зах зээлийг аль болох тэлж, аж үйлдвэржилт хотжилтыг өргөжүүлж, хөдөө аж ахуйг механикжуулж, нас бие гүйцсэн капитализмыг хөгжүүлэхийг хөгжил гэнэ” гэж үздэг. Сайншандын аж үйлдвэрийн парк гээд л олон том бүтээн байгуулалт, үйлдвэржилтийг бид хүлээж байна. Үүнийг бид үнэхээр хөгжил гэж итгээд маш том хүлээлт бий болжээ. Гэвч тийм юм болохгүй бол тэр итгэх итгэл улам унтарч алга болно.
Бодлогын дараагийн нэг тэргүүлэх чиглэл бол нээлттэй өрсөлдөөн гэж үзэх болсон. Өрсөлдүүлэхээр л чанар нь сайжирдаг. Төрийн үйлчилгээг хувийн бизнестэй өрсөлдүүлэх гэсэн юм шиг хувийн сургуулиуд байгуулсан. Бас нэг үл биелэх хүлээлт үүсгэсэн. Хувийн, улсын сургуулиуд өрсөлдөөд чанар нь сайжирдаг бол манайх шиг их хувийн сургуультай оронд юу болж болох вэ? Финлянд, Сингапур зэрэг боловсролын чанараараа тэргүүлж байгаа оронд хувийн сургууль гэж бараг байхгүй. Өрсөлдөхөөр сайжирдаг гэдэг үзлийг үүгээр нэг няцааж болж байна.
Манайх хувийн салбарыг бас дэмждэг, тиймдээ хувийн сургуулиудад нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлыг нь төр өгдөгийг хүмүүс мэддэггүй. Үүний цаань нь хувийн хэвшлийг дэмжих нео-либерал бодлого л явж байна.
Нео-либерал бодлогот боловсролыг юу гэж үздэг гэхээр эдийн засгийн ажиллах хүчийг бэлтгэнэ. Хамгийн бүтээлч шинээр сэтгэдэг хүмүүсийг эдийн засагт бэлтгэж өгөхөөр тэд нь инноваци хийгээд ашиг орлого ихсэнэ. Хүнийг, бас боловсролыг хэрэгсэл гэж үздэг. Хүнийг ардчилсан нийгэм бүрэлдүүлэгч, гол оюун ухаан тархи, хамгийн том баялаг гэдэг гол гол үүргээс нь салгаад зөвхөн ашиг орлогын нүдээр хардаг. Яагаад гэвэл аж үйлдвэржилтийг хөгжил гэж хардаг учраас.
Төр зах зээлд ээлтэй бодлого явуулах ёстой учраас төвлөрлийг сааруул гэж хэлдэг. 90-ээд оны эхээр төрийн өмчийн их сургуулиудыг хувьчилсан. Зарим сургуулийг менежментийн хувьд хувьчилсан. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль хувьчлагдаад бүтэлгүйтсэн болохоор эргээд МУИС-ын харьяа сургууль болсон. Хувьчлал дандаа 100 хувь зөв гэдгийг жишээ нь манай орон батлаагүй. Санхүү эдийн засгийн сургуулийг менежментийн хувьд хувьчласан. Гэхдээ энэ сургуулийг улсынх хувийнх гэж хэлж болдоггүй эрлийз маягийн болоод байна.
Дэлхийн олон оронд төрийн үйлчилгээнд багтдаг нийтийн тээвэр усан хангамж, цахилгаан станц гээд олон салбараа хувьчилж үзсэн ч дандаа сайн байдаггүй гэдгийг баталсан. Заримыг нь буцаад төр авч байна. Манайд ч гэсэн төсвийн төвлөрлийг сааруулах нэрээр цэцэрлэг сургуулийн төсвийг захиралд нь өгч үзэж байсан. Нэг цэцэрлэгийн захирал багш нарынхаа цалингаар жийп машин авч унасан хэрэг гарч, багш нар нь таван сар цалингаа аваагүй хотод ирж жагсаал хийж байлаа.
Тиймээс одоохондоо боловсролын төсвийн төвлөрлийг сааруулах болоогүй байна гэдэг дээр би хатуу зогсдог. Манайхаас өөр нөхцөлтэй, хүн ам нь шигүү суурьшсан, жижиг газар нутагтай орныг туршлагыг шууд хуулаад байна. Эдийн засгийн өсөлтийг л хөгжил гэж ойлгосноос болж бидний эрхийг зөрчиж байна. Боловсрол олж авах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг үндсэн эрхүүдийг маань зөрчиж байна.
Хүн амзүйн онцлог, газар нутаг, байгалийн нөөц, цаг уур хөгжлийн онцлого гээд олон хүчин зүйлийг харгалзсан, манайд үнэхээр тохиромжтой загвар олоход хэцүү гэж би боддог. Улсынхаа онцлогийг харгалзахгүйгээр нео-либерал бодлого баримталж байгааг л би буруу гэж үзээд байгаа юм. Үүнээс болж ядуурал, тэгш бус байдал, баян хоосны ялгаа маш их гарч байна.
Төр зохицуулах ажлаа зохицуулах л ёстой. Сурч боловсрох гэдэг хүний эрх. Тэр эрхийг төр хангах ёстой, энэ бол төр гүйцэтгэх үүрэг, хийх ёстой юм аа хийж байгаа шүү дээ.
Цалин хүрэлцдэггүй ийм нийгэмд төр үнийг зохицуулах ёстой. Иргэний нийгмийнхэн бол төрийг зохицуулалт хий гэж хэлдэг. Бид зах зээл, банк санхүү, моргейж, хөрөнгийн зах зээлийн тухай маш бага мэдлэгтэй. Ийм хүмүүст нео-либерал үзлээр зах зээл өөрөө бүхнийг зохицуулна гээд хаях нь дэндүү харгис.
-Төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ, төр данхайсан байна гэж ярьдагийг та юу гэж үздэг вэ?
-Төрийн албанд 140-150 мянган хүн ажилдаг. Зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг л үзүүлж байгаа хүмүүс. Төр үйлчилгээгээ чанаржуулья гэвэл албан хаагчдын тоог нэмэх л хэрэгтэй. Хүн ам нь нэг газраа төвлөрч, шигүү суурьшсан тиймэрхүү газар төрийн аппарат цомхон байж болдог байх. Гэтэл манайх шиг хүн ам нь алс хол тархан сууршсан улсад яалт ч гүй нэг суманд нэг сургууль, цэцэрлэг, эмнэлэг байдаг. Тэнд нь хүн ажиллах нь тодорхой бас нэг татварын байцаагч, нийгмийн даатгалын ажилтан байх ёстой. Ардчилал зуу, хоёр зуун жил тогтоод соёл болчихсон улсад төрийн алба цомхон байж болдог байх. Тэрэнтэй манайхыг харьцуулаад төрийн алба данхгар байна гэх хэрэггүй. Төрийн үйлчилгээний соёл төлөвших хүртэл энэ хүмүүс ажлаа хийгээд л явж байна.
-Инфляцийг бууруулахын тулд төр төсвийн зарцуулалтаа багасгах ёстой гэж олон улсын банк санхүүгийн байгуулагууд хэлдэг?
-Ихэнхи нь тэгж хэлдэг. Дахиад л бид улсынхаа онцлогийг ярих ёстой. Саяхан Ганхуяг судлаач Монголд юм хямд байх хэцүү, далайн тээвэр гэдэг хамгийн хямд зүйлийг хэрэглэх аргагүй. Мөн манайх дэлхийн хамгийн хүйтэн орон. Найман сар халаалт авдаг байранд ямар ч бизнес хийсэн үнэтэй, төрийн үйлчилгээ ч байсан үнэтэй. Дэлхийн банк манай боловсролын салбар яагаад ийм үнэтэй байгааг судалсан. Тэгэхэд маш их төсвийг халаалтад өгч байна гэж гарсан. Төсвөөс сургууль цэцэрлэгт өгч байгаа зардлын ихэнхийг халаалтад зарцуулдаг. Цэцэрлэг барихад хүртэл ханыг нь маш зузаан барих хэрэгтэй. Тэгэхээр манай өөр нөхцлийг өөр дулаан орны жишээтэй харьцуулж үзэх буруу. Төсвийн зардалыг танья гэж УИХ-ын гишүүд харахгүй биш хардаг. Л.Гантөмөр сайд “дарга нар том машин унаад төсвийн зардалыг өсгөж байна” гэж ярьж байсан. Үүнээс өөр танах зардал үнэхээр байдаг бол танаж болох л байсан байх.
Гэхдээ сургууль цэцэрлэгийн багш нарт очиж байгааг төсвийн зардлыг харах юм бол хангалтгүйн дээдээр хангалтгүй. Нэг сургуулийн жилийн урсгал зардал 300 мянган төгрөг байдаг учраас багш нар өөрсдөө засвараа хийдэг. Ийм байхад төсвөө багасгана гэдгийг би ерөөсөө ойлгодоггүй. Нэг цэцэрлэгийн жилийн холбоо харилцааны зардал гэхэд 24 мянган төгрөг. Нэг сарын интернетийн л төлбөр. Яг төрийн үйлчилгээ хүргэж байгаа байгууллага дээр очоод үзэхээр төсөв дутагдалтай. Боловсролын сайд хамгийн том төсвийг авдаг. Тэгээд ч хүрэлцэхгүй байхад бусад сайд нарын төсөв хүрээд, илүү гардаг гэдэгт би итгэдэггүй.
Гэхдээ яагаад ийм байгааг судлуулах гэж байна. Хэдэн төгрөг төсөвлөдөг, тэр хүрдэгүү, үр ашигтай зарцуулж байна уу, хүүхдэд очиж байна уу гэдгийг манай эвсэл олж тодорхойлохоор судалгаа хийлгэх гэж байна. Нийгмийн баялгийн хуваарилах нэг хэрэгсэл нь төсөв. Монголд баян ядуугийн ялгаа ийм их байхад төсвийг бүр ч нарийн хуваарилах ёстой гэж боддог.
-Одоогийн засгийн боловсролын бодлогыг өмнөхөөсөө хэр өөр гэж үзэж байна вэ?
-Боловсролын салбарт хэлэх тодорхой жишээ бий. Ард түмэн юу хүсдэгт тулгуурлаж, эцэг эх хүүхэд, багш нар юу хүсч байгааг сонсож бодлого боловсруулах гэж байна. Ийм зүйл урьд нь хэзээ ч байгаагүй. Авсан саналаар нь боловсруулсан бодлого хэрэгжих магадлалыг ч нэмэгдүүлнэ гэж би үзэж байна. Яаж ч бодсон бусдын тулгасан бодлогыг яаж ч чадахгүй авдаг байснаас дээр гэж надад харагдаж байна. Гэхдээ бас магадгүй боловсролын салбарт либералчлах бодлогыг төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг нэрээр оруулж байгаа юм биш биз гэж сэрдэж байна. Яагаад гэвэл улсын хэмжээнд сургууль цэцэрлэг барих шаардлагатай. Л.Гантөмөр сайд саяхан боловсролын салбарт төр хувийн хэвшилийн түншлэлийг оруулна гэж хэлсэн. 90 оноос хойш боловсролын салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй, хүн ам өсч байхад өргөтгөл бариад сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй байна. Тэр мөнгө улсын төсөвт байхгүй гэж тооцоолоод тэр зайг хувийн хэвшилээр нөхүүлнэ гэж ярьсан. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын санал болгодог нео-либерал бодлогын хувилбар байгаа юм. Бусад салбарт туршиж үзээгүй байж боловсролын салбарт турших гэж байгаад эмзэглэж, айж байна. Төмөр зам барих, үйлдвэр байгуулах зэрэг том төслүүдэд ашиглаж үзээгүй байгаа хэрнээ боловсролд туршиж үзэх гэж байгаад би эмзэглэж байна.
Сургууль цэцэрлэгийг хувийн хэвшилд итгээд даатгаж болох уу? Хоёрдугаарт сурах бичгийг төлбөртэй болгоно гэж ярьж байна. 12 жилийн боловсролыг үнэ төлбөргүй олгох ёстой юм бол сурагчид дүрэмт хувцас, сурах бичгээ худалдаж авах ёсгүй. Ямар нэг бага хэмжээний төлбөр гарахад л ядуу өрхийн хүүхдэд маш хүнд тусдаг. Төр үйлчилгээ үзүүлж байгаа ч гэсэн төр тодорхой хэмжээний төлбөр авна гэдэг нео-либерал бодлого явж байна. Одоо ядуу өрхийн хүүхдүүдэд сурах бичгээ үнэгүй авдаг. Харамсалтай нь багш нарын хандлага зөв төлөвшөөгүй байгаа ийм үед “ядуу хүүхдүүд нь гарч ирээд номоо ав” гэж хүүхдийг гутаан доромжилсон үйлдэл гаргаж байна. Ингэхээр сургуульдаа явахгүй хүүхдүүд гарна. Эцэг эхийн нуруун дээр ачаа болсон, боловсролд ямар нэг байдлаар үнэ төлбөр оруулж ирэх гэсэн оролдлогууд олон байна. Боловсрол үнэ төлбөргүй л юм бол төлбөргүй л байх хэрэгтэй. Эцэг эхчүүд яагаад хүүхдийнхээ төлөө хэдэн төгрөг өгч болдоггүй юм гэдэг хандлага бий. Ажилтай хүмүүст асуудал алга. Гэтэл ажилгүй, цалин нь хүрдэггүй олон хүн байгаа. Гэтэл мөнгөтэйгээс авчихаад, мөнгөгүйг нь дуудаж гаргаж ирээд номыг өгчихнө гээд маш амархан зүйл мэт харж байна. Гэвч тэр дунд ялгаварлан гадуурхалт бий болно. Гэхдээ тэр бодлогоо хэлэлцүүлэх байх гэж найдаж байгаа л даа.
Энэ удаагийн боловсролын яам хүүхэд нэг бүрийн онцлогт таарсан, хүүхэд нэг бүрийн ялгаатай байдлыг олж харсан, хүүхэд бүрийг чинээнд нь тултал хөгжүүлэхийг хичээнэ гэж ярьж байна. Бодлогыг хүүхдээсээ эхлээд тодорхойлно гэж ярьж байгаа нь надад үнэхээр дэвшилттэй санагдаж байна. Шинэчлэл дандаа дээрээсээ яам сургуулиас эхэлж, цөөн хэдэн багш сургаад шинэчлэл гэж ярьдаг байлаа. Одоо бол хичээл зааж байгаа багшийн арга барилтай ажиллаж эхэлж байна. Гаднын загвар биш, Монголын шилдэг багш нарын ажилдаа хэрэгжүүлсэн туршлагаас хэрэгжүүлэх гэж байна. Надад таалагдаж байна. Бага боловсролын хувьд ингээд болж байх шиг байна. Гэхдээ дунд боловсролын хувьд кембрижийн хөтөлбөр яах нь тодорхойгүй байна.
Дээр нь багшыг хөгжүүлэх. Багш бэлтгэх тогтолцоогоо сайжруулах, оноо нь хүрээгүй хүүхэд багшийн сургуульд ордог биш өрсөлдөж ордог. Багшийн сургууль нь хэрэгтэй мэдлэг чадвар, үнэт зүйл итгэл үнэмшилийг өгдөг, ажилд очиход нь өрсөлдөхүйц хэмжээний цалинтай, ажиллах нөхцөлийг нь таатай болгож, багшийн нэр хүндийг нь өсгөж байж үр дүн гарна. Арван жилийн дараа л үр дүн нь гарах байх, дөрвөн жилдээ амжихгүй л байх.
Тийм болохоор улс төрийн намуудын тохиролцоо чухал. Ямар ч нам гарсан энэ бодлогоо үргэлжлүүлье гэдэг тохиролцоо хэрэгтэй байна. Дөрөв, дөрвөн жилээр өөрчлөгддөг байвал хэзээ ч манай боловсролын салбар хөгжихгүй, дөрвөн жилийн дотор үр дүн харагдах ч гүй.
Их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхийг оюутнууд эсэргүүцдэг ч гэсэн зарим нь дээд боловсрол үнэтэй байх ёстой гэж зарим нь үздэг?
Их сургуулийн багшийн цалин оюутны сургалтын төлбөрөөс гардаг учраас сургуулиуд төлбөрөө нэмэхээс өөр аргагүй. Манайд дээд боловсрол маш хямд, гэхдээ үнэтэй болгох сонголтыг бид 90-ээд онд тулгасан бодлогоор хийсэн. Төрийн ачааллыг багасгах, хэрэглэгчдэд ачааллыг нь үүрүүлж төсвийн дарамтыг бууруулах гэдэг юмыг хүлээж аваад сургуулиудаа төрийн өмчийн хэрнээ төлбөртэй болгосон. Хажуугаар нь хувийн сургуулиуд оруулж өрсөлдүүлэх бодлого бас оруулсан.
Тэгэхээр бодлогын сонголт гэдэг ийм л хүчтэй, том үр дагавартай. Гэтэл өнөөдөр дээд боловсрол хэрэглэж байгаа оюутнууд нь сэтгэл ханамжгүй, багш нар ч сэтгэл ханамжгүй байна. Нео-либерал бодлогын үр дүнгийн хамгийн том жишээ бол дээд боловсрол болсон гэж би боддог. Улсаас халаалтын зардалыг даадаг. Сургалтын үйл ажиллагаа, багшын төлбөрийг оюутнуудын төлбөрөөс авдаг. Дээд боловсролыг чанартай болгье гэвэл сайн багш хэрэгтэй, сайн багшыг сайн цалингаар л авна. Багшын цалинг нэмье гэвэл сургалтын төлбөр нэмэхээс аргагүй. Гэтэл тэр нь ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдэд хэцүү.